Алигатай Тэмцэх Газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шадар сайдын өрөөнд дайрч орон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өчигдөр АТГ-ын Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь очиж, албан бичиг аваачиж өгсөн. Энэ талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийж байна. АТГ-ын мөрдөн байцаагчид иргэн Н.Энхбаярт Байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай агуулгатай албан бичгийг аваачиж өгсөн. Уг албан бичгийн гол агуулга нь иргэн Н.Энхбаярын байгаа газарт очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай. Иргэн Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн хувьд хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.Өнөөдрийг хүртэл АТГ-аас Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22. Мөн уржигдар буюу гуравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэлээ.
Ингээд уг мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Өчигдөр орой ажлын цаг дууссаны дараа БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ рүү утсаар ярьж иргэн Н.Энхбаярыг мэдүүлэг өгүүлэхийг хүссэн гэсэн. Энэ тухайд тайлбар өгөөч?
– Иргэн Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. БХ-ын сайд Ц.Цолмон, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Н.Энхбаярыг дуудсан цагт хариуцан ирүүлж байх үүргийг бичгээр авсан байгаа.
– Шадар сайдын өрөөнд дайрч орсон, хаанаас явж байгаагаа хэлээгүй гэсэн мэдээллийг Шадар сайд өгч байгаа. Энэ тухайд?
– Дайрч орсон асуудал байхгүй. Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярт Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор мөрдөн байцаагч түүний байгаа болон товлосон газарт очиж уулзах саналыг хүргүүлсэн.
Авлигатай Тэмцэх Газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна.
– Хэрвээ иргэн Н.Энхбаяр зарлан дуудах хуудсыг хүлээн авахгүй, өгөхгүй байсаар байвал ямар арга хэмжээ авах вэ?
– АТГ-ын зүгээс албадлагын арга хэмжээ авахыг урьтал болгохгүй байгаа. Иргэн Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байна.
– Хүндэтгэлтэй хандах хугацаа нь хэр хугацаанд үргэлжлэх вэ?
– Бидний зүгээс иргэн Н.Энхбаяр хуулиа биелүүлэхийг хүлээж, найдаж сууна.
АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлсэн бичиг