Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймагт үргэлжилж байна.

Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авч, Засаг даргын Тамгын газарт ажиллан цаг үеийн мэдээлэлтэй танилцав. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс нь аймгийн хэмжээний төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тайлагнах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа гэв. Түүнчлэн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урамшуулах, хүний нөөцийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм.

Эрүүл мэндийн чиглэлээр хийж буй ажлууд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал болон улсын, орон нутгийн төсвийн орлого, зарлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд аймгийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа бөгөөд 1961-2012 оны хооронд 1050 байсан бол 2012 оноос хойш 1164 орон сууц шинээр ашиглалтад оржээ. Инженерийн шугам сүлжээ энэ хугацаанд нэг дахин нэмэгдсэн байна.

Улсын Их Хурлын дарга өнөөдөр Баянхонгор аймагт ажиллахдаа тус аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *