УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа.
-Эрчүүдийн баярт зориулсан мюзикл дээр ажиллаж байгаа гэсэн үү?
-Энэ оны босгон дээр хийгдсэн бүтээл. Поп опера чиглэлээр дуулдаг Увертюра хамтлагийнхан “Надад үлдсэн найз” гэж зохиол захиалж бичүүлээд түүгээрээ мюзикл хийх гэж байгаа, “Баясаа эгч ээ, ажиллаж өгөөч ээ” гэж өнгөрсөн аравдугаар сард над руу ярьсан. Тэдэнтэй ажилласаар байгаад нэгдүгээр сарын 22-25-ны хооронд драмын театрт гурван удаа тоглосон юм. Мюзикл гэхээр жүжгэн дундаа дуутай, дан дуутай гэх мэт төрлүүд байдаг л даа. Тэд бүтэн жүжгийн зохиол барьчихсан надтай уулзсан. Зохиолыг нь уншиж үзээд эхэндээ татгалзсан. “Энэ чинь жүжгийн зохиол байна шүү дээ. Би мэргэжлийн бус хүмүүстэй жүжгэн дээр ажиллаж чадахгүй” гэсэн чинь “Бид чадна. Үгийг нь багасгаад дуунууд орж ирэх юм. Та бидний жүжиглэлт, тоглолт тал дээр ажиллаж өгөөч” гээд. Түүнд нь үнэмшээд зохиол дээр нь ажилласан. Үг нь бараг хасагдаагүй хэвээрээ, ерөнхийдөө жүжиг тоглосон. Эхэндээ хүнд санагдсан. Маш их ажилласан, нөгөөдүүл маань ч хөөрхөн авьяастай байсан. “Надад үлдсэн найз” мюзикл Тусгаар тогтнолын ордонд гуравдугаар сарын 18-нд тоглогдох юм.
-Та энд ямар үүрэгтэй оролцов?
-Туслах найруулагчийн үүрэгтэй ажилласан. Ээжийн дүрд дуучин, жүжигчин Б.Нармандах тоглосон юм. Би бас нэг туслах дүр бүтээсэн. Жүжиг нээгдсэний дараа зрительтэй харьцаад эхлэнгүүт нь нулимс цийлгэнээд ирсэн. Миний уясан морь тайзан дээр амжилттай давхилаа.
-Та жүжигчнээс гадна найруулагчийн ажил хийдэг юм уу?
– Миний үндсэн мэргэжил жүжигчин. “Монголын моно жүжгийн төв” нээсэн. Моно жүжигт хүчээ сорих гэж байгаа залуус маш их ирж уулзаж байна. Найруулгын талаас ч зохиол, жүжиглэлт талаас ч зөвлөж дэмжиж байгаа. Тийм болохоор найруулга тал дээр заримдаа ажиллаад байна.
-Моно жүжиг рүү яагаад халтирчихав?
-Анх 2013 онд Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгээр нэг хүний жүжгийн номинаци гаргаж “Гэгээн муза”- наадмыг олон улсынх болгосон юм. Энэ төрөлд хоёр гурван орноос жүжигчид ирсэн. Дээрээс нь “Хувьсал” продакшны жүжигчин Ганцэцэг бид хоёр анх хүч сорьж, оролцож байлаа. Надад Эдит Пиаф зохиолыг санал болгож, “Дуулдаг юм чинь Баясаа чи ажиллаач” гэж С.Сарантуяа эгч хэлсэн юм. 2014 ондоо Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс намайг Косово улс руу зуучилж, тэнд ЮНЕСКО-гоос зохиогдсон олон улсын театр урлагийн институтаас зохион байгуулдаг тэмцээнээс Гранпри шагнал авсан. ЮНЕСКО-гоос зохиогдсон тэмцээнд зөвхөн Гранпри авсан тохиолдолд манай Засгийн газраас 65 сая төгрөг өгөх заалт байдаг юм билээ. Энэ заалтыг биелүүлсэн учраас Засгийн газраас надад мөнгө өгсөн. Үүндээ маш их урамшсан. Энэ чиглэлээр явах сонирхолтой олон залуус гарч ирсэн л дээ. ЮНЕСКО-гийн Моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур гэж хүн байдаг. Монголдоо энэ фестивалийг хийвэл дэмжиж хамтарч ажиллана гэсэн. Моно жүжгийнхээ төвийг ингэж нээсэн дээ. Нина Мазурын дэмжлэгээр манай фестивальд оролцохоор таван орны жүжигчин өнгөрсөн жил Монголд ирсэн. БСШУЯ, УДЭТ, Хүүхэлдэйн театр хамтарч “Ялагчдын цуваа” фестивалийг хийсэн. Олон улсын шагнал авсан, амжилт үзүүлсэн жүжигчид оролцдог фестиваль. Монголын үзэгчдийг моно жүжигт бэлтгэх, манай жүжигчдэд моно жүжгийг таниулах зорилгоор хийгддэг ажил. Өнгөрсөн жил Монголын анхдугаар моно жүжгийн уралдааныг зарласан юм. Түрүүлсэн жүжигчнийхээ тоглолтоор олон улсын фестивалийг хаасан. Энэ жилийн хувьд “Ялагчдын цуваа” фестиваль маань наймдугаар сарын 15-20-ны хооронд болно. Дөрвөөс таван орны жүжигчид ирж оролцоно. Үүнээс өмнө Монголоос ямар жүжигчин оролцохыг шалгаруулна. Моно жүжгийн хоёр дахь уралдаанаа жүжигчдийн дунд зарлачихсан байгаа. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд шалгаруулалт явагдана. Бүх аймаг, продакшнуудад удирдамжаа явуулчихсан.
-Моно жүжиг хөгжих болсон нь нийгмийн учир шалтгаантай болов уу?
-Жүжиг, урлаг хүнд юу өгдөг билээ. Яг л түүнтэй адил. Бүтэн жүжиг шиг эхлэл өрнөл, төгсгөлтэй, зохиолтой. Хүнд хүргэх мессэж, санаатай. Би гэхэд өөрийн хоёр моно жүжигтэй. Бүтэн цаг тоглодог. Үзэгч хэлэх гэсэн санааг ойлгоод ямар сайхан юм бэ, ийм юм бас байдаг юм байна, бид ингэх хэрэгтэй юм байна гээд авах ёстой мессэжээ аваад л гардаг. Мэдээж нэг хүн үзэгчдийн анхаарлыг бүтэн цаг алдахгүйгээр барина гэдэг хэр баргийн жүжигчний хийдэг ажил бас биш. Моно жүжгийг анх би Монголд тоглосон юм биш.
-Д.Сосорбарам гуай ганц хүний театртай байсан?
-Со ах ганц хүний театртай байсан. Гэхдээ бүтэн жүжиг тоглож байгаагүй байх аа. Дуу шүлэг, цогцолсон тоглолтуудыг хийж байсан байх. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан “Гамлет” жүжгийн бүх дүрд өөрөө хувираад, радио жүжиг бичүүлсэн байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгийг анх сурталчлаад “Леди Макбет” жүжгийг бидэнд тоглож үзүүлсэн. Тэр жүжгээрээ Польшид фестивальд оролцож байсан. Тийм болохоор анхдагч гэж би ярьдаггүй. Анх удаа гаднаас Гранпри шагналыг авчирсан гэдэг нь л анхдагч байх.
-Чадалтай жүжигчдэд найруулагч дүр өгөхгүй байгаа тохиолдолд өөрөө моно жүжгээр дэлхийн түвшинд гарах боломжтой боллоо гэж зарим хүн дүгнэсэн байна лээ?
-Хаа газрын драмын урлаг ядуу байдаг. Драм гэхээр маш олуулаа бүтэн жүжигт тоглоод ард талд нь тайз засах, хувцас, парик солих, шум тавих хүн дагалддаг. Том багууд тив дамжаад явах зардал олох хүнд. Тийм болохоор сүүлийн үед драмын урлаг цөөхөн хүнтэй, тайз багатай, хөнгөн шийдэлтэй тайзтай, хоёроос гурван хүнтэй жүжиг ч юм уу ганц хүнтэй жүжиг тал руугаа маш хазайж орж байгаа. Дээр үеийн хуучин нүсэр бүхнээс татгалзаж байгаа. Тийм учраас бидний олон улс руу гарах гарц моно жүжиг.
-Моно жүжгийг хүлээж авах үзэгчид бэлтгэгдсэн гэж та үзэж байна уу?
-Байна байна. Би гэхэд л “Эдит Пиаф” жүжгээ хэд хэдэн удаа тоглосон. Анх Монэ гэж Централ тауэрийн 17 давхрын франц ресторанд 100 доллараар тоглосон. Драмын театрт, Хүүхэлдэйн театрт ч хэд хэдэн удаа тоглосон. Манай театрт ажиллаж байсан Нямсүрэн гэж Соёлын тэргүүний ажилтан менежер эмэгтэйтэй хамтарч зориглож “Монэ”-д тоглож байлаа. Хүмүүс маш сайхан хүлээж авдаг. Анх ирэхдээ нэг хүний жүжиг ч гэж юу байдаг юм гээд зарим нь тоодоггүй, үзсэнийхээ дараа дуу нь өндөрсөөд, нүд нь томорчихсон “Ийм юм бас байдаг юм аа” гээд баяр хүргэдэг.
-“Эдит Пиаф” гэдэг өвөрмөц хүчтэй хоолойтой алдартай дуучны дүрд тоглоно гэдэг зоригтой сонголт. Таны дуулахыг сонсоход үнэхээр л түүнтэй төстэй дуугарч байгаа санагдсан?
-Хоолойны өнгө маш адилхан байна гэж хүмүүс хэлдэг. Түүгээрээ ч хүнд хүрдэг байж магадгүй. Олон улсын фестивальд оролцож байхад ч маш их дуртай байдаг. Монгол хэлээр ярьдаг. Юу ярьж байгааг ойлгохгүй ч миний яаж тоглож байгааг шүүгчид харж л байгаа шүү дээ. Дээрээс нь дуулахаар бүр л өндөр үнэлгээтэй байдаг шиг санагдсан.
-Эдитийн дууг дуулахад маш их чармайлт шаардсан байх, франц хэл ч бас амаргүй?
-Өө зөндөө их судалсан. Эдит Пиафыг өөрийг нь судлаад, зургаан сар яг компьютер ширтээд, хэл ус судалсан. Дуунуудаа дуулахад хэлний бэрхшээл маш их тохиолдсон. Монгол Францын хамтарсан Альянс гэж төв байдаг. Тэдний туслалцааг авсан.
-Энэ бүхний дараа дуулбал амжилтад хүрэх юм биш үү гэж бодогдох юм уу?
-Ерөөсөө тэгж бодогддоггүй. Үндсэн мэргэжил маань жүжигчин учраас жүжгэн дунд дуулаад өнгөрнө үү гэхээс биш дуулах тал руугаа хэлбийгээд, нэрд гарах гэж үзэж тараагүй.
-Та хэд дэх жилдээ жүжигчнээр ажиллаж байгаа вэ?
-22 дахь жилдээ.
-Та өнгөрсөн хугацаанд олон удаа шагнал хүртсэн мундаг жүжигчин мөртлөө яаж ийм нам гүм байж чаддаг юм бэ?
-Би одоо ч өөрийгөө олны танил гэж боддоггүй. Хүмүүс намайг олны танил гэхэд баярладаг ч үгүй. Жүжиг үздэг хүмүүс л танина уу гэхээс бусад хүн намайг танихгүй. Би тэр болгон кинонд тоглохгүй, рекламанд тоглохгүй, яг л тайзны урлагтаа үнэнч яваа. Тайзны урлагаараа л амжилтад хүрэх сонирхолтой байсан. Олон улсын том шагнал авч ирнэ гэдэг миний хувьд том амжилт.
-Увсын Цагаанхайрхан сумын охины бага нас яаж өнгөрөв?
-Төрсөн газар Улаангом хот. Аав маань Цагаанхайрханых учраас Цагаанхайрханых гэж явдаг. Мэдээж уулс устай тийм сайхан газар төрсөн хүмүүс бүгд л том алаг нүдтэй байдаг ш дээ. Багадаа олон дүүтэй, айлын дунд охин байсан. Хичээлдээ явна, эсвэл дүүгээ хардаг ажилтай байлаа. Дүү нараа нуруундаа үүрсэн охин байлаа. Гэхдээ слортод дуртай. Сагс, волейбол тоглодог. Дандаа Орбитын суваг үздэг. Оросын спорт, урлаг, кино, балет, дуурь үздэг байлаа.
-Жүжиглэх авьяас чинь хэдийнээс тодров?
-Жүжиглэх авьяас театрт орж ирсний дараа л тодорсон байх. Багадаа бол жүжигчин болох дуртай л байсан. Ээж орос хэлний багш. Маш олон орос дуутай пянзнууд манайд байлаа. Аав маань урлагийн мэдрэмжтэй, сайхан дуулдаг, дандаа үлгэр ярьж биднийг унтуулдаг байв. Аавууд ийм л байдаг гэж боддог байсан. Одоогийн аавууд ямар байгааг мэдэхгүй.
-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Ээж хүү, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Дүү маань хөдөө явж ирдэг ажилтай. Ар гэрийг ээж маань л авч явна. Театрт ажиллаад шөнө нь ч нэг хүний жүжиг дээрээ ажиллаад орон гэртээ ч очихгүй, нойр хоолгүй явахад ээж л ар талыг маань дааж, үр хүүхдийг минь асарч хүн болгосон.
-Ямар дүрдээ та хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?
-Сайхан дүрүүд зөндөө бий. Өнгөрсөн жил оны шилдэг жүжигчин болсон. Яамнаас “Мөнгөн мод” гэж том шагнал өгдөг. “Чөлөөт хос” жүжгийн дүрээрээ авсан. Хоёр хүн бүтэн цаг дөчин минут тоглодог. УГЗ Ч.Найдандорж найруулсан юм. Энэ жүжгийг үзсэн хүмүүс энэ нийгмийг урлаг авч явдаг гэж үнэн юм байна. Энэ жүжгийг үзээд өөрийгөө ч олж харлаа, гарцаа ч олж харлаа гэцгээдэг. Зохиолч нь Нобелийн шагналт Дариа Фо гэж хүн. Энэ жүжгийг үзээд амьдралаа өөрчлөх, өөрийгөө өөрчлөх гэр бүлээ аврах санааг авсан гэж хүүхнүүд хэлдэг юм. Амьдрал дунд мөн чанараа алдахгүй байх тухай энд өгүүлдэг. Би ганц секунд суух чөлөө гардаггүй. Яриад, орилоод хашгичаад эсвэл дуулаад ямар ч зав чөлөөгүй тоглодог жүжиг. Гайхалтай дүр. Маш бага зардлаар боссон. Аль хэдийнэ зардлаа нөхсөн. Томхон шиг гэртэй айлд ч бид урилгаар тоглож болно гэж манай найруулагч хэлдэг юм. Үзэгчидтэйгээ яриад явчихдаг. Монголын жүжигчдийн тоглолт энгийн болж байгаа. Үүнийг ч илэрхийлсэн, сонирхолтой тавигдсан жүжиг.
-Уран бүтээлийн шинэ санаа оноо төрж байгаа биз?
-Мюзикл бодогддог. Мэргэжлийн хэмжээнд хийгдэж байгаа Холливудын кабаре театруудынх шиг мюзикл хийх юм сан гэж бодогддог ш дээ. Би би гэж орилдог хүн биш. Чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Нийгэмдээ дуу хоолойгоо нэмэрлэх юмсан гэсэн хүсэл сонирхолтой байдаг. “Тэнгэрийн аялгуу” гэж миний бас нэг жүжиг бий. Эх дэлхийгээ төрсөн эх шигээ хайрлах ухагдахууныг хөндсөн бүтээл. Зарим сургууль дээр очиж хүүхдүүдэд тоглодог. Хүүхдүүд маш сайхан хүлээж авна. Хамгийн сүүлд “Та нар ээждээ хайртай юу” гэхээр “Хайртай”гэдэг. Эх дэлхий чинь яг ээж шиг чинь байгаа биз гэхээр “Тийм байна” гэдэг.
Хүмүүс зөв бурууг нь ойлгоогүй байж, хэн нэгнийг бүү буруутгаасай, хүмүүнлэг, талцдаггүй, юмыг нааштай, эерэгээр харж сураасай гэж хүсдэг. Аль болох хайр түгээх хүсэл байдаг.
-Сонсдог ном хийх тухай боддог уу?
-Хоёр жүжгээ радиод бичүүлсэн. Нээрэн тэрийгээ авч сонсдог ном хийж болох юм байна шүү дээ.