Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүм, лам хоёр: сүсэгтнээ дагах нь ёс

Өнөөдөр бид шүтлэгийн хямралын оргил дээрээ байна. Оргил гэдэг нь энэнээс илүү хямрахгүй болов уу гэдэг утгаар хэлж байна. Илүү хямрахгүй гэдэг нь хямрахад бас хэмжээ бий гэдэг санаагаар бас хэлж байгаа хэрэг.

Өнөөдөр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн шинэ хязгаар дээр ирсэн олон түмэн учир шалтгаанаа тал талаас хайж байна. Учир шалтгаан буруутныг бусдаас хайх нь хялбар байдаг бөгөөд хүн зөнгөөрөө энэ аргыг хамгийн түрүүнд сонгодог.

Ингээд манайхан “Энэ лам нарын байж байгаа царайг хар”, “Бөө нар хэр хэмжээнээс хэтэрлээ” хэмээн үглэж, лам нар муу байгаагаас буддизм мухар сүсэг болж, бөө нарын буруугаас анимизм руу ухарлаа гэсэн дүгнэлт хийж байна. Ийм тал бол байгаа. Үнэний хувьтай.

Гэхдээ асуудлыг нөгөө талаас харцгаая л даа. Лам нараар бид очиж мэргэлүүлдэг бил үү? Тэд нар ирээд “Ганц мэргэлүүлчих л дээ” гэж шалаад байдаг бил үү? Ажил хэргээ бүтээх гэж бид өөрснөө сүм хийд дээр очдог бил үү? Сүм хийдийн ухуулагч нар хаалга нүдээд “очиж тийм ном уншуулж аргалуул” гэж ухуулаад явдаг бил үү?

…Шүтлэг шашин дахин сэргэж, бишрэх шүтэх эрх чөлөө эргэн олдох үеийн нийгмийн оюун санааны хэрэгцээ юу байсан бэ? Монголчууд шашныг ямар хэмжээнд хүлээн авах боломжтой байв гэдэг асуултын хариуг эхлээд авч үзсэн нь дээр байх.

Шашин шүтлэг нь юун түрүүн итгэл найдвар. Гээгдсэн итгэл, алдарсан найдварыг эргүүлэн бэлэглэгч юм.

1990 оны ардчилсан хувьсгалаар хүчирхийллийн дэглэмийг торгоон барьж байсан “Одоо зовж байгаа боловч төддүгээр таван жилийн дараа ийм сайхан болно. Яваандаа коммунизмд орохоор бүх хүн дэлгүүрээс хэрэгцээнийхээ хэрээр авдаг болно” гэхчилэнгийн мифүүд хар аяндаа алга боллоо. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч сэргэсний үр дүнг дорхноо амсч эхэлсэн боловч олон арван жил сэтгэл зогоож ирсэн “Тэр үед ийм болно. Тэнд хүрээд ингэж жаргана” гэхчилэнгийн “төлөвлөгөөт итгэл”-ээ алдсан нь бас хэцүү байлаа.

Ер нь хувь заяагаа өөрийн гартаа авах бас ч амаргүй ажээ. Уул нь чиний өнөөдрийн хувь заяа, ирээдүйн тавилан бүгдээрээ нам засгийн гарт байсан цагт ирээдүйдээ санаа тавих хэрэг байсангүй. Эрх чөлөө, өмчлөх эрхээ эргүүлж алдмааргүй, тэгсэн атлаа ирээдүйн асуудлаа бусдад даатгамаар нэг ийм хямралын үед шашин, шүтлэг эргэж ирсэн юм.

Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого нэмэгдэнэ гэдэг үг бий. Төрөөс “төлөвлөгөөт ирээдүй” амлахаа больчихсон, дээр нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн тэр үед олон жил гол зогоож ирсэн “ирэх таван жилд аж байдал дээшлэх” төлөвлөгөөг дөнгөж сэргэж байсан шүтлэг, бишрэл орлон авлаа.

Эдийн засаг, улс төрийн нэг тогтоцоос нөгөөд шилжих үйл явцыг дагасан хямралын үеийн гэгээн найдвар нь шашин болсон. Гэхдээ Буддын шашныг аливаа мухар сүсгээс татгалзаж, гадны дээд хүчинд найдах бус өөрийнхөө сэтгэл санааг ариусган төгөлдөржүүлэх замаар гэгээрлийн хутгийг олох тухай номлол байдлаар хүлээн авах сэтгэл санааны хөрс байсангүй ээ. Зүгээр л хүнд сайхан ирээдүй байгааг хэлж өгдөг, хүнд хэцүү үед ирээдүйд буй болох “шинэ коммунизмын төсөөлөл” хайрладаг тийм үзэл суртал байдлаар л шашныг хүлээж авч чадахаар байж.

Ийм үед жирийн сүсэгтэн хүн лам хувраг дээр очоод “Бүтээгч дээд хүч гэж байдаггүй” тухай “Ид шид гэж үгүй, харин үйлийн үр бодитой” гэхчилэн сургаал сонсвол урам нь хугарна. Харин “Энэ жил сайн жил гарна”, “Ийм аюул байгаа боловч тийм заслаар зүгээр болно” гэсэн сайхан үг хэлээд өгдөг лам л урам өгнө.

Ер нь зовлон бэрхшээлийнхээ учир утгыг мэдэх ч гэж очиж байгаа юм биш, Буддагийн сургаалыг дагаж явдаг болох гэж ч очиж байгаа юм биш. Ердөө л ирээдүйнхээ тухай сайхан үг сонсох гэж л очиж байгаа юм. Тийм учраас “Сайхан төлгө буулгадаг” төлгөчдөд л сүсэгтнүүд дуртай байдаг. Үүнийг ч гэсэн төлгөч-менежерүүд сайн мэддэг. Зарим үзмэрч төлгөч “Ийм тийм аюул нүүрлэж байна” гэхчилэнгийн муу мэдээ эхлээд хэлдэг нь зүгээр л мэнэжмэнт. Төлбөрөө зохих хэмжээгээр нэмсний дараа л хүсээд байгаа сайхан мэдээг нь хэлж өгөх гэж байгаа арга. Ингээд харахаар эцсийн дүндээ хүссэнийг нь өгч л байгаа байхгүй юу.

Иймээс Буддын сүм хийдүүд оршин тогтноё, сэргэе гэвэл сүсэгтэн олныхоо энэ цангааг тайлахаас өөр сонголт байгаагүй. Мэргэлдэггүй бол лам байх аргагүй, аргалдаггүй бол сүм орших боломжгүй байсан хэрэг. Харин энэ дээр хэн нь сайн мэнэжмэнт хийсэн тухай яривал бас өөр хэрэг.

Хэдийгээр Буддагийн үндсэн санаа, мухар сүсгийн эсрэг зарчмаас хөндий явж ирсэн гэж зэмлэж болох ч шилжилтийн үеийн нийгмийн оюун санаанд итгэл хайрлах, алдагдаж буй горьдлого найдварын балансыг хадгалах үүргээ манай сүм хийдүүд үндсэнд нь биелүүлсэн гэж хэлж болно. Ингэхээр сүм хийд хуврагуудад хамаг бурууг чихэхээсээ өмнө бид юуг шүтлэг бишрэл гэж ойлгоод хүсэн хүлээж байв гэдгийгээ харах нь зөв. Сайн лам, саар лам, хүнийг гэгээрэлд хөтлөх, эсвэл бусдын мухар сүсгийг далимдуулан мөлжих энээ тэрээ бол тусдаа. Тусдаа төдийгүй өнөөдөр шинээр, жинхэнээсээ тулгарч эхэлж байгаа асуудал.

Бөө мөргөл ч гэсэн үгүйлэгдэж байгаа шүтлэг, дутагдаж буй урам зоригийг амжилттай орлож ирсэн үзэгдэл. Үүргээ ч бас биелүүлсэн.

Ухаандаа, нийгэмд дэвэрч болох байсан үл итгэлцэл, алдагдсан найдвараас үүсэлтэй сэтгэл хөдлөлийг амарлиулж, анх удаа хувь заяагаа өөрөө хариуцах болж байгаа мянга мянган хүнд горьдлого итгэлийн багана болох үүргээ лам, бөө хоёр биелүүлсэн санагддаг.

Өнөөдөр шашин шүтлэгийн хувьд эрүүл шинэ үе ирж байна. Хүмүүсийн амьдрал сайжирч, баялаг бүхий ирээдүй бодитой болохын хэрээр шашин нь хүний сэтгэл санааг төгс төгөлдөр болгох үндсэн үүрэгтээ орох боломж гарч байна.

Манайхан бөө мөргөлийг сурталчлахдаа Чингис хаан болон түүний үндэслэсэн Монголын их гүрний нэрийг их барих болжээ. Тэр үед бөө мөргөл байсан нь үнэн. Гэхдээ Чингис хаан бүх шашин шүтлэг бие биеэ үгүйсгэн тэмцэлдэлгүйгээр тэгш эрхтэй орших ёстой хэмээн зарлигласан анхны их хаан юм шүү. Тэрээр бөө нарыг сонсдог байсан ч гэсэн үгэнд нь орохгүй бол хатуу шийтгэдэг төдийгүй “Төрд тэрсэлж байгаа ямар ч шашны зүтгэлтнийг тэр дотор бөөг ч гэсэн алж байх” уламжлал үлдээсэн анхны улстөрч бас мөн. Тэв тэнгэр бөөгийн ууцыг хугалж алсан тухай “Нууц товчоо”-нд тодоос тод бичээстэй бий.

Төгсгөлийн оронд: ХХ зууны наяад онд Ягеллоны их сургуулийн профессоруудаас бүрдсэн Католик сүм хийдийн судалгааны багийнхан БНМАУ-д ажилласан байдаг. Тэд шашин шүтлэгийг үгүйсгэн хориглосон орон зайд хүний сүсэг бишрэлийг юу орлож байгааг тодруулах зорилго тавьжээ. Судалгааны багийнхан, хүн байгаа цагт шүтлэг бишрэл арилшгүй бөгөөд бурханыг орлуулан шүтэх ямар нэг зүйлийг олж чаддаг. Зөвлөлт маягаар суурьшин шашингүй нийгэм байгуулж байгаа нүүдэлчдийн жишээн дээр энэ бүхэн тод харагдана. Тэд коммунист үзэл суртлыг шашин болгон шүтэх болсон ба бурхад, архадын орон зайг нь Маркс, Энгельс, Ленин орложээ гэсэн дүгнэлттэй харьсан байна.

Намын хурал, үзэл сурталжсан цуглаан жагсаал нь мөргөл ёслолтой дүйж байгааг харжээ. Нүүдэлчин монголчууд шашингүй болоогүй, харин шүтдэг зүйлээ л сольсон. Үүнээс харахад шашин шүтлэг арилдаггүй, харин түүнийг орлуулж болдог гэж тэд үзсэн байдаг.

Үнэхээр ч “Энэ төрөлдөө зовбол хойт насандаа жаргах” сургаал ба “хувьсгалт хүчирхийлэл цус урсгахаас хулчийлгүй коммунизм байгуулж аваад цөмөөрөө жаргаах” номлол хоёр бол Цогт тайжийн хадны бичигт гардагчлан “агаар нэгэн” ухуулга бөлгөө.

Ер нь “Шашингүйн үзэл” нь бурхан байхгүй гэдгийг номлосон бас л нэг шашин. Шашингүйн үзлээс салах нь шашнаасаа салахаас өөрцгүй.1990 оны ардчилсан хувьсгалаас хойш бид Коммунист шүтээн юугаан шашин, мөргөлөөр орлуулах оролдлого хийсээр ирсэн бололтой. Марксист шашны амлаж, итгэгч нартаа урам хайрлаж байсан “Мөдхөн коммунизмд ороод жаргана. Тэнд нийгмийн баялгаас бүтээснийхээ хэрээр биш хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” гэхчилэнгийн ухуулгыг орлох зүйл хайх болж. Ингээд “Ийм засал хийлгэвэл орлогын үүд нээгдэнэ”, “Тийм юмаа надад өгвөл танайх баяжна” хэмээн хэлж чадах шүтлэг мөргөлийг эрцгээж, хариугаа ч авч эхэлсэн бололтой байдаг.

2011 оны 2 сарын 24

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *