Categories
гадаад мэдээ

Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлэв

Талбайн теннисчин Мария Шарапова Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ сэргээшийн шалгалтад унажээ. Өнгөрөгч есдүгээр сард түүнээс илэрсэн “мелдонум” хэмээх бодисыг допингийн төрлийн жагсаалтад оруулахаар болж, энэ шийдвэр нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн аж.

“Grand Slam” тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова 2006 оноос хойш гэр бүлийн эмчийн зөвлөснөөр мельдоний гэх эмийг хэрэглэж байснаа хүлээсэн юм. Энэ талаар Шарапова өөрөө хэлэхдээ “Өнгөрөгч арванхоёрдугаар сард допингийн бодлого шинэчлэгдэж байгаа талаар и-мэйл ирсэн. Гэхдээ ямар төрлийн бодис шинээр нэмэгдэж байгаа талаархи жагсаалт ороогүй байсан” гэжээ. Олон улсын талбайн теннисний холбооноос түүний эрхийг түдгэлзүүлэхээ мэдэгдсэн байна.

Харин үүний дараа спорт хувцасны “Nike”, Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Tag Heuer”, Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” брэндүүд Мария Шараповатай байгуулсан хамтын ажиллагаагаа зогсоож эхэлжээ.

Мария Шарапова Америкийн “Nike” брэндтэй 11 настайгаасаа хойш хамтарч ажилласан аж. 2010 онд тус брэндтэй хамтран ажиллах 70 сая ам.долларын хөлстэй найман гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин “Tag Heuer” өнгөрсөн жил хугацаа нь дууссан хамтын ажиллагааны гэрээгээ сунгахаар Мария Шараповатай ярилцаж байжээ. Мөн Германы “Porsche” брэнд 2014 онд Мария Шараповаг анхны эмэгтэй төлөөлөгчөөр нэрлэж, гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *