Categories
мэдээ цаг-үе

Мароккогийн хоньчин охин Францын сайд болсон нь

Францын Засгийн газрын бүрэлдэхүүнд хэд хэдэн “гадаад” хүн байдаг билээ. Тэдний нэг нь өдгөө Боловсролын сайдын албыг хашиж буй Наджат Валло-Белькасем. Энэ бүсгүй 35 настайдаа Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар томилогдож Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн албыг давхар хашиж байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2014 онд Ф.Олландыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Боловсролын сайдаар томилогдож Засгийн газрын хамгийн залуу бөгөөд цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг болсон билээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө марокко гаралтай бүсгүйг Гэр бүлийн асуудал хариуцсан сайд болоход францчууд нэлээд эсэргүүцсэн гэдэг. Учир нь Наджат Валло-Белькасем нь ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрөх ёстой гэсэн зарчмыг тууштай баримталдаг улстөрч. Зарим францчууд энэ томилгоог уламжлалт гэр бүл хэмээх ойлголтыг төрийн зүгээс эсэргүүцсэн алхам хэмээн шүүмжилсэн юм.

Наджат Валло-Белькасем нь Социалист намын гишүүн. Улс төрд нэлээд эртнээс орсон нь түүний мэргэжилтэй холбоотой. Тэрээр дунд сургуулиа дүүргээд хуульч мэргэжлээр суралцаж байгаад Парисын Улс төр судлалын дээд сургуулийг онц сайн дүнтэй дүүргэсэн. Цагаачилж ирсэн хүний хувьд түүнд сурч боловсроход амаргүй байсан гэдэг. Францын боловсролын систем нь маш өндөр шаардлагатай хэдий ч Наджат Валло-Белькасем энэ бүхнийг өөрийн чадвараар давж гарсан юм.

Дээд сургуулиа дүүргэснийхээ дараа хуулийн чиглэлээр орон нутгийн хууль батлах дээд байгууллагад ажиллаж байгаад улс төрд орсон. Тэрээр эхнээсээ иргэдийг ялгаварлан үзэх явдалтай тэмцэж, эмэгтэй, эрэгтэйчүүдийг ижил эрхтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталсаар ирсэн. Энэ нь исламын шашинтай гэр бүлд төрж өссөнтэй ч холбоотой байж болох.

Мароккогийн жижигхэн тосгонд жирийн нэгэн айлд төрж, хонь хариулж явсан тэрээр долоон хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Аав нь амьдралаа залгуулахын эрхэнд Францад очиж барилга дээр ажилласан байдаг. Удалгүй Наджат Валло-Белькасем ээж, эгч, дүү нарынхаа хамт Франц руу цагаачилжээ. Энэ нь 1982 онд болсон бөгөөд тэр үед Наджат Валло-Белькасем таван настай байсан гэнэ. Шилбүүр барин хонь хариулж явсан жижигхэн охин Францад цагаачилсан нь түүний амьдралыг хожим орвонгоор нь эргүүлжээ. Гэхдээ сайн талаараа.

Өдгөө Францад эрх барьж буй Социалист намыг ирээдүйд авч явна хэмээн найдлага тавьж буй залуухан улстөрчдийн нэг нь Наджат Валло-Белькасем. Тэрээр Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байхдаа үр хөндүүлсэн бүсгүйчүүдийг бүрэн хохиролгүй болгох үүднээс нөхөн төлбөр олгох шинэ системийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Боловсролын салбарыг тэргүүлснээсээ хойш олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Түүний нэг нь бага сургуулийн сургалтын хөтөлбөрт “Тэгш эрхийн цагаан толгой”-г нэвтрүүлжээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд ижил эрхтэй гэдгийг сурагчдад багаас нь ойлгуулах зорилгоор уг хөтөлбөрийг Францын хэд хэдэн мужид хэрэгжүүлсэн байна. Гэвч гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалагчид үүнийг эрс эсэргүүцсэн тул уг хөтөлбөрийг зогсоосон юм.

Наджат Валло-Белькасем нь био ёс зүйн хуульд өөрчлөлт оруулах ажилд ч идэвхтэй оролцсон улстөрчдийн нэг. Өөрөөр хэлбэл хүний эмбрион дээр туршилт явуулахыг дэмжигч. Социалист намын гишүүн болсноосоо хойш цагаачдын болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад илүү анхааран ажиллаж байгаа. Францын парламент нь “Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бодит тэгш эрх” хэмээх хуулийг хэлэлцэн баталсан. Хуулийн төслийг санаачлагчдын нэг нь Мароккогоос гаралтай бүсгүй. Социалист намын залуухан гишүүн маань ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг албан ёсоор зөвшөөрүүлэхийн тулд нэлээд тэмцсэн. Францын сургалтын хөтөлбөрт бэлгийн боловсрол хэмээх хичээл заах ёстой хэмээн тусгасан байдаг. Мөн үр хөндүүлэх нь эмэгтэй хүний эрх хэмээн сурагчдад ойлгуулж, жендерийн асуудлыг хөндөөд зогсохгүй, бидний хэлдгээр хайр дурлал, бэлгийн харьцааны талаар өгүүлдэг уран зохиолыг ч үздэг. Харин хувийн сургуулиуд сургалтын хөтөлбөртөө ийм хичээлүүдийг тусгаагүй. Судалгаанаас үзэхэд Францад тавдугаар анги төгссөн хүүхдүүдийн 20 хувь уншиж, бичихдээ маш муу гэнэ. Тус улсын боловсролын салбарт тулгамдсан асуудлууд нэлээд бий. Наджат Валло-Белькасем энэ бүхнийг шийдэхийн төлөө ажилласаар.

Хамгийн сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Наджат Валло-Белькасем нөлөө бүхий улстөрчидтэй хамтран ажилласан. Францын төрийн тэргүүн Ф.Олландын хамтран зүтгэгч Винсент Пельонтой нэлээд ойр байсан гэдэг. Энэ нь Мароккогоос гаралтай бүсгүй улс төрийн хариуцлагатай албанд томилогдоход нөлөөлсөн нь гарцаагүй. Харин зарим улс төрийн хүчнүүд Наджат Валло-Белькасемийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд нэлээд ноцтой зөрчил бий болгох үндэс суурийг тавьж байна хэмээн буруутгадаг. Зарим байгууллагууд Наджат Валло-Белькасемээр боловсролын салбарыг тэргүүлүүлснээр ирээдүйд улс оронд маш ноцтой сөрөг өөрчлөлтүүд гарах аюул тулгараад байна хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй Францад ижил хүйстнүүдэд гэр бүл болохыг зөвшөөрсөн хуулийг баталсны дараа томоохон эсэргүүцлийн цуглаанууд болсон юм.

Наджат Валло-Белькасем энэ жилээс эхлэн Францын бага, дунд сургуулиудад томоохон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Үүнд гадаад хэлний хичээл зэрэг нь хамрагдах юм. Англи, герман хэлийг улам эрчимтэй заадаг болгохоор төлөвлөсөн гэнэ. Гэвч үүнийг нь эцэг эхчүүд, багш нар, сэхээтнүүд шүүмжилж байгаа. Харин Наджат Валло-Белькасем үүнийг яасан ч байсан хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ бүсгүй оюутан байхдаа буюу 2005 онд франц залуутай гэр бүл болж хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний Мароккогоос гаралтай гэдгийг үргэлж онцлон дурддаг. Гэвч үүнд огтхон ч эмзэглэдэггүй гэнэ. Харин ч өөрийгөө глобал үзэлтэй исламын шашинтан гэдэг. Баруунд, тэр дундаа Францад “гадаад” эмэгтэй улс төрийн өндөрлөгт хүрнэ гэдэг түүний ямар чадалтай улстөрч болохыг гэрчилж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *