ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Унгар улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэлийн асуудлаар хоёр талын албан ёсны уулзалт болжээ. Энэ үеэр БНУУ-ын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекаш “Биокомбинат”-ын шинэчлэлд Унгар Улсын засгийн газраас 25 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох талаар мэдэгдэл хийж хэлсэн үгэндээ “Монгол Улсын малын эмийн үйлдвэр нь 1960 онд баригдсан бөгөөд шинэчлэлийн асуудал нэн шаардлагатай байна. Уг шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, мал эрүүлжүүлэх, малын хөдөлгөөнийг мөшгөн судлах боломжуудыг нээх юм.
“Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэлийг хийхэд Монгол- Унгарын Засгийн газар хоорондын ажлын хэсгийг байгуулан ажиллах ба энэхүү ажилд хоёр орны Хөдөө аж ахуй, Гадаад харилцааны яамд нягт холбоотой хамтран ажиллах ёстой” гэв.