Categories
мэдээ цаг-үе

Р.Очирбал: Иргэний хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэд зээлдүүлсэн мөнгөнөөсөө хүү авах эрхгүй болно

Отгонтэнгэрих сургуулийн багш, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.

УИХ Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зээлийн гэрээгээр хүү авахыг хориглосон гэсэн. Нэг ёсондоо иргэд бие биедээ хүүтэй мөнгө зээлж болохгүй гэсэн үг үү?

-УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Уг хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгосон. Эдгээрээс “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалт бол хуульч, судлаач хийгээд жирийн иргэдийн хувьд анхаарвал зохих асуудал болчихлоо. Юу вэ гэхээр зээлийн гэрээний хариу төлбөр гэдэг бол бидний нэрлэж заншсанаар зээлийн хүү гэсэн үг. Харин дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглосон. Уг хууль шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болох өдөр буюу 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм билээ.

Уг нь нэгнээсээ зээл аваад, түүндээ хүү төлнө гэдэг бол хувь хүмүүсийн асуудал. Зах зээлийн эдийн засгийн хөгжлөөр замнаж байгаа үед иймэрхүү зохицуулалт хийх нь хэр зүйтэй юм бэ?

-Миний хувьд ийм хууль батлагдсаныг сонсоод итгээгүй. Сүүлд Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэнийг олж хараад итгэсэн. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг. Ер нь аливаа гэрээ, хэлцэл оршин тогтнох гол үндэс нь эдийн засгийн хувьд ашигтай байх шүү дээ. Тиймээс бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл. Энэ хууль үйлчилж эхэлснээр нийгэм, эдийн засаг, гэрээний харилцаанд олон сөрөг үр дагавар бий болох байх. Арилжааны банкнаас зээл авахад бүрдүүлэх материал их, шалгуур, шаардлага өндөр, хугацаа ихээхэн шаарддаг тул иргэд, аж ахуйн нэгжүүд хувь иргэдээс зээл авдаг. Энэ утгаараа иргэдийн олгож байгаа зээл нь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө мөнгөний дутагдлыг нөхөх, сэлбэх зах зээлийн зүй ёсны арга хэрэгсэл юм. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлүүлэхэд зээлийн хүү чухал ач холбогдолтой. Хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэдэг өөрөө бизнесийн үйл ажиллагаа гэдгийг хууль тогтоогчид үгүйсгэж байгаа бололтой.

Гэхдээ сүүлийн үед мөнгөтэй хүн хэн нэгэнд зээл өгөхдөө амандаа багтсан тоогоор хүү нэхдэг. Ингэж мөнгө хүүлдэг боломжийг хязгаарлаж өгөх зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх?

-Нэг зүйлийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Арилжааны банк зээлийн эрсдэлийг тал бүрээс нь нарийн тооцоолсны үндсэн дээр зээл олгодог. Харин иргэдийн олгож байгаа зээл ихэвчлэн итгэл, найдвар дээр үндэслэгддэг. Эрсдэл нэмэгдэх тусам хүүгийн хэмжээ нэмэгдэнэ. Иймээс иргэдээс олгох зээлийн гэрээний хүүгийн хэмжээ харьцангуй өндөр байгааг үгүйсгэх аргагүй. Долоо хоногийн хугацаанд 50 хувь болон түүнээс дээш хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн тохиолдол ч гарч байсан. Мэдээж хэрэг тэнгэрт тулсан өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгө хүүлэх шударга ёсонд нийцэхгүй. Иймээс эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа иргэний хуульд зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэдэг нь тогтоогдсон бол шүүх зээлийн хүүгийн хэмжээг багасгаж болохоор зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлэх боломжийг иргэний хуулиар боломжийн түвшинд хязгаарласан байгаа. Харин мөнгө хүүлэх боломжийг хязгаарлах, эсхүл зээлдэгчийн эрхийг хамгаалах зорилгоор иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглосон гэвэл их л үндэслэлгүй тайлбар болох байх. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл зээл олгох иргэдийн тоо эрс багасч, зах зээл дэх мөнгөний гүйлгээний эргэлт удааширна. Энэ хэрээр зээл авахыг хүсэгчдийн ашиг сонирхол хөндөгдөж эхлэх учиртай. Иймээс хуулийн үр нөлөө, үр дагаврыг шинжлэх ухаанч байдлаар тооцоолсон эсэхэд мэргэжлийн хүний хувьд эргэлзэж байгаа юм. Хуульчийн хувьд дээрх зохицуулалтыг гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Уг нь эрх зүйн зохицуулалт байнга дэвшилттэй байх ёстой. Гэтэл иргэний хуулийн дээрх заалт нь эдийн засгийн үндсэн зарчмыг зөрчсөн эрх зүйн зохицуулалтын хувьд маш том ухралт боллоо.

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулиудад энэ талаар ямар зохицуулалт байсан юм бэ. 1994 оны иргэний хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тооцохыг хориглож байсан гэсэн?

-Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бол манай улсын түүхэнд бий болгосон томоохон ололт, амжилтын нэг. Хувийн өмчийн халдашгүй байдал, гэрээний чөлөөт байдлын зарчмыг хамгаалахгүйгээр зах зээлийн тогтолцоо хөгжих боломжгүй. Ийм ч учраас 1994 оны Иргэний хуулиар зээлийн гэрээ хүүтэй байгуулахыг хориглосон зохицуулалтыг 2002 онд батлагдсан шинэчлэн найруулсан Иргэний хуулиар өөрчилсөн юм. Уг өөрчлөлтөөр зээлийн гэрээг хүүтэй, эсвэл хүүгүй байгуулж болохоор хуульчилсан. Энэ бол гэрээний эрх зүйд хийгдсэн чамлахааргүй дэвшлийн нэг. Ер нь иргэний хуулийн түүхэн зохицуулалтыг эргэн дурсахад 1952 оны иргэний хуулиар зээлийн гэрээгээр процент буюу хүү тооцох боломжтой байсан бол 1963 оныхоор иргэдээс зээл олгох явдлыг хуулиар хориглож байсан. Ингэхээр манай улсын хууль тогтоогчид аман дээрээ зах зээлийн эдийн засаг хэмээн ярьдаг боловч үнэндээ хуучин эдийн засгийн тогтолцоо руугаа шилжиж байна.

Мэдээж хэрэг энэ хууль үйлчилж эхэлбэл мөнгө зээлэх хүн олдохоо болих байх. Тэгэхээр иргэд банк болон санхүүгийн байгууллагаас чирэгдэл ихтэй зээл авч таарна. Нэг ёсондоо банк болон ББСБыг шууд утгаараа тэтгэх юм биш үү?

-Зээлийн гэрээг хүүтэй байгуулсан бол хууль зөрчсөн үндэслэлээр хүүгийн талаарх хэлцэл хүчин төгөлдөр бус болж зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдах нь тодорхой. Тиймээс зээлийн гэрээ байгуулагдах явдал эрс багасах байх. Харин зээлийн гэрээний хүүг авах зорилгоор халхавчилсан гэрээнүүдийн төрөл, тоо хэмжээ олшрох нь гарцаагүй. Тухайлбал, би танд нэг сая төгрөг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлье л дээ. Энэ тохиолдолд хүүгээ нэмж тооцоолоод гэрээн дээрээ 1.1 сая төгрөг зээлсэн гээд биччихэж болно. Ингэж гэрээний дүнг тодорхойлох боломжтой. Зах зээлийн харилцаанд байх ёстой, зүй ёсны хэлцлийг хуулиар хориглочихвол иргэдийн энэ мэт үйлдлийг буруутгах ямар ч боломжгүй. Харин Иргэний хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь банкуудын ээлжит лобби байсан гэдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдах боломж хязгаарлагдаж байгаа болохоор зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн супермаркет болох арилжааны банкуудад ашигтай. Үндсэндээ зах зээл дэх зээлийн харилцаанаас жирийн иргэдийг шахан зайлуулж, банкуудад өргөн хүрээний боломж олгож байгаа юм.

Тэгэхээр ирэх есдүгээр сарын 1-нээс танил, найз нөхдөөсөө хүүтэй мөнгө зээлж болохооргүй болох нь ээ?

-Энэ хуулийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуультай уялдуулан баталсан гэж ойлгож байгаа. Учир нь уг хуулийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Хачирхалтай нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон шинээр баталсан Зөрчлийн тухай хуульд мөнгө хүүлэх нь зөрчил эсхүл гэмт хэрэг болох талаар хуульчилсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн төсөлд мөнгө хүүлэх нь гэмт хэрэг байхаар тусгагдсан байсныг санаж байна. Үнэндээ Эрүүгийн хуулийг шинэчлэх нэрийн дор иргэний хуулийн чухал заалтыг хөндөж, улмаар банкуудад зах зээл дэх бялууг өрсөлдөгчгүйгээр зооглох боломжийг олгохоор байна.

Шинэ хуулиар хувь хүмүүс зээл өгөх эрхзүйн боломжтой юу. Тухайлбал, би хүнээс нэг сая төгрөг зээлэхдээ хүүгээ тооцож гэрээн дээрээ 1.1 сая төгрөг зээлсэн болъё. Сарын дараа мөнгөө өгч чадахгүйд хүрвэл зээлдэгч этгээд гэрээгээ үндэслэн шүүхээр шийдүүлэх боломжтой юу?

– Зээл олгож болно. Харин хүү тооцох эрхгүй. Нэгэнт хүү тооцох эрхгүй учир хүүгээ авахын тулд гэрээндээ 1.1 сая төгрөг гэж бичнэ. Хэрэв зээлдэгч нэг сая төгрөг зээлж авсан мөртлөө гэрээн дээрээ 1.1 сая төгрөг хэмээн бичсэн нь халхавчилсан хэлцэл болохыг нотлох хэрэгтэй. Ингэж чадвал нэг сая төгрөг л төлнө. Нотолж чадахгүй бол 1.1 сая төгрөгөө төлнө. Гэхдээ зах зээлийн жамаараа явж байгаа зээлийн гэрээний хүүгийн талаарх зохицуулалтыг ямар шалтгааны улмаас өөрчлөх болсныг сайн ойлгохгүй л байна. Энэ бүхний цаана гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээний үүрэг заавал биелэгддэг байх шинж үнэгүйдэж байгаа юм. Нэг ёсондоо зах зээлийн эдийн засгийн бүхий л харилцаанд төрийн зохицуулалт хүчтэй нөлөөлөх боллоо.

Одоо иргэд хоорондоо тодорхой хэмжээний хүүтэй мөнгө зээлдэг. Зарим нь сар бүр хүүгээ төлөөд явж байгаа. Гэтэл шинэ хуулиар хүү авахыг хориглоно гээд зохицуулчихаар хүүгээ өгөхөө болих эрсдэл бий юу?

-Зээлийн хүү гэлтгүй зээлсэн мөнгөө хүртэл ямар нэг аргаар өгөхгүй байх оролдлого иргэдийн хувьд маш түгээмэл байдаг. Тэгэхээр энэ мэт гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэггүй иргэд хууль батлагдсан нэрийдлээр зээлийн хүү төлөхөөс хойш суухыг үгүйсгэхгүй. Энэ хууль албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр иргэд хүү авах эрхээ алдана. Харин тэр хүртэлх хугацаанд зээлийн гэрээний хүүгээ авах эрхтэй.

Ер нь мөнгө зээлдүүлээд хүүгээр нь амьдардаг хүмүүс зөндөө бий. Зарим нь олон жилийн турш хүүгээ авч явсаар байгаад үндсэн мөнгөнөөсөө давуулсан байдаг. Ийм тохиолдолд маргаан гарах нь элбэг. Одоо харин шинээр баталсан хуулийн сураг сонсоод мөнгөө өгөхгүйгээр иргэдийг хохироох тохиолдол гарвал яах вэ?

-Би өмнө нь хэлсэн. Зээл бол өөрөө бизнесийн нэг хэлбэр, ашиг орлого олох зүй ёсны арга. Зээл олгож байгаа иргэд хэнийг ч зээл авахыг хүчилж албаддаггүй. Бүх асуудлыг зээлдэгч, зээлдүүлэгч иргэд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэдэг. Хэрэв зээлийн гэрээнд хууль бус, шударга бус нөхцөл тусгасан бол шүүхийн байгууллага асуудлыг шийдвэрлэдэг. Хууль тогтоогчид нийгмийн амьдрал руу өндийгөөд нэг харвал бусдад зээл олгосон иргэд зээлээ буцаан авч чадахгүй хэцүү байдалд байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны тоон судалгаа болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын дүн мэдээгээр дээрх нөхцөл байдлыг маш тодорхой харж болно. Эцэстээ “мөнгө зээлүүлсэн бол хаясанд тооц, зээлсэн бол олсонд тооц” гэсэн хэлц үг гараад амжиж. Зээлийн харилцаанд асуудал ийм хүндрэлтэй байхад дээрх хууль батлагдаж байгаа учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх иргэдийн хандлага улам бүр нэмэгдэнэ. Бусдаас мөнгө зээлсэн иргэдийн эрхийг хамгаалж байгаа нь гээд зээлдүүлсэн иргэдийн эрхийг золиосонд гаргаж болохгүй. Зүй нь уг асуудлыг гэрээний чөлөөт байдлын зарчмаар шийдвэрлэвэл зохистой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *