Categories
мэдээ нийгэм

Гурван сэжигтний нэгийг нь эрэн сурвалжилж байна

ДАРААДАН БОЛСОН ДЭЛБЭРЭЛТЭД ДОР ХАЯЖ 30 ХҮН ҮРЭГДЭЖ, 230 ХҮН ШАРХАДСАН

Брюселль хотноо өчигдөр болсон дэлбэрэлтийг “Халифын вант улс” бүлэглэлийн хийсэн хэмээн Бельгийн эрх баригчид мэдээлжээ. Нисэх буудалд болсон дэлбэрэлтийг Ойрхи Дорнодоос гаралтай хоёр этгээд үйлдсэн болохыг хяналтын камерын тусламжтай тогтоожээ. Гэхдээ алан хядагчид хоёр биш гурвуулаа байсан гэдгийг Бельгийн мөрдөгчид тогтоожээ. Учир нь дэлбэрэлт зохион байгуулсан байж болзошгүй хоёр этгээдийг нисэх буудалд хүргэж ирсэн таксины жолооч “Нисэх буудал дээр би хоёр биш гурван хүн хүргэж ирсэн. Хоёр нь хар цамцтай бол нэг нь цагаан цувтай байсан. Тэд хоорондоо миний мэдэхгүй хэлээр яриад байсан” гэжээ. Энэ мэдүүлгийн дагуу мөрдөн байцаагч нар нисэх буудлын бичлэгийг шалгахад үнэхээр тэд гурвуулаа нэгэн зэрэг нисэх онгоцны хаалгаар орж ирсэн байжээ.

Бельгийн нисэх буудал болон метроны хонгилд дараалан болсон хоёр дэлбэрэлтэд дор хаяж 30 хүн үрэгдэж, 230 хүн шархадсан гэх мэдээллийг CNN мэдээлж байна. Нисэх буудлын камерын бичлэгт дүрс нь үлдсэн гурван сэжигтний хоёр нь (хар цамцтай) дэлбэрэлтийн үеэр амиа алдсан бол нэг нь тэсрэх бөмбөгөө онгоцны буудалд байршуулчихаад, хэргийн газраас зугатаасан гэж мөрдөн байцаагчид таамаглаж байгаа гэнэ. Бельгийн Дотоод явдлын яамны сайд Жан Жанбон “Цагаан цувтай сэжигтэн нисэх буудалд тэсрэх бөмбөг байршуулсан ч тэр нь азаар дэлбэрээгүй. Одоогоор бид тэр залууг хайж байна” гэжээ.

Бельгийн Засгийн газрын төлөөлөгчдийн хэлж байгаагаар Брюссель хотын олон улсын нисэх буудалд дэлбэрэлтэд өртөн 10 хүн нас барж, 100 хүн шархадсан бол түүнээс холгүйхэн орших Маалбекийн метроны буудалд болсон дэлбэрэлтэд 20 хүн нас барж, 130 хүн шархадсан байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *