Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд “Хөгжимт парад” боллоо

Өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй парадаар алхаж, Чингисийн талбайд жагслаа. Жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэгдсэн найрал хөгжим оролцсон юм.

Тус хөгжимт жагсаалын тухай Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга хурандаа Ч.Гансүх хэлэхдээ “Өнөөдөр бид анх удаа таван цэгээс жагсаж, анх удаа нийт хөгжмийн бүрэлдэхүүнээрээ энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна. Бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна” гэлээ.

Дараа нь төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Цэргийн баярыг уламжлал ёсоор ийнхүү зохион байгуулж байна. Энэ жил Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ой, Барилгын цэргийн 80 жил, Монгол цэргийн музейн 50 жил, мөн бусад цэргийн байгууллагын тэгш ой тохиож байгаагаараа онцлог болж байна” хэмээн онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *