Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг тавдугаар сард багтаан шийднэ

“Оюу толгой” урд хөршөөс цахилгаан худалдаж авахад 200 орчим сая ам.доллар зардаг гэдэг. Нэг КВт/цаг цахилгааныг 12 цент орчмоор авч байгаа гэсэн тоо бий. “Марубени”-гийн хөрөнгө оруулах Таван толгойн цахилгаан станц ажиллаж эхэлбэл энэ мөнгө манай улсад үлдэх юм.

Өмнийн говьд ирэх жилүүдэд ажиллах уурхайнуудын хэрэглээ, орон нутгийн хэрэгцээ, цаашлаад яривал цахилгаан экспортлох эдийн засгийн ашигтай энэ станцын хүчин чадлыг 450 МВт-аар тооцоход л төслийн тооцоолсон зардал нь нэг тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. 30 хувийг нь хөрөнгө оруулагч болох “Марубени” бэлэн мөнгөөр гаргах бол, 70 хувийг нь олон улсын зах зээлээс босгоно гэсэн зураг гарчихсан. Засгийн газраас ямар нэг хөрөнгө гаргахгүй гэсэн үг.

Ойролцоогоор 30 жилийн хугацаанд цахилгаан нийлүүлэх гэрээ хийхээр төлөвлөж буй. Хамгийн том хэрэглэгч болох Оюу толгой 30 жилийн хугацаанд тасралтгүйгээр цахилгаан авна гэдгээ илэрхийлээд байгаа. Өдгөө компаниудын хувьд цэвэр бизнесийн хэлэлцээр хийгдэж байна. Тодруулж хэлбэл энэ өдрүүдэд “Марубени”, “Оюу толгой”-н төлөөллүүд Токиод хэлэлцээрийн ширээний ард сууцгааж байгаа юм. Хэлэлцээр дуусах дөхөж байгаа аж. Гурван жилийн өмнөөс эрчимтэй яригдаж эхэлсэн Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ ирэх тавдугаар сардаа багтаж шийдэгдэнэ гэсэн мэдээлэл байна. “Марубени”-гийн хувьд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн машин, ложистик, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан том компани. Токио, Нагоягийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. “Мүүдис” агентлагаас зээлжих зэрэглэлийн BBB гэсэн сайн үнэлгээтэй. 22 оронд нийтдээ 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч.

Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц барих шийдвэр гарч, төслийн нэгж байгуулсан жил нь 2013 он. Эрчим хүчний яамны дэргэд байгуулсан төслийн нэгж байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, нүүрс, ус, агаарын чанар, станцын байршил, цахилгаан дамжуулах агаарын шугам, станцын ус хангамжийн шугам хоолой, үнсэн сангийн нөөц газар зэрэг холбогдох 20 гаруй судалгааг хийсэн байдаг. Үүнээс гадна Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Нүүрс, Ус нийлүүлэх гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ зэрэг 15 гэрээний төсөл гээд нийт 5000 гаруй хуудас бүхий олон улсын стандарт, шаардлагыг хангасан баримт бичгийг боловсруулж дуусгажээ. Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 11 тусгай зөвшөөрлөө ч аваад байгаа. Сүүлд гэхэд л эрчим хүч экспортлох, импортлох тусгай зөвшөөрлөө авч байсан юм. Төслийн нэгжийнхэн олон улсын практикийн дагуу хийгдэх үндсэн ажлуудынхаа ард гарсан хэмээн тухайн үед байр сууриа илэрхийлж байж.

Төслийн техникийн зөвлөхөөр Австралийн “Wor­leyParsons” ажилласан бол санхүүгийн зөвлөхөөр Японы “Sumitomo Mitsui Banking Cor­poration” , хуулийн зөвлөхөөр АНУ-ын “Shearman & Ster­ling”, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг Английн “Mott MacDonald” компаниуд хийж гүйцэтгэсэн юм.

Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүндтэй бие даан эрчим хүч үйлдвэрлэгч 25 компанид санал хүргүүлснээс арав нь төсөлд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Үүнээс дөрвөн компанид нь Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлсэн байна. Таван толгой Цахилгаан станц төслийн Удирдах хороо өнгөрсөн сарын сүүлээр Японы “Maрубени” корпорацийг “Шалгарсан хөрөнгө оруулагч”-аар тодруулсан юм. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллажээ. Америкт төвтэй уг компани дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал 200 мянга гаруй мэргэжилтэнтэй олон улсын зөвлөх компани.

Таван толгойн орд долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Гуравны хоёр нь эрчим хүчний нүүрс. Тодруулж хэлбэл 4.6 тэрбум тонн нүүрсийг эрчим хүч болгож хувиргах ажил бодитойгоор эхлээд байгаа нь энэ. Таван толгойн станц жилд 1.5 сая тонн нүүрс хэрэглэнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Уурхайн аман дээр станц барих учраас тээвэрлэлтийн зардал бага гарна гэсэн давуу тал бий. Цахилгаан станц усаа 55 км-т орших Наймандайн хөндийгөөс газар доогуур шугам татаж авахаар тооцоод байгаа юм. Усны хэрэглээний хувьд Өмнөговийн хүн, амьтан, мал хэрэглэдэг цэвэр усны нөөцөд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй аж.

Станц ажиллаад эхэлбэл жилд 55 орчим сая ам.долларыг татвар хэлбэрээр төсөвт оруулна гэсэн урьдчилсан тооцоо гарсан байдаг. Орон нутагт газрын, усны нөөц ашигласны төлбөр гээд өгөх ёстой татваруудаа төлнө гэхээр Өмнөговийн хөгжилд ч шууд утгаараа нөлөө үзүүлээд явчихна гэсэн үг. Таван толгойн станцын барилгын ажилд 2000 орчим хүн оролцоно, станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад 300 орчим хүн байнгын ажлын байртай болох багцаа тоо дуулддаг.

Таван толгойн цахилгаан станц урьдчилсан тооцоогоор 13 жилийн дараа өртгөө нөхөх судалгаа гарчээ.Таван толгойн станцын хувьд ойролцоогоор 15 жилдээ багтаж зээлээ төлж, хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа хийж эхлэх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *