Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Барилгын цэрэг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.11/ Монгол Улсад Барилгын цэрэг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэн тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр Монгол орны өнгө төрхийг өөрчлөн орчин цагийн хотыг сүндэрлүүлж, Монголын уудам талд аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, нийгэм соёл, батлан хамгаалах зориулалт бүхий олон зуун барилга байгууламжийг бүтээн босгосон түүхийн эзэд Барилгын цэргийн үе үеийн төлөөлөлд ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, 80 жилийн хугацаанд Төрийн ордноос эхлээд 40,000-тын 1, 2 дугаар хэсэг, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцын бүтээн байгуулалт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хот, суурин 14 аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэр үйлчилгээ, сум, сангийн аж ахуй, сургууль, олон улсын Найрамдал зуслан, Залуучуудын соёлын төв, соёлын иж бүрэн цоцолборууд болон тусгай обьектын 5000 гаруй барилга байгууламж барилгын цэргийнхний гараар боссон болохыг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг даган барилгын цэргийн бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг шинэчлэгдэж байгааг дурдаад “Батлан хамгаалах зэвсэгт хүчинд шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар барилга-инженерийн цэргийн тусгай ангиудыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт 338, 339, 340 дүгээр ангийг тус тус байгуулсан нь улсын хэмжээний болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ олон улсын энхийг сахиулах ажиллагаанд сэргээн босголт, инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын барилгын цэргийн 017 дугаар анги өргөжин шинэчлэгдэж, улсын хэмжээний болон батлан хамгаалах салбарынхаа барилга байгууламж, цэргийн тусгай обьектуудыг бүтээн байгуулж, цэргийн албан хаагчдын 800 орчим орон сууцыг нийслэл, орон нутагт барьж, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлэхэд таатай байна” гээд барилгачин дайчид, энхийн бүтээн байгуулалтад эрч хүчтэй ажиллаж байсан ахмад дайчдад баяр хүргэн, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балган-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын дарга хурандаа М.Эрдэнэдалай нар Барилгын цэрэг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хуралд оролцогчдод хандан үг хэлснээр баярын хурал өндөрлөсөн юм.

1936 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийн санаачлага шийдвэрээр барилга засварын суман байгуулагдаж, Монгол Улсад барилгын цэргийн үндэс суурь тавигдсан байна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *