Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Ц.Нямдорж над руу яриад “Өвгөөн би дуугарах ёстой юу” гэж байна…

-Н.ЖАНЦАННОРОВЫН “ОЮУЭРДЭНИЙНГОВЬ” ЭГШИГЛЭНЭ

Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын шинэ бүтээл “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгууд “мэндэлж”, “Говь”, “Тал” чуулбар тоглолтоо Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 28-нд толилуулах юм. Түүний шинэ уран бүтээлийн тухай сонсоод, зорьж очлоо. Мань эр хаалгаа тайлж, мэнд мэдээд “Чи мүүн яриад намайг унагах гэж байна уу” хэмээн “өдөв”. “Нээрэн та мүүнээс одон авсан этгээдүүдийн жагсаалтад багтчихаад байгаа биз дээ” гэхэд маань тэрбээр одонгийн түүхээ наргиантайгаар хуучилснаар бидний ярилцлага эхлэв.

-Над руу Д.Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд нэг хуралд нь очиж, баяр хүргэж үг хэлээд, намайг Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагналаа. Хүн шагнаж байхад чинь “Авахгүй, авахгүй” гэлтэй биш. Дахиад нэг хуралд очсон чинь Мүүн гээд нэг хүний асуудал яригдаад байх юм аа. Тэгээд би “Энх тайвныг нэг хүн хөгжүүлнэ гэж байхгүй дээ. Энэ жаахан асуудалтай болоод явчихлаа” гэж бодоод “бултсан”. Түүнээс хойш Энх тайвны залуучуудын ямар байгууллагаас гэнэ вэ зөндөө утасддаг юм. “Н.Жанцанноров гуай Солонгост олон улсын энх тайвны хурал болох гэж байна. Бүх зардлыг нь тэндээс нь гаргана. Та нэг очоод, Монголын уламжлалт соёлын талаар үг хэлээд өгөөч” л гэнэ. “Японы талаас бүх зардлыг нь даана, та яваач” л гэнэ. “Та манай идэвхтэн гэнэ үү юу ч гэнэ үү. Ингээд бултаад байсан сүүлдээ нөгөөдөх чинь хүн оршуулдаг ч гэнэ үү нэг юм болоод явчихлаа.

-Ц.Нямдорж гишүүн хүртэл мүүнчнээр тодроод байгаа юм биш үү?

-Ц.Нямдорж өнөөдөр (лхагвад) ярьж байна. Өвгөөн, “Чамайг нэг олон нийтийн байгууллага одонгоор шагная гээд байна” гээд Бавуугийн Лхагвасүрэн утасдаад байхаар нь би ямар гавьяа байгуулсан биш, шагнах гэж байгаа юм бол шагна даа гэжээ. Тэгсэн нэг одонгоор шагнуулсан гэнэ. Хаанаас юм бэ дээ нэг сая төгрөг өгсөн юм байна. Тэрнийг нь нийгмийн халамжийн байгууллагад өгчээ. Баримт нь бий гэж байна. Тэгээд Ц.Нямдорж “Өвгөөн, одоо би дуугарах ёстой юм уу, дуугүй байж байх уу” гэж байна. (Н.Жанцанноров гуай гар утсаа харснаа 10:44-т ярьсан байна гэв.) Шаардлага гарвал дуугараач дээ, мэдэхгүй байсан гэдгээ хэлэхгүй юу гэсэн. Тэгээд би хэлсэн л дээ. Энэ бол чи бид нарын ч буруу биш, тэр Ц.Элбэгдоржийн ч буруу биш. С.Баярцогт одон авч байгаа зураг гарсан юм уу. Тэрний ч буруу биш. Манай улс тусгаар тогтносон орны хувьд дотоод бодлогоо нухацтай явуулахад анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бол ардчиллынхны буруу гэж ийш тийшээ ганхуулах хэрэггүй. Ерөөсөө л бид гажуудсан ойлголтуудаасаа болоод нийгэм жаахан саармагжсан юм байна. Демократ гэдэг грек үг л дээ. Демо гэдэг нь ард, крат гэдэг нь засаг гэсэн үг шүү дээ. Ардчилал гэдэг яг махчилаад орчуулбал ардын засаг гэсэн үг байхгүй юу. Ард засаглана л гэсэн үг. Яахав Ц.Элбэгдорж, манай энэ хэд эхний үедээ хөөрсөн юм байна, бас. Дэндүү эрх чөлөө яриад, Э.Бат-Үүл энэ хэд бүх монгол хүнд гадаад паспорт авч өгөөд бүгд гарна гээд л. Их сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн. Ер нь тэгж замбараагүй байж болдоггүй юм байна. Ардчиллыг үнэн чанартаа засаглал гэж ухааралгүйгээр эрх чөлөө гэж массаараа ойлгосон шиг байгаа юм. Эрх чөлөө үнэн чанартаа хариуцлага гэж биш дураараа дургих гэж бидэнд бууж байжээ. Засаглалаа эрх чөлөө, эрх чөлөөгөө дураараа дургих гээд ойлгочихож. Дэлхий хавтгай болчихлоо, одоо биенээ эзэрхийлж түрэмгийлэх юм байхгүй. Даяаршаад, бүх юм ил тод, тунгалаг болно гээд “хусаад” байсан чинь өнгөн дээрээ л тийм болохоос биш бүх том гүрнүүдэд тагнуул нь байдгаараа л байна. Орост ч Дотоод яам байна. АНУ-д Дотоод яам гэж нэрлэхгүй ч өөрийгөө хамгаалдаг, хянадаг байгууллагууд нь бүгд бий, Хятадад ч байна. Өөрийнхөө дархлааг атгаж байхын тулд тэр бүхэн цөм байна. Манайх болохоор Тагнуулын төв газрыг агентлаг болгоод, Ерөнхий сайд руу өгчихсөн. Ерөнхий сайд сар болоод солигдож мэднэ, жил болж ч болно. Дөрвөн жил ч болно. Тагнуулын төв газар Ерөнхий сайдын мэдлийн агентлаг байхаар нам нам руу, хүн рүү савласан бодлого болж хувирч байна. Ер нь тагнаж байх хэрэгтэй юм уу, манайд тагнаад байхаар юу байгаа юм. Тагнана гэдэг хүний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл ч гэх шиг ийм хачин хачин юм бодоод задлаад хаясан. Тэгээд бид чинь цөмөөрөө энд тэндхийн одон модон аваад байгаа байхгүй юу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл энх тайвны байгууллага ч байна уу, хүмүүнлэгийн байгууллага ч гэнэ үү Монголд орж ирж байгаа бүх гадны байгууллага хуучнаар бол манай Дотоод яамаар судлагдаж байх учиртай. Далай лам ч байсан гэгээнтэн гээд орхих биш хэнтэй уулзав, юу ярив гээд судлах ёстой. Өөрөөр хэлбэл манайд ийм энх тайвны байгууллага орж ирсэн, энэ бол ийм зорилготой, цаанаа ийм эдийн засгийн хүчин чадалтай, ийм байгууллага гээд олон улсын гээд байгаа бүх л байгууллагыг судлах ёстой. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, гишүүн, сайд байсан хүмүүс Монголд 400-гаад байгаа. Тэр байгууллагыг судлаад С.Баярцогт очиж уулзах гэж байгаа бол өөрийн шугамаараа мэдээлэх ёстой. Намайг дуудах ёстой. “Таныг ийм байгууллага урьсан байна. Энэ байгууллага бол ийм зорилготой ингэж байгуулагдсан шүү” гээд мэдээлэл өгдөг. Ц.Нямдоржид ч хэлэх ёстой. Бид хамгаалах ёстой шүү дээ. УИХ-ын гишүүн байсан бол муу сайн нь хамаагүй, монгол хүний хувьд капитал шүү дээ. УИХ-ын гишүүн улсын нууцыг ямар нэг хэмжээгээр мэдэж байдаг, Тагнуулын төв газрынхныг дуудаад асуух юмаа асуугаад байдаг юм чинь. Бид нар чинь капитал шүү дээ. Биднийг хамгаалах ёстой. Мэдээлэл өгсний дараа сонголт хийх эрх нь тухайн хүний хэрэг. “Өө тийм байгууллага юм уу. Гэхдээ би энэ үйл ажиллагаанд орно” гэж байгаа бол өөр хэрэг. Тэгэхэд манайхан “Эдийн засгийн алуурчдын гарт орж байна” гээд л шуугиад байдаг. Нээрээ алуурчид юм уу, хэн мэдэж байгаа юм. Нэг үндэстэн, улс болж тоглож байгаа бол улс дотроо юу болоод байгааг мэддэг байгууллага хэрэгтэй байна. Тагнадаг чагнадаг гэдэг нь ямар тогтолцоогоор явах юм. Гэтэл одоо Ц.Нямдорж нэг одон авсан, С.Баярцогт нэг одон авсан, “хусна” гээд байдаг. Гэтэл Ц.Нямдорж над руу “Өвгөөн юу болоод би одон авчихав аа” гээд яриад байдаг. Хууль зүйн сайд, УИХ-ын дарга байсан хүн юунд оролцсоноо мэдэхгүй л байна шүү дээ.

-Одоо хийх гэж байгаа тоглолт, шинэ уран бүтээлийнхээ тухай яриач?

-Би хэдэн жилийн өмнө өөртөө нэг зорилго тавьсан юм. Монголын газар орны онцлогоор Алтай, Хангай, Говь, Тал гэж дөрөв хуваагаад, хөгжмийн дөрвөн цуврал бүтээл хийнэ гэж. Яагаад ингэж дан хөгжмийн бүтээл хийх гэсэн юм гэхээр даруу бишээр ярих юм бол эх оронч гэдэг юм уу би хөгжмийн зохиолч ч гэсэн нийгэмдээ тустай байна гэдэг ч юм уу зорилгоор дээрх дөрвөн санааг гаргасан юм. Говийн тухай нэг цагийн хөгжим биччихээд, CD гаргасан. Нийт дөрвөн сэдвээр CD гаргана. Манай ерөнхий боловсролын сургууль эднийг маань сургалтад хэрэглэж болно. Эсвэл гадаадын хүмүүс ирээд, Монголын говийн тухай хөгжим сонсчих боломжтой байх учиртай. Цаашдаа тав гурван төгрөг олдох юм бол өөрийнхөө хөгжмийг дүрсжүүлэх санаатай байна. Н.Жанцаноровын “Оюу эрдэнийн говь” гээд л хөгжим явахад гадны хүмүүс Монголд ирээд говийн тухай сайхан дүрстэй хөгжмийг авч явъя гэж болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийж эх орондоо тусалъя гэсэн юм. Нөгөө талаар бид гадныханд ном бэлэглэх гэхээр хэл ус нь болж өгөхгүй. Нөгөө л нэг ноолууран цамц, бээлий, хүзүүний ороолт гэсхийгээд дуусдаг. Одоо хөгжмийн бүтээл бэлэглэе. Миний хөгжмөөс хамаараад ч гэх үү, шалтгаалаад ч гэх үү жилд ирэх жуулчдын тоо арваар ч болов нэмэгдвэл эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр.

-Хөгжим зүрх сэтгэлээс эгшиглэдэг гэж би боддог юм. Та бол одоо ухаанаар “зодож” уран бүтээл хийж байгаа юу?

-Би нэг удаа хэлсэн дээ. Хөгжим бол авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг шүү гэж. Ухаан зараагүй бүтээл гэж байхгүй л дээ. Гэхдээ тодорхой зорилготой, бодлоготой болж байгаа юм. Энэ удаа гуравдугаар сарын 28-нд “Тал”, “Говь” хоёр нь концерт болж байгаа юм. Говийн тухай тавиад минут Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, үлээвэр хөгжимчид, виолончелийн чуулга нийлээд тоглоно. Концертын нэгдүгээр хэсэг ийм. Энэ бүтээлээ хийхдээ би говиор явсан. Дорнодын талаар долоо хоног явсан. Тэгээд л сэтгэлдээ цуглуулж бичсэн зүйл шүү дээ. “Дорнодын цэнхэр аялгуу” нь зургаан дуутай. “Хэрлэнгийн ай” гээд Э.Төрмандах дуулна. Эхлээд “Дорнодын цэнхэр аялгуу” гээд хөгжим явна. Бадам-Ишийн тал, Мэнэнгийн тал, Тамсагийн тал гэж гурван залгаа гайхамшигтай тал байна. Хэрлэнбарс хотын туурь гэж байдаг юм билээ. Чингис хаан ялагдаж яваад, Хэрлэнбарс хотоос зүүн урагш нэгэн овоог тахиад түүнээс хойш ялагдаагүй гэсэн домогтой. Наахна нь алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн нутаг байдаг. Г.Жамъян гуайн дурсгалд зориулж “Хэрлэнбарсын дууль” гэж Морин хуурын хоёрдугаар концерт хийсэн. Энд тоглогдох юм. “Дорнодын цэнхэр тал” гэж дууг Д.Отгонжаргал дуулна. “Тал, ээж хоёр” гэж миний шүлгээр хийсэн дууг Д.Отгонжаргал бас дуулж байгаа юм.

-Та бас шүлэг бичдэг юм аа?

-Би тэвдэхээрээ өөрийхөө дууны шүлгийг биччихнэ ш дээ.

“Цагаан үүлийг сэмэртэл ингэн тэмээд буйлсан

Цагийн аясыг зөөлөртөл ботгон нулимс бөмбөрсөн

Талаан би санаад байна

Танхил багадаа үлдээсэн тал минь намайг санаад байна” гэсэн үгтэй. Халхын голоор явсан. Г.Бирваа гуай Халхын голын дайны бүрээ үлээж байсан хүн. Би Халхын голын дайны окоп байсан дурсгалт газруудыг үзлээ. Дайн байлдаан болж байсан газар хүмүүс мөнх нойрсч байх юм даа гэж бодоод “Тэр өдөр” гэж Г.Бирваа гуайн дурсгалд зориулж, хөгжим хийсэн дээ. “Миний номин тал” гэж О.Дашбалбарын шүлэг, “Цэнхэр Буйрын хөвөөнд” гэж дууг Г.Ариунбаатар дуулах юм. Буйр нуурын хөвөөнд би нэг бороотой өглөө очсон юм. Дөрөвний нэг нь юм уу даа Хятадын нутагт байдаг юм билээ. Усан хил юм байна. Цаанаа загасны үйлдвэртэй юм. Бид нэг ч загас наанаас нь татдаггүй. Хятадууд цаанаас нь загасыг нь аваад явчихдаг юм билээ. Чөлөөлөх дайны дараа л ингэж хуваагдсан байх л даа. Надад нэг сонин мэдрэмж төрсөн. Уг нь Хөлөнбуйрын нутаг шүү дээ. Тэгээд

“Цэнхэр Буйрын уснаасаа амсч үзээд ухаарлаа

Цээжин гүн дэх үнэнээ амьсгал дотроо сонслоо

Мөнгөн Буйрын уснаасаа балгаж үзээд сэхээрлээ

Миний л зүрхэн дундуур мэлтэрч байхыг нь мэдэрлээ

Нуураа тойроод нар зөв эргэхэд

Харийн харьд л очих нь үү дээ

Нутагтаа багтааж чадаагүй

Хүүдээн битгий гомдоорой” гээд үзэж байгаа юм даа.

Дараа нь дөрвөн ангитай “Дорнодын уудам тал” гэж хөгжмийн чуулбар явна. Энэ бол тоглолтын хоёрдугаар хэсэг. Ийм концерт болох юм. Талынхаа тухай “Дорнодын цэнхэр аялгуу” гэж CD гаргасан. Говийн тухай “Оюу эрдэнийн говь” гэж цомог гаргаж байна. Манайхан цомгийн баяр гэж хийдэг юм билээ. Ер нь манайхан урлаг хөгжиж байна гээд яриад байгаа боловч бид дэндүү олон нийтийн урлаг руу хүч, сэтгэл өгч байх шиг. Рок поп, хип хоп, зохиолын дуу гэж айхавтар салбар гарч ирлээ. Хошин шог гэж мундаг юм бий. Том бүтээлүүдийн концертын хувь дэндүү бага. Симфони, дуулаачийн том бүтээл, дан хөгжмийн концертууд явахгүй бол ерөөсөө улс орны жин нэмэгдэхгүй шүү дээ. Бүгдээрээ хоорондоо харилцан уялдаатай. Хошин шог, зохиолын дуу муу урлаг биш. Төрөл нь өөр. Миний тоглолт бол үндсэндээ дан хөгжмийн концерт. Тэгэхээр Бөхийн өргөөнд очоод, зохиолын дуу сонсдог хүн миний тоглолтын тасалбарыг аваад, ирээд сонсвол ер нь л унтаад өгөх вий. Өглөө болж нар мандуулах гээд нөгөө хөгжимчид чинь хөгжимдөөд суучихна шүү дээ. Түмэн зээрийн хурдныг ээ л гэнэ. Нажигнаад л байдаг, нажигнаад л байдаг. Тэгэхээр хэцүү. Гэхдээ том роман уншихгүй, том хөгжим сонсохгүй бол яг өнөөдрийн манай нийгэмд болж байгаа явдал шиг бужигнаад байна. Урлаг нийгэм харилцан уялдаатай. Нийгмийн сэтгэл зүйг өргөдөг том бүтээлүүдийг хүн үзэхгүй ч байсан тоглож байх нь бидний үүрэг. CD гаргасан шүү худалдаж аваарай гээд орхиж болохгүй. Амьдаар тоглох гэдэг гайхамшигтай үзэгдэл. Ингэж байж бид нийгмийн сэтгэл зүйг өөрчилнө. Ёс зүйтэй болгоно. Хөгжмийн зохиолчид энэ рүүгээ явахаас аргагүй. Тийм учраас би таван хүн ирсэн ч тоглоно. Тавин хүн ирсэн ч тоглоно. Сонсогч өөрийгөө хүндэтгээд ирвэл гомдоохгүй тоглолт. Ийм л тоглолт болох юм. Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал, Э.Төрмандах нар зургаан дуу дуулна. Тэгээд л бүтэн найрал хөгжим хоёр цаг шахам нажигнуулна. Ийм концертыг бид л зориглож хийхгүй бол өөр бусад нь хийхгүй. Яагаад гэвэл ашигтай байж чадахгүй, олон хөгжимчин, том заал, олон удаа сургууль хийхээр орж байгаа хэдэн мөнгө нь түүндээ зарлагадчихна. Бидэн шиг хойноо санах юм багатай болсон улсууд л зориг гаргаж хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *