Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов маш олон талын авьяастай хүн байсан. Эрдэмтэн, зохиолч, зураач байсан тэрээр Орост хамгийн анх томоохон хэмжээний мозайк буюу шигтгэмэл зургийг бүтээсэн түүхтэй. “Полтавын тулаан” мозайк нь өдгөө Санкт-Петербург хотноо хадгалагдаж байдаг. XIX зууны хоёрдугаар хагас хүртэл өнгө өнгийн шил шигтгэн бүтээл туурвихыг Италийн мастерууд л хийдэг байжээ. Эртний Грект шил шигтгэн бүтээл туурвидаг байсан гэдэг. Гэвч энэ нь хэсэгтээ мартагдсан бололтой. Италийн мастерууд ч энэ урлагийнхаа нууцыг чандлан хадгалж чадсан байна. Гэвч удалгүй нууц задарч Франц болон Европын бусад орнуудад мозайк хийдэг болжээ. Шил шигтгэн хийсэн нэгэн бүтээлийг үзсэн М.В.Ломоносов ихэд биширсэн гэдэг. Тэрээр энэ чиглэлээр 1742 онд химийн лаборатори байгуулах зөвшөөрөл авч түүнээс хэдэн жилийн дараа шилний үйлдвэр байгуулсан.
Үүний дараахнаас М.В.Ломоносов өнгө өнгийн шил шигтгэн зураг бүтээх ажлаа эхлүүлжээ. Тэрээр нэлээд хэдэн бүтээл туурвиснаас хэмжээний хувьд хамгийн том нь “Полтавын тулаан”. Санкт-Петербург хотноо Оросын хаан Петр I-ийн шарил хадгалагдаж буй Петропавловын сүмийн ханыг чимэхээр 12 бүтээл захиалгаар хийлгүүлсний нэг нь байжээ. Уг бүтээл нь өдгөө тус хотын Шинжлэх ухааны академийн байранд байдаг бөгөөд 4.81х6.44 метрийн хэмжээтэй.
Алдарт М.В.Ломоносов түүхэн үйл явдлыг шигтгэмэл урлагаар дүрслэн харуулахын тулд хамгийн түрүүн Л.З.Кристинек хэмээх зураачаар эхийг нь зуруулсан гэдэг. Ингээд долоон туслагчийнхаа хамт ажлаа эхлүүлжээ. 1709 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө Оросын хаан Петр I, Шведийн хаан Карл XII нар Полтав хотын ойролцоо халз тулсан түүхтэй. Оросын арми энэ дайнд ялалт байгуулснаар Европ дахь Шведийн ноёрхлыг зогсоосон юм. Энэ бүтээлийг нэг сая 30 мянган ширхэг жижиг шил шигтгэн хийжээ.
М.В.Ломоносов мозайк зургаараа юуны түрүүн Оросын эзэн хаан болон түүний цэргийн сүр хүчийг илтгэн харуулсан. Бүтээлийнхээ гол хэсэгт жирийн цэргүүдийг дүрсэлснээр энэ тулаанд ялалт байгуулахад тэд хамгийн их гавьяа байгуулсан болохыг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл энгийн цэргүүд Петр I-ээс илүү үүрэгтэй байсан гэдгийг харуулсан байна. Эзэн хааныг мозайкийн голд бус зүүн хэсэгт морио унасан байдалтайгаар дүрсэлсэн юм. Зоригтойгоор цэргүүдээ тулаанд дагуулан орж буй Петрийн морь дээш цоройно. Ногоон өнгийн цэрэг хувцас өмссөн эзэн хааны харц шийдэмгий, гартаа сэлмээ барьсан нь тулаанд орж байгааг харуулна. Түүний ард шадар туслахууд нь болох Б.П.Шереметев, А.Д.Меншиков нарыг уран бүтээлч дүрсэлжээ. Харин өмнө нь жад барьсан энгийн нэгэн цэрэг хааныхаа замыг хаахыг завдаж байгааг та бүхэн харж байна. Тэрээр Петр I-ийг хайрлан хамгаалж, халз тулааны гүн рүү оруулахгүй хэмээн хөндөлдсөн нь энэ аж. Ийнхүү ард түмэн нь эзэн хаан, төрөө дээдлэж байгаа гэдгийг илэрхийлжээ. Тулаан ид өрнөж байгааг дүрслэхдээ Орос болон Шведийн цэргүүдийг ялгагдахаар харуулсныг урлаг судлаачид онцолсон байдаг.
Тэдний хувцсыг тод өнгөөр дүрсэлснээр хаана нь хэний талын цэрэг байгааг түвэггүй ялгах боломжтой. Уг бүтээлийн арын хэсэгт алсад буй хот, юу юугүй тулаанд орж байгаа цэргүүд, тэнгэрийн үүл зэргээр байдал тун ч ээдрээтэй байгааг илэрхийлсэн юм. Шигтгэмлийн баруун хэсэгт суунагласан утаа нь тулаан ид дундаа байгааг харуулжээ.
Уг бүтээлд өнгийг маш чадварлагаар хослуулан хэрэглэсэн болохыг урлаг судлаачид дурдсан байдаг. Энэ үйл явдал Оросын төдийгүй Европын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Учир нь 1700 онд Шведийн хаан Нарвд болсон тулаанд ялалт байгуулснаасаа хойш Европын орнуудыг эзлэх аян дайнаа эхлүүлсэн юм. Оросын хаан Петр I Шведийн эсрэг дайтаж Ливонийг эзлэн аваад Санкт-Петербург хотыг үндэслэн байгуулах ажлаа эхлүүлсэн. М.В.Ломоносов энэ бүтээлийг Санкт-Петербург хотноо туурвисан зэрэг нь нэлээд учиртай. Ливонийг алдсан Шведийн хаан Карл XII ялагдлынхаа хариуг авахаар Оросын төв хэсгийг эзлэн авах аян дайнаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр Москваг эзлэн аваад Оросын гүнийг зорино хэмээн төлөвлөжээ. Полтавын тулаан энэ аян дайны эхний тулаан байсан гэдэг.
1709 оны долдугаар сарын 27-нд шөнийн хоёр цагт тулаан эхэлсэн байна. Дөрвөн эгнээгээр жагссан Шведийн цэргүүд Оросын арми руу довтолж араас нь морин цэргүүд довтлоход бэлэн байсан гэдэг. Үүнээс хэдэн цагийн дараа буюу есөн цагт гар тулаан эхэлжээ. Гэвч 11 цаг гэхэд Шведийн цэргүүд зугтаж байсан гэдэг. Түүхэн баримт бичгүүдэд ийнхүү тэмдэглэгдэн үлдсэнээс үзэхэд ямар хэмжээний тулалдаан болсон нь ойлгомжтой. М.В.Ломоносов ч үүнийг “Полтавын тулаан” шигтгэмэл зургаараа дүрслэн харуулж чадсан. “Полтавын тулаан” бүтээлээ хоёр жил буюу 1762-1764 онуудад хийсэн юм. Энэ бүтээл нь бэлэн болоход М.В.Ломоносов явж чадахаа больсон байжээ. Тиймээс суугаагаараа бүтээлээ хүлээлгэн өгсөн гэдэг. Харин “Полтавын тулаан”-ыг нь алтадсан хүрээгээр чимжээ.
М.В.Ломоносов нь шигтгэмэл урлагийг ашиглан нэлээд хэдэн бүтээл туурвисан. Тэдгээрийн дийлэнх нь хөрөг зургууд. Тэрээр Петр I, Александр Невский, хатан хаан Елизавета гээд 40-өөд бүтээл туурвисан бөгөөд тэдгээр нь өнөөдрийг хүртэл “Эрмитаж” зэрэг газруудад хадгалагдаж байдаг.
Ийнхүү нэрт эрдэмтэн, уран бүтээлч маань Орост мозайкийн үндэс суурийг тавиад зогсохгүй шил үйлдвэрлэл болон түүний ашиглалтын эхийг тавьсан түүхтэй. Түүний шигтгэмэл бүтээл нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бүтээлүүдээс ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байжээ.