Монгол Улсын гавьяат жүжигчин, соёл судлалын доктор “Гоолингоо” төвийн захирал Д.Бэхбаттай ярилцлаа.
–Та бүжигчин болно гэж багаасаа мөрөөдсөн үү?
-Би багаасаа бүжигт сонирхолтой байсан. Айлын ганц охин, эрх дураараа өссөн. Айлд очихдоо дуулж, бүжиглээд хүн хөгжөөдөг байв. Гурав, дөрөвдүгээр ангид байхдаа бүжиглэж эхэлсэн. Би Өмнөговь аймгийн хүн. Манай аав Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч байлаа. Хөгжим бүжгийн дунд сургуулийн Долгорсүрэн багш ирж биднээс шалгалт авсан юм. “Гар, хөл нь хөөрхөн юм аа” гээд намайг тойруулж хараад, үс барьж үзээд “Хөөрхөн байна шүү” гээд байхаар нь гэртээ хар эрчээрээ гүйж ирээд ээждээ “Хөгжим бүжгийн дунд сургуульд ормоор байна” гэсэн. Манай аав хилийн зааг суманд ажиллаж байсан үе. Ээж аавыг сумын холбооны утсаар дуудуулж байгаад яриад “Охин чинь ингэж байна” гэсэн чинь аав дороо давхиад ирсэн. Тэгээд зөвшөөрөөгүй. “Би чамайг хуулийн байгууллагын хүн болгоно. Бүжигчин болгохгүй” гээд бөөн юм боллоо. “Би явна” гэж хашгираад, аав уурлаж, суран бүсээ шувт татаад, намайг ороолгоод авсан чинь ээж урдуур ороод “Намайг зодоод өг” гээд, тэгээд явж чадаагүй. Дараа нь бүжиглээд, наадам фестивальд оролцоод гүйгээд байхаар аав юм бодсон юм байлгүй. “Ямар ч байсан чамайг Улаанбаатарт эгч рүүгээ явуулъя. Ээж чинь надтай хамт хил дээр амьдрах болно. Тэнд хотод амьдарч чадах уу” гэж ам өчиг авч байгаад шилжүүлсэн. Улаанбаатарын XVIII дунд сургуульд ирсэн жилдээ сургуулийн бүжгийн аварга болов. Миний бүжгийн анхны багш бүжиг дэглээч, гавьяат жүжигчин Лувсангомбо гэж шанз дардаг хүн байсан. Тэр хүний дэглэсэн “Хонхот” бүжгээр олон жил гадаад, дотоодод тоглолтоор явж байсан даа. Аравдугаар ангиа 1969 онд төгсөөд, Багшийн дээдийн Үйлдвэр, сурганы ангид орлоо. Би бүжигчин болмоор байна гэсэн чинь ээж маань бас л ааваас асуух болов. Багшийн дээдийн хуваариа хаяад, Ардын дуу бүжгийн чуулгад шалгуулсан чинь Ц.Сэвжид багш “Монгол бүжгийн дөртэй, гар сайхантай хүүхэд байна” гээд долоо хоногийн дараа ир гэсэн. Заасан хугацааг хүлээлгүй цэрэг хувцас гоё санагдаад, Цэргийн ансамбль руу очсон. Ээж минь дагаад л явсан. Сахалтай орос мэргэжилтэн, бүжгийн Банзрагч багш маань шууд авсан. Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин болчихоод хавар нь цэрэг хувцастай ирж, аавтайгаа ёсолж мэндэлж байлаа. Цэргийн ансамблиас их ч юм сурсан. Хүнтэй сууж, хүүхдээ Баян-Овоо сумандаа очиж төрүүлсэн. Удалгүй ахиад жирэмсэн болчихлоо. Бүжигчдийг жирэмсэн болоход ад шоо үздэг. “Эсвэл ажилла, эсвэл боль” гэдэг. Гурав, дөрвөн сартай жирэмсэн байхдаа тоглолтод ороод загнуулаад, цэрэг хувцас ч таарахаа больсон. Хоёр дахь хүүхдээ дахиад л нутагтаа төрүүлчихээд байж байсан чинь тухайн үед аймгийн Соёлын ордны дарга байсан, төрийн шагналт хан хуурч Ц.Цэрэндорж ахаас захиа ирлээ. “Их газар байх хачин сайхан. Гэхдээ нутгийнхаа Соёлын ордонд бүжигчин болохгүй юм уу. Чи мэргэжлийн түвшинд очсон хүн энд Өмнөговийнхоо Соёлын ордны бүжигчдийг хөгжүүлнэ шүү дээ” гэж захиандаа бичсэн байлаа. Түүнийг уншаад нэг их тоогоогүй юм. Тэгсэн чинь аав уншчихаж. Гаднаас ороод ирсэн чинь аав захиа барьчихсан сууж байснаа “Чи юу гэж бодож байна” гэсэн. “Би цэргийн ансамбльдаа орно” гэсэн чинь “Дандаа тусдаа амьдрах аавд нь хэцүү байна. Чи яагаад Цэргийн ансамбльд сурсан юмаа Соёлын ордонд түгээж болдоггүй юм” гэсэн. Тэгээд би Өмнөговь аймгийн Соёлын ордны бүжигчин боллоо. Соёлын ордонд гоцлол бүжигчин байсан. Арван жил бүжигчнээр ажиллаад 28-тай гавьяат авсан. Гавьяат аваад хоёр жил ажиллаад Соёлын яамны Сумъяа гуай дуудаад, гадаадад сургуульд явуулж билээ.
–Орон нутгийн театраас тодрох хэцүү баймаар юм. Та яаж гялалзав?
-Хэцүү байсан. Гэхдээ гайгүй бүжигчин байсан юм болов уу даа. 18 аймаг, ансамбль чуулга мэддэг л бүжигчин байсан. Цэргийн дуу бүжгийн чуулга характерный бүжгээ ч хийдэг, монгол бүжиг, цэрэг бүжгээ ч хийдэг учраас хурдтай бүжигчин байсан. Ю.Цэдэнбал даргаас гавьяат цолоо авч байв. Бал дарга тэгж хэлсэн юм гэнэ лээ. “Хөгжимчин, бүжигчин хоёр хүн зэрэг тодорхойлогджээ. Алинд нь гавьяат өгөх вэ гэсэн чинь “Тэр бүжигчин хүнд нь өг. Хөгжимчин хүн яах вэ хөгжмөө үлээгээд явж байна. Бүжигчин хүн тийм ч олон жил бүжиглэхгүй шүү” гэсэн гэж хүмүүс ярьдаг юм. Би гавьяатын нэр төрийг ч мэдэхгүй залуу явж. Тэр үеийн гавьяат цолыг 3000 төгрөг дагалддаг байсан. Мөнгөө аавдаа авчирч өгөөд “Хязгааргүй их баярлалаа, таныхаа ачийг хариулж чадахгүй юм чинь тэмдгээ зүүлгэлтэй биш мөнгөө өгье дөө” гэсэн. Манай аав нэг их том хивс аваад, цайллага хийж байв.
–Танд нөлөө үзүүлсэн хүн байдаг уу?
-Өмнийн цэнхэр говь гэдэг гайхалтай. Говьдоо шүтэж, Гурван сайхан ууландаа залбирч явдаг. Баян-Овоод нэг их өндөр биш ч мундаг сайхан хайрхан байдаг. Тогоо хайрхандаа залбирч явдаг. Хоёр тогоо хөмөрсөн юм шиг хэлбэртэй ч голоор нь элс урсч байдаг. Ц.Цэрэндорж гуай 20 орчим настай байхдаа Баян-Овоо суманд алаг морьтой, ус зөөдөг хүн байлаа. Амьдрал нь ядуу, ээж нь суугаа, бор гэртэй. Би тэр үед цэргийн даргын охин. Долоон нас л хүрч байсан. Ц.Цэрэндорж гуайг зам дээр тосоод зогсч байдаг. Хөөрхий, хүрч ирээд “Яасан хөөрхөн юм бэ чи, хаана суух вэ морин дээр суух юм уу, поошигны хажууд суух юм уу” гэнэ. Поошигон дээр нь сууж байхдаа нүхээр нь “Аа” гээд хашгирна. “Ачий нь ачаар хариулахаас” гээд хангинатал дуулж явна. Сумын усчин хүн том гэгчийн поошигтой усаа зөөгөөд, алаг морьтой явдаг. Ц.Цэрэндорж ах эргэж хараад “Хүүе, чи шүлсээ ус руу үсэргээд байж болохгүй шүү” гэнэ. Би Ц.Цэрэндорж ахыг их хүндэлдэг. Ахуй нөхцөлөө сайжруулж, муу ээжийгээ тэтгэх гэж гайхамшигтай хөдөлмөрлөсөн. Ээж нь морин хуур тоглоно. Гэрт нь хуучин морин хуур байдаг. Гэрт нь гүйж очоод ээжийг нь хараад л сууна. Ээж нь их үйл мэтгэдэг. “Миний хүү яамаар байна” гэнэ. Голцуу гэдэс цувдай иддэг. Хөмүүлтэй хольсон гэдэс цувдайтай хуушуур, хонины сүүлтэй хуушуур хайрна. Тэр нь их гоё. Тэрнийг нь идэх гээд сумын төвөөс зайдуу жижигхэн бор гэр рүү гүйчихнэ. Ээж араас хашгираад үлдэнэ. Би аягаа өвөртлөөд гүйчихдэг. Очиход яг л хуушуураа гаргаж байна. Аягаа тосоод хуушуураа идчихээд буцааж өвөртлөөд гэр рүүгээ гүйдэг. Манай ээж “Хүүхэд мөн ч сонин юм аа. Гэртээ хонины махтай бууз хийгээд байхад л гэдсэн хуушуур идэх гээд гүйгээд байх юм” гэсэн чинь аав “Доголонгийн газар доголон, сохрын газар сохор. Ганц охин минь яаж ч явах юм билээ. Явж л байг” гэсэн юм. Манайх тасарсан баян биш ч чинээлэгдүү амьдралтай байлаа. Баян-Овоод ёолк гэж мэдэхгүй байхад ээж маань гацуур засдаг. Хүүхдүүд миний гацуурыг харах гэж ирнэ. Генерал Гаваа надад хэлж байсан. “Би ёолк үзэх гэж Бэхбатынд ордог байсан” гэж. Тэгж Ц.Цэрэндорж гуай бид хоёр хамт явсан. Миний дараа гавьяат авсан. Дараахан нь доктор хамгаалсан. Сая Ардын жүжигчин боллоо. Саяхан надтай утсаар ярихдаа “Миний охин яваад л байгаарай, яваад л байгаарай” гэсэн. Яахав би 2015 онд Соёл судлалын ухааны доктор болсон. Монгол бүжгийн ахуй нөхцөл, эрүүл аж төрөх соёлтой холбоотой сэдвээр доктор хамгаалсан юм.
–Бүжгээр хүнийг эрүүлжүүлнэ гэхээр сонирхолтой юм аа?
-Би Орост сургууль төгсөхдөө бүжиг дэглээч мэргэжил эзэмшсэн л дээ. Өмнөговь аймагт байхдаа 25 наснаасаа бүжиг дэглэж эхэлсэн. Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр дэглэх хүн ховор, ганц бүжгийн багштай болохоор би бүжиг дэглэх гэж дундуур нь “самарч”, харин Г.Дорж гэж намайг их дэмждэг хүндэлдэг хүн байсан. Тэнд би 48 бүжиг дэглэсэн. Тэр дунд хүүхдийн хоёр том бүжгийн жүжиг, С.Дашдооровын “Өнчин цагаан ботго” С.Маршакийн “Муурын байшин” гурав дахь том бүтээл маань цамын бүжиг байлаа. Өмнөговийн цамын бүжгийн өв тээгч 85 настай өвгөн лам надад зааж өгсөн юм. Тэр Данзандорж гэж өвгөн лам намайг сургууль төгстөл хүлээсэн. “Одоо 85 нас хүрлээ, хүү минь чам шиг бүжиг дэглэдэг хүнд хэрэгтэй байж магадгүй. Чи цамын бүжгийг надаас өвлөөд авчих гэсэн. 1869 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Байшинтын хийдэд бий болсон бүжиг юм билээ. Цамтай холбоотой судар ном, хувцас 1937 оны намар хийдтэйгээ хамт шатаагдсан. Үүний Гомбо бурхны дүрийг би бүжиглэдэг байсан юм” гэж надад хэлж билээ. Тэр цамын бүжгийг би тавьсан юм. Түүнээс хойш Улаанбаатарт орж ирээд, хоёр жил СУИС-д багшилж байгаад 1996 онд “Гоолингоо” төвөө нээсэн дээ. Энэ төв нээгдсэн цагаас авахуулаад бидэнтэй хамт олон болтлоо дотноссон олон хүн бий. “Гоолингоо” төвд гурваас 20 жил явсан дал гаруй хүн байдаг.
–Цамын бүжгийг дэг ёсоор нь бүжиглэж байна уу гэдэг сонин. Та өвлөж авсан бүжгээ бичиж хадгалсан уу?
-Би 1992 онд цамын бүжиг хийх гээд, өвгөн багш лам маань намайг ятгаад, гуйгаад, болох болов уу гэж айж айж одоогийн УИХ-ын гишүүн тэгэхэд аймгийн санхүүгийн хэлтэст байсан Ц.Баярсайхан дээр давхиж ороод 50 мянган төгрөг авч болсон болоогүй юм хийсэн. Цэнгэлдэх хүрээлэнд цамын бүжгээ бүжиглүүлээд, дараа нь театрын жүжигчид жуулчны баазад баахан тоглоод хувцас нь урагдаад дууссан даа. Харин одоо Өмнөговь аймгийн 85 жилийн ойн баярт зориулж, цамын бүжгээ сэргээн тавих гэж байгаа. Засаг дарга, аймгийн захиргаа, Хөгжимт жүжгийн театр дэмжээд, төслийг маань хүлээж аваад, цамын бүжиг тавих гэж байна. “Өмнөговь цам сан” гэдэг сан байгуулсан. Удахгүй ажилдаа орно.
–Бүжгээр яаж эрүүлжүүлдэг юм бэ, гол санааг нь товчхон хэлээч?
-Монгол ардын бүжгийн хөдөлгөөн эрүүл ахуйн үндэстэй байдаг. Бүжиг гэдэг тэр чигээрээ үйл хөдөлгөөн, үйл хөдөлгөөн гэдэг тэр чигээрээ бүжиг. Эрүүл байхын үндэс үйл хөдөлгөөн.
–Танай төвийнхөн иогийн дасгалыг бас бүжгийн хөдөлгөөн болгосон юм байна. Та иог хийдэг үү?
-Би иог хийдэггүй. Миний охин иогийн багш. Бүтэн жил хагас хятад балетчин багшаар иог заалгасан. Иогийн бүх барил миний бүжигт байдаг. Иогийн бүх сунгалт сонгодог бүжигт бий. Иогийн амьсгал олон ардын бүжигт байдаг.
–Та хэцүү үедээ юунаас эрч хүч авдаг вэ. Бүжиглэдэг үү?
-Хүн дардан шулуун замаар явахгүй. Өвдөж зовж болно. Алдар нэрд хүрч, уруудаж болно. Итгэл зүтгэл байсан цагт зовлонг давж туулна. Миний хувьд иог гэхээсээ уянгын намуухан хөгжим сонсоход дороо сэргэдэг. Цаг наргүй хөдөлж байдаг нас биш. Одоо бол би бүжиглэх биш эрүүл мэндийн дасгал, сунгалтын дасгалдаа дуртай. Гоолингоод явдаг хүмүүс иог руу турах гэж ордог ч буцаад миний тайвшруулах дасгал руу ороод ирдэг зуршилтай.