“Apple” компани “iPhone 6” “iPhone 6S” утасныхаа дараагийн загвар болох “IPhone 7” загварыг ирэх намар худалдаанд гаргана хэмээн танилцуулсан. Энэ нь хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа аж.
Гэхдээ үүнийг яг “iPhone 6”-ын үргэлжлэл гэж хэлж болохгүй гэнэ. Учир нь өмнөх загваруудаас эрс шинэчлэл хийжээ. Шинэ загвар ерөнхийдөө “iPhone 6s”-ийн их бие дээр суурилагдсан ч арын хэсэгт камераас өөр юу ч байхгүйгээрээ ялгагдана.
“IPhone 7” болон “iPhone 7 Plus”-т TSMC компанийн шинэ үеийн маш хүчирхэг процессор A10-ыг суулгасан гэх мэдээлэл байгаа. Өмнөх загваруудаас хамгийн гол ялгаа нь чихэвчний оролт юм. 3.1 мм-ийн өргөнтэй уламжлалт оролтыг “Lightning” оролтоор сольсон байна. Энэ нь утас илүү нимгэн болсонтой холбоотой аж. “iPhone 6” 7.3 мм, “iPhone 6S” 7.1 мм байсан бол “iPhone 7” саяхан худалдаанд гарсан хамгийн нимгэн таблет болох 6.1 мм “Ipod Touch”-той бараг ижил зузаантай байх юм.
OLED буюу органик гэрэлт диод дэлгэцийн нимгэн хальсан бүтэц бүхий органик материал нь өөрөөсөө гэрэл ялгаруулах учир электрон цацрагт хоолойт (CRT) болон шингэн кристал (LCD) дэлгэцтэй адил арын гэрэлтүүлэгч зэрэг нэмэлт эд ангиуд шаардлагагүй.
Шинэ загварын бас нэг онцлог шинж нь хосолмол дурантай камер болж байна. Энэ шинэ технологийг бид “IPhone 7” юм уу “iPhone 7 Plus”-т заавал харна. Хоёр камертай болсноор объектыг нэгэн зэрэг хоёр байдлаар зураглах боломжийг үүсгэж байгаа юм. Нэг камер ерөнхий дүрс авч байхад өөр камер тодорхой цэг дээр төвлөрөх боломжтой гэсэн үг.
“Apple” 2017, 2018 оноос OLED дэлгэцийг гар утсандаа ашиглаж эхэлнэ гэсэн төлөвлөгөө гаргасан байдаг. Тэгвэл энэ төлөвлөгөө “Iphone 7 plus” дээр хэрэгжих магадлал өндөр байна.