Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газраас олон үйл ажиллагааг зохиож байгаа. Эдгээр ажлын хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнд нийслэлийн иргэд, залуучууд, цэргийн алба хааж буй хүмүүст хүндэтгэл үзүүлэн “Иргэдээ сонсъё” өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр иргэдэд Батлан хамгаалахын багц хуулийг танилцуулах, тоо бүртгэлээс завсардсан иргэдийг торгууль шийтгэлгүйгээр хамруулах үйл ажиллагаануудыг явуулсан юм. Мөн иргэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээний талаарх санал хүсэлтээ илэрхийллээ. Тус өдөрлөг нь жил бүр зохиогддог ба энэ удаа Зэвсэгт хүчний 95 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна. Өдөрлөгийн үеэр цэргийн үүрэгтний үнэмлэхийг 18 хүнд гардуулах юм.
Тус арга хэмжээнд бүх дүүргийн нийт 9 цэргийн штаб оролцож байгаа бөгөөд нийслэл, дүүргийн цэргийн штабууд нэг жил хийсэн ажлаа тайлагнах, “Монгол цэргийн жавхаа 2015” баримтат киноны нээлтийн үйл ажиллагаа, иргэддээ хүндэтгэл үзүүлэх гэх гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.
Ж.Хулан