Categories
мэдээ нийгэм

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автобусаар зорчсон зардлыг нөхөн олгоно

Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд журмын дагуу цахим төлбөрийн картаар зорчих болсон билээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/240 дүгээр захирамж гаргаж, нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дуусах хугацаанд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-д заасан “цахим төлбөрийн карт”-ын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажил зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгосон байна. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, тээвэр зохицуулалтын албадын гаргасан гүйцэтгэл, тайланг үндэслэн гэрээний дагуу тухайн сарын баталсан төсөвт багтаан олгох юм байна.

Энэхүү захирамжийн дагуу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр 2016 оны нэгдүгээр улиралд үнэ төлбөргүй зорчсон зардлыг нийслэлийн Тээврийн газраас холбогдох журмын дагуу нөхөн олгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *