Categories
мэдээ цаг-үе

“Маск” продакшны тайзны ар дахь амьдрал

Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг угтан хошин урлагийн “Маск” продакшны тайзны арын амьдралыг сурвалжлахаар захирал руу нь утас цохилоо. Жүжигчин М.Баярмагнай “Оройны 19:00 цагаас тоглолт эхэлнэ. Дөхүүлж байгаад хүрээд ирээрэй” гэж бидний саналд зөвшөөрсөн хариу өглөө. “Маск” продакшн хоёрдугаар сарын 27-ны өдрөөс “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглож эхэлжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. “Маск” продакшн ес дэх жилдээ үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа аж. “Маск” продакшны “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу 25 дахь удаагийн тоглолт юм байна. Түүнчлэн “Маск”-ийнхан “Хайр харуусал” нэртэй уран сайхны кино бүтээжээ.

Тоглолтын цаг эхлэхээс гучин минутын өмнө Соёлын төв өргөөнд очлоо. Жүжигчид ордог арын хаалганы үүдэнд ирэхэд л тоглолтын өмнөх бужигнасан байдал угтлаа. Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, Д.Дэлгэрсайхан нар байдгаараа яарчихсан хонгилоор гүйж харагдана. Залуу жүжигчид нь хоёр, гурваараа бүжгийн хөдөлгөөнөө бэлдэж байгаа бололтой, хүн орж ирснийг анхаарсан шинжгүй эргэлдэнэ. “Маск”-ийн жүжигчид хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Тайзны хажуугийн бэлтгэлийн өрөөгөөр дүүрэн жүжигчин. Хэдэн талдаа том тольтой хувцас сольдог хоёр өрөө байх юм. Толины өмнө жүжигчид эргэлдээстэй. Ихэнх нь тоглолтын нээлтийн хувцсаа өмсчээ. “Маск” продакшны байр МҮЭСТО-нд байдаг. Тэд Соёлын төв өргөөнд тоглолтод хэрэгтэй бүх хувцас хэрэглэлээ авчирчээ. Энд тэндгүй нямбайлж эвхсэн хувцаснууд.

Биднийг орохтой зэрэгцээд гурав, дөрвөн хүүхэд зөрөөд гүйлдэн гарлаа. Тэгснээ удалгүй буцаад ороод ирэв. Ирээд сурчихсан бололтой залуу жүжигчидтэй тоглоод их л хөгжилтэй бужигнацгаана. Тэдний хоёр нь жүжигчин Г.Чулуунцэцэгийн хүү юм байна. Мөн жүжигчин Д.Дэлгэрсайханы охин ирчихэж. Аавдаа эрхлээд Соёлын төв өргөөний дэлгүүрээс юм авахуулж байгаа харагдав. Бэлтгэлийн өрөөнд М.Баярмагнай орж ирээд хувцсаа солих зуураа өрөөнд байсан хүмүүс рүү харан “Ганзо, Гэрлээ, Золоо, Чулуунцэцэгээ намайг санасан уу” гэж марсайв. Хариуд нь Ц.Ганзориг “Санасан. Зөндөө их саналаа. Өчигдөр болгоомжтой харьсан уу” гээд учиргүй чанга инээх юм. “Маск”-ийнхан монита зарласан бололтой. Захирлын наргианы дараагийн сэдэв нь монита болоотхов. “Ёооё, монита минь хуушуур идмээр байна шүү захиалчихъя” гэж чанга хэлснээ амаа дараад жигтэйхэн. Өнөөдүүл рүүгээ учиргүй том хараад “Нээрээ дуусчихсан бил үү. Ирж хэлсээр байгаад сурчихаж” гээд хэлээ гаргаж байна. Цаад өрөөнөөс залуу жүжигчин Г.Золзаяа орж ирлээ. Янз байдлыг нь харахад “монита”-гийн ярианд үг нэмэрлэх гэж байгаа нь илт. “Энэ монита жаахан сонин болсон. Өөрсдөө монитагаа сонгодог бол гоё байсан юм. Харж байгаад л таалагдсан хүндээ өгчихнө ш дээ” гээд хөгжилтэй инээв. Жүжигчин Ц.Ганзориг яаж дутахав гэсэн шиг “Тийм тэнэг байхдаа яахав дээ. Тэгвэл хачин юм болно больё” гэж байна. “Маск”-ийнхан хоёр дахь жилдээ монита зарлаж байгаа гэнэ. Нууц задрахад М.Баярмагнай, А.Гэрэлцэцэг хоёр алтан монита болжээ. А.Гэрэлцэцэг “Тэрийгээ мэдэхгүй хоёр биенээсээ нуугаад сүйд болсон байна лээ” гэж инээмсэглэн хэлээд бэлтгэлдээ орлоо. Залуу жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижигээ “Намайг Чука эгч хоёр дахь жилдээ сугалсан. Өмнө нь сугалж байсан болохоор яг намайг мэдээд хэрэгтэй юм өгөөд байдаг. Тэгээд л гурав дахь өдрөөс нь мэдчихсэн” гэж үг нэмэрлэв. Тэрээр “Маск” продакшнд ороод долоон жил ажиллаж байгаа юм байна. 2009 онд бүжигчнээр оржээ. Сургуулиа төгсөөд жүжигчин болсон гэнэ. Энэ үед жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёр нөгөө өрөөнд хувцсаа сольж байлаа.

М.Баярмагнай “Нээрээ би Дэлхийн усны өдрөөр “Тоосго challenge”-д дуудагдаад усаа хэмнэх гээд жорлонгийн почкиндоо тоосго хийчихсэн. Нэг, хоёр литр ус хэмнэдэг болсон шүү. Зөрүүлээд Ганзо, Гэрлээ та хоёрыг дуудсан, нэгдээрэй. Дээр нь Лосолын Болдбаатарыг дуудсан” хэмээн ярилцаж байхад “Эхлүүлэх үү” гээд менежер нь хүрээд ирэв. Бүгд тайз руу явцгаалаа.

Тоглолт эхлэх цаг болжээ. Тайзан дээр гарахынх нь өмнө 19:00 цагаас эхэлсэн тоглолт хэдээс дуусах вэ гэж асуухад Ж.Мөнхсайхан 21:40 цагт дуусна гэв. Тоглолт эхэллээ. “Амьдрал өөрөө аз жаргал” хошин шоу тоглолт тайзнаа тавигдаад сар гаруй болсон ч танхим дүүрэн үзэгч цуглажээ. Нээлтийн үзүүлбэр дуусангуут М.Баярмагнай гүйхээрээ орж ирэн цаад өрөөнд хувцсаа шидэлж байна. Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг нар наад өрөөнд нь дээгүүрх хувцсаа солиод нүүрээ будаж эхэллээ. П.Эрдэнэзаан “Одоо “Оюутан” үзүүлбэр маань эхэлж байна. Олимп, замчид, ээж, бэр гуйсан нь гээд таван хэсэгтэй” гэж ярих зуураа нүүрээ будаад дуусчихлаа. Хажууд нь бэлдэж зогссон бүжигчин охин түүнд гар арчих нойтон салфетка өгөв. Түрүүхэн л зүггүйтэж гүйлдэж байсан хүүхдүүд тоглолт эхлэхэд тайзны хажууд сандал дээр эгнэн сууцгаажээ.

“Оюутан” үзүүлбэр эхэллээ. М.Баярмагнай тайзан дээр гарах гэж микрофоноо нээж үзээд “Хүүе микрофоны зай сууж байна. Хурдан аваад ир” гэж хэлээд ээлж нь болсон тул тайз руу гарав. М.Баярмагнай тайзан дээр гараад л үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн бололтой, алга ташилт нижигнээд сүйд. Эхний үзүүлбэрийн гол дүр нь Ч.Чулуунцэцэг, М.Баярмагнай хоёр. Чимэг дүр нь Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг нар гэнэ. Гэрэл унтрах хооронд М.Баярмагнай орж ирээд зайгаа солиод амжив. Тэрүүхэн хооронд залуу жүжигчид ширээ, сандал гээд жүжигт хэрэгтэй бүхнийг байрлуулчихаж. Үндсэндээ тоглолтын завсар гэрэл унтрах нэг минут хүрэхгүй хугацаанд жүжигчид хувцсаа сольж, дүрээ хүлээж буй залуу жүжигчид тавилгыг өөрчлөх ажил хийдэг ажээ.

Хоёрдугаар хэсэг эхэллээ. Ц.Ганзориг тайзан дээр гарахын өмнө “Энэ “Олимп” гэдэг үзүүлбэр. Багш нь тамирчдаа амжилт гаргах байх гэж найдаад хоёр өрөө байраа барьцаанд тавьчихсан юм. Би өр нэхэгч залуугийн дүрд гарах гэж байна” гээд тайз руу зүглэлээ. Энэ тоглолтын үед М.Баярмагнай дээс тоглох даалгавартай аж. Буруу тийшээ гурав эргүүлж үсрэхэд тайзны хажуунаас жүжигчин Ц.Ганзориг “Сайн боллоо” гээд эрхий хуруугаа гозойлгож харагдана. Тэрийг нь М.Баярмагнай хальтхан хараад авлаа. Жүжигчид ингэж л нэгэндээ сэтгэлийн дэм өгдөг бололтой. Залуу жүжигчин С.Чинзориг нүүрээ хүрэн бор болгож будаад хувцсаа өмсчихсөн тайз руу гарахад бэлэн болжээ. Тэрээр “Би продакшндаа ороод жил болж байна. Ах, эгч нараасаа олон зүйл сурч байгаа. Тоглолт бүхнээс шинэ зүйл сурдаг” гэв.

Энэ тоглолтын оргил хэсэг нь гадаадын одод Монголд байвал ямар байх байсан бол гэсэн агуулгатай хошин шогийн үзүүлбэр. Үзүүлбэрийн үеэр үзэгчид байсхийгээд л нирхийтэл инээцгээнэ. Боксын клубын тамирчид багшийгаа хүлээх зуураа яриа өрнүүлж суугаагаараа үзүүлбэр үргэлжилнэ. Залуус М.Баярмагнайгаас “Алдарт боксчин Майк Тайсон Монголд байсан бол юу хийх байсан бэ” гэж асуухад мань эр “Үсрээд л биеийн тамирын багш хийнэ” гэж хариулах юм. “За тэгвэл Майкл Жордан Монголд юу хийх вэ” гэж асуухад нь “Хасын хүлэгүүд”-ийн сэлгээнд сууж байна биз. Санчир аа, Билгүүн ээ маньдаа бөмбөгөө гээд л гүйхээс өөр юу хийхэв” гэнэ. “Тэгвэл Microsoft-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс Монголд байвал яах вэ” гэхэд “Тэди дээр утас форматлаад л суух биз. Тэгээд бид очоод “Хөөе Билл ээ, энийг янзлаад өг” гээд л бодит амьдрал ийм л байна шүү дээ” хэмээн үзэгчдийг хөгжөөх юм. Эдний тоглолтын үзүүлбэр бүхэн цаанаа хэлэх гэсэн санаатай гэж жүжигчид ярив.

Гуравдугаар хэсгийн “Замчид” хэсэгт Г.Лхагвацэрэн, Цоож гэх залуу жүжигчид авьяасаа харуулж байв. “Маск”-ийнхан хэдийнэ залуу үеэ бэлдээд эхэлжээ. Жүжигчид, бүжигчид нийлээд 30 гаруй хүн ажилладаг юм байна. Гуравдугаар хэсгийг Ш.Жавхлан, Д.Дэлгэрсайхан, П.Эрдэнэзаан нар чимэглэх аж. Энэ үед жүжигчин Д.Дэлгэрсайхан ээлжээ хүлээх зуураа охин дээрээ ирж ядарч байгаа эсэхийг нь асуугаад амжлаа. Тэрээр “Анх тайзан дээр гарахад үзэгчдээ ч харж чадахгүй сандардаг байлаа. Жүжигтээ төвлөрсөөр байгаад дуусдаг байсан бол одоо бол огт өөр. Тэр эгнээнд миний таньдаг хүн байна даа гэж хүртэл харна шүү дээ” хэмээн ярив. Энэ үзүүлбэрт А.Гэрэлцэцэг оролцохгүй учраас үзүүлбэрээ хүлээнгээ хамтлагийн менежер, бүжигчин хоёртойгоо хөзөр тоглож суув.

Харин залуу жүжигчин Жижигээ “Хамтлагийнхантайгаа долоон жил хамт байжээ. Бүтэн жилийн 70 хувьд нь салахгүй хамт байдаг юм. Гэрийнхэнтэйгээ байх хугацаанаасаа илүү цагийг өнгөрөөдөг. Анх тайзан дээр гарахад айж, сандарч, догдлох зэрэгцэж байсан шүү. Жүжигчнээр ажиллах сайхан байдаг” хэмээн ярьж байв.

Сүнсний дүрд тоглосон Ш.Жавхлан урт цагаан дээл өмсөөд, урт хар үс задгай тавьжээ. Аяархан шивнэж ярих “сүнс” хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нь илт. Тайзнаас буухад нь “Таны хоолойг хүмүүс сонсохгүй хэцүү байсан уу” гэж асуухад “Амар юм гэж юу байхав дээ. Мэргэжлийн онцлог юм чинь. Аяархан шивнэж хэлж байгаа хэрнээ үзэгчдэд хүргэх чадварыг сургуульд заадаг юм. Хүмүүс жинхэнэ сүнс гэж хүлээж аваад намайг яриад эхлэхээр чимээгүй болчихдог юм” гэж хариулав.

Дөрөвдүгээр үзэгдэлд П.Эрдэнэзааныг онцолмоор санагдав. Үзэгдлийн нэр нь “Ээж”. Тэрээр компьютер тоглоомонд донтсон хүүхдийн дүр бүтээжээ. Хүүхдээс ялгарах юмгүй чадварлаг жүжиглэнэ. Олон хүүхэдтэй эх хүүхдүүдийнхээ төлөө ямар сэтгэл гаргадгийг энэ хэсгээс харж болно. Ж.Мөнхсайхан энэ хэсгийг зангидаж харуулах үүрэг хүлээжээ. Энэ үзэгдэл дээр зритель нэгэн зэрэг удтал алга ташив.

Харин тавдугаар үзэгдэл “Бэр гуйсан нь” гэсэн нэртэй. Өнөө цагт хүмүүс уламжлалт ёс заншлаа мартагнаж байгааг хошноор харуулжээ. Энэ үзэгдэлд М.Баярмагнай “Тэгэхээр чинь муухай ш дээ” гэдэг үгийг байсхийгээд хэлэх юм. Харилцан яриан дундуур мань эрийг “Тэгэхээр чинь муухай ш дээ” гэхээр л зритель нэгэн зэрэг инээлдэж байлаа. Хамтлагийнхан дуугаа дуулснаар тоглолт өндөрлөлөө. Жүжигчин Ж.Мөнхсайханы хэлсэн цагт тоглолт дууссан юм.

Хөшиг хаагдсаны дараа жүжигчид алдаа, оноогоо ярьж баахан хөгжилдөв. М.Баярмагнай Г.Золзаяад “Чи яагаад ярихгүй байсан бэ. Би ганцаараа баахан ярилаа ш дээ” гэхэд өнөөх нь “Уучлаарай” гэж байна. Залуу жүжигчдийн иймэрхүү жижиг алдааг хашир жүжигчид нь мэдэгдэхгүй аваад явчихдаг ийм жишээ олон гэнэ. Тэгэхэд нь Ц.Ганзориг М.Баярмагнайд “Чи ч дээс сайн тоглож сурч байна аа” гээд инээлдэв.

Жүжигчид хувцсаа сольж байх зуур жүжигчин П.Эрдэнэзаан “Манай хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 1-нд Б.Батзаяа ахын зохион байгуулж байгаа хошин урлагийн нэгдсэн тоглолтод оролцоно” гэтэл Ж.Мөнхсайхан “Дөрөвдүгээр сарын нэгэн чинь манай Заанаагийн төрсөн өдөр. Бид хаалтынхаа тоглолтыг хийчихээд нэгдсэн тоглолтдоо оролцоно. Ер нь Заанаагийн төрсөн өдрийг жил бүр тоглолтоороо л тэмдэглэдэг юм. Зав гарахгүй юм даа” хэмээв.

М.Баярмагнай “Би ч тэр жил баларсан асуудалд орсон шүү. Хэдэн жилийн өмнө “UB palace”-д болсон хошин урлагийн нэгдсэн тоглолтыг үнэгүй болно гэж хэлчихээд худлаа гэхээ мартчихаж. Тоглолтын өмнө “UB palace”-аас залгаад “Магнай энд олон хүн цуглачихлаа. Чи өөрөө ирж энэ хүмүүсээ тараа” гэдэг юм даа. Ирээд л энэ чинь дөрвөн сарын нэгэн шүү дээ гэж хэлээд тарааж билээ” гээд инээлдэв. Хувцсаа сольж дуусаад жүжигчдийн зарим нь ойролцоо гэртээ нэгнийгээ хүргэж өгөхөөр тохирч байв. Энэ үед “Маск” продакшны менежер “Манайхаан маргааш цаг урагшилж байгаа. Тийм учраас бэлтгэлдээ одоогийн 16:00 цагт цуглана шүү” гэх зар дуулгав.

Хамтлагийнхан ойрын үеийнхээ төлөвлөгөөг гаргажээ. “Маск” продакшн инээдмийн баяраар буюу дөрөвдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд болох хошин урлагийн нэгдсэн тоглолтод оролцоод дөрөвдүгээр сарын 2-нд “UВ palace”-д тоглолттой юм байна. Үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 4-нөөс Зүүнхараа, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ рүү явж хөдөө орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах аж. Хөдөө орон нутгийн тоглолтоос ирээд Өмнөд Монгол руу явах гэнэ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *