Өмнөд Африкийн Блумфонтейнд болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнээс Монголын загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардлаа. Ес дэх удаагийн дэлхийн супермоделийн тэмцээн гуравдугаар сарын 12-21-ний өдрүүдэд үргэлжилсэн юм. Т.Шинэтуяа өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд 40 орны охидтой өрсөлдөж түрүүлсэн байна. Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд Монгол Улс анх удаа оролцож ийн амжилт гаргаад буй юм. Тэрээр Нью–Йоркт төвтэй дэлхийн нэр хүнд бүхий “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Т.Шинэтуяа “Шилмэл загвар” агентлагийн үндсэн загвар өмсөгч юм байна. Тэрээр өнөөдөр эх орондоо ирэх гэнэ. Түүний ээж Г.Цогзолмаатай ярилцлаа.
–Охин тань Дэлхийн супермодель тэмцээний шилдэг оролцогч болчихлоо. Холбоо барьсан уу. Гэрийнхэн нь яаж хүлээж авав?
-Холбоо барьсан. Ээж ээ, би тэмцээндээ түрүүлчихлээ гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод нулимс дуслуулж суулаа. Гэрийнхэн маань маш их баярласан. Дэлхийн том хэмжээний тэмцээнд түрүүлнэ гэдэг асар их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй шүү дээ. Охин маань зоригтой, хатуужилтай байсан байх. Монголын нэрийг гаргаж байгаа амжилтаар нь бахархаж байна.
–Загвараар хичээллэхэд нь эцэг, эхийн зүгээс хэр дэмжиж байв?
-Дэмжилгүй яахав. Эмэгтэй хүн учраас биеэ зөв авч явах хэрэгтэй. Алхаа гишгээгээ цэгцлэхээс эхлээд сурах зүйл их байсан учраас загварын агентлагт оруулсан. Охин маань өөрөө түүндээ их сонирхолтой. Хүүхдийнхээ хийх дуртай зүйлийг дэмжих нь эцэг эхийн үүрэг шүү дээ. Тэр утгаараа ийм амжилт гаргасан байх. Багш нар нь их магтдаг. Юм заахаар дорхноо сурчихдаг гэж байсан.
–Анхнаасаа “Шилмэл загвар” агентлагт байсан уу. Хэр удаан хичээллэж байгаа вэ?
-Загвараар жил гаран хичээллэж байна. Анх л “Шилмэл загвар” агентлагт орсон. Багш нь Хулангоо. Тэмцээнд явахдаа бүх багшаараа хичээл заалгасан гэсэн. Энэ тэмцээнд орохын тулд гурав, дөрвөн сар шаргуу хичээллэсэн.
–Охин тань өмнө нь олон улсын тэмцээнд орж байсан уу. Англи хэлтэй юу?
-Охин маань англи хэлтэй. Агентлагаас нь их бэлтгэсэн. Сургууль нь хятад хэл заадаг юм. Тэгэхээр бас хятад хэлтэй. Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Сүүлд “Гоёл” наадамд оролцсон.
–Т.Шинэтуяа хэдэн настай юм бэ. Аль сургуульд суралцдаг вэ?
-Миний охин 2000 онд Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх эмнэлэгт төрж байсан. Одоо 16 настай. “Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн 10а ангийн сурагч.
–Аав, ээж нь юу хийдэг хүмүүс вэ. Т.Шинэтуяа айлын хэд дэх хүүхэд билээ?
-Аавыг нь А.Түмэнжаргал гэдэг. Намайг Г.Цогзолмаа гэдэг юм. Бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг. Т.Шинэтуяа айлын том охин. Хоёр дүүтэй. Хоорондоо олон насны зөрүүтэй л дээ. Дундах нь хоёрдугаар анги. Бага нь таван настай.
–Хэр идэвхтэй хүүхэд вэ?
-Их идэвхтэй, нийтэч хүүхэд. Сагс сайн тоглодог. Сургуулийнхаа шилдэг довтлогч. Хаана ч очсон усанд сэлдэг байх ёстой гэдэг утгаар нь усан спортоор жил гаран хичээллүүлсэн. Охин маань бусад хүүхдүүдийн л адил дүү нараа цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авчихаад бас дугуйланд яваад их л завгүй байдаг юм. Хүнд тусархуу эелдэг зөөлөн зантай. Багаасаа л даруухан, инээд алдсан, тайван охин байсан. Гэрт хүн орж ирэхээр цай хийж өгөөд, тавагтай чихэр бариад л гүйж байдаг хүүхэд дээ.
–Тэмцээндээ явахдаа хувийн зүгээс их бэлтгэл хийсэн байх. Ямар даашинз сонгож явав?
-Хувцсыг цаанаас нь графикаар гаргасан байдаг юм билээ. Түүний дагуу бэлдсэн. “Шилмэл загвар” агентлагийн загвар зохион бүтээгч Ж.Цэлмэгийн “Гоёл” наадамд шагнал авсан даашинзаар гангарсан.
–Дэлхийн нэр хүнд бүхий “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах эрхээр шагнуулсан байна лээ. Тийшээ явуулах уу?
-Шагнал авсан байна лээ. Яг одоогоор яахаа шийдээгүй байна. Ирэхээр нь багш нартай нь ярилцаж байж шийднэ дээ.
–Охин тань хэзээ эх орондоо ирэх вэ?
-Маргааш (өнөөдөр) ирнэ. Гуравдугаар сарын 24-нд Монголд бууна гэж байсан.
Блиц
Төрсөн он, сар, өдөр: 2000.10.16
Биеийн харьцаа: 87.62.89
Өндөр: 178 см
Орд: Жинлүүр
Сонирхол: Сагс тоглох, усан спортоор хичээллэх дуртай.