Categories
мэдээ нийгэм

Ээжтэй хавар

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом-2015” наадмын тавдугаар байрын шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзулын ижийнхээ тухай бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Шувууны үүр шиг хонхортоо

Сумын төв минь анир гүмхэн

Шувууны үр шиг насны минь

Дурсамжийг хучаад дулаахан

Шуудангийн дүнзэн байшин

Хуучин эгэл янзаараа ч

Сургийг минь асууж ээж минь

Одоо даанч орохгүй

Манай сумын төв гэж шувууны үүр шиг хонхорт нэгэн ернийг гэтлэн оршиж буй жижигхэн ч эрхэмсэг, дулаахан суурин буй. Булган аймгийн Баян-Агт сум. Би тэр суурингийн эмнэлэгт хүнд тоогдохооргүй улаан нялзрай амьтан төрсөн гэдэг. Намайг төрөх үеэр ямар сайндаа л эх барих гэж байсан эмч маань зугтаад алга болсон гэхэв дээ. Ээжийгээ нэг их өвтгөлгүй төрсөн алгын чинээ намайг тоссон өөр нэгэн эмч нэрийг минь хайрласнаар би хүн нэрээ олж ангир уургаа амласан гэдэг. Эхээс есүүл унасны зургаа дахь нь би. Ээж, аав минь биднийг ялгалгүй хайрлаж хүн болгосон доо.

Аргал аргал, ухаарал хучаад эжий минь

Оддын буйдад дулаахан суугаа

Алсын зэрэглээнд хууртан харуулдах

Орчлонгийн биднийгээ санаж байгаа

Ээзгий ээзгий үгээ дэвтээгээд эжий минь

Тэнгэрийн оронд амгалан суугаа

Эндээ биднийг удаан суухыг ерөөгөөд

Тэндэхийн тэнгэрт залбирч байгааЭэжийгээ жаахан хүүхэд мэт сананам. Хаврын өдрүүд зэрэглээн дундаас тодрон тодрох ахуйд ээжээ санах минь улам нэмэгдэнэ. Энэ л цагаар ээж минь хотондоо хурга, ишигтэй хамт дуугаа цангинуулж байдагсан. Сааль нэвчсэн дээлийнхээ даргар энгэрт нялх хурга, ишиг тэврэн хонины хот, гэр хоёрын хооронд чөлөө завгүй гүйх ээждээ тус болох гэж бидний хүүхэд нас дагаж дэрвэдэгсэн. Өглөө оройгүй хотондоо тойг, цээг хадаах ээж минь хавар, хаврыг амсхийх чөлөөгүй туулсан даа. Үхэр, тугалын зэлэн дээр ч ээжийн минь өөвлөх дуу цангинаж байдаг хавраар ээжээ санахгүй байхын аргагүй. Хавар ер нь их чимээ шуугиантай улирал. Үндэс хөдөлж, дэлхий дэлэгнэх энэ улирлын сайхныг ээж минь мэдрүүлдэг байж. Сүүлийн жилүүдэд энэ хаврын өдрүүд нэг л өнгөрч өгөхгүй сажлаа болоо юу даа. Он цагийн тэртээд зэрэглээтэх хавруудаас ээжтэйгээ үдсэн хавруудыг илүү тодхон сананам. Сургуулийнхаа амралтаар булцгар хацартай цагаан гартай хүүхдүүд харьж, хаврын өдрийн уртад хонинд явж, мал төллүүлэлцсээр буцах болно. Энэ л үеэр өөрсдийгөө анзаарахтай болоход хацар гар саарьтаж харлаад, нүд, шүд нь гялалзаж яралзсан нөхдүүд болсон байдагсан. Явахын өмнө ээжээрээ зулга угаалгаж аваад л сургуульдаа мордоно доо. Ээж минь их ажлаас нь нугалалцаж өгсөн хүүхдүүдийнхээ хойноос сүү өргөж зогсохдоо дээлийнхээ хацуйгаар нулимсаа сэмхэн арчих харагдаад, сэтгэл үймсхийн шогшуулж холддогсон, бид. Түүнээс хойш оюутан болж, ажил амьдралд хөл тавихад ижий минь мөн л тэр дүр төрхөөрөө хоцордог байлаа…

2

Ижий минь бөөвөн бөөвөн суух шиг

Эмгэн улаан нарнаас үр хүүхдээ сүүдэрлээд

Эртний домог хайлан бүүвэй бүүвэй гуних шиг

Хаврын цагаан дэрс салхины аашинд гэхэлзэнэ

Хаан тэнгэрийн хормойд зэрэглээ асааж нойрмоглоно

Хатан газрын хэвлийд үндэс хөдөлгөж зүүрмэглэнэ

Ижий минь намайг санаад гуних шиг

Хээр талын дэрс гэнэ гэнэ исгэрнэ

Хэнхдэг чээжний цаанаа би бөн бөн нурнаСаяхны нэгэн хавраар ээжийгээ мөн үгүйлэхдээ ийн гуньсан билээ. Би ээждээ зориулж өдөр бүр шүлэг бичихсэн гэж боддог. Гэвч дэмий л сэтгэлдээ нурахаас цаашгүй. Миний ээж намайг сэтгэл булингартай үед хааяахан зүүдэнд эргэнэ, зэмлэнэ. Толгойг минь илнэ, зулай дээр үнэрлэнэ. Өглөө нь харин би сэтгэл хөнгөн сэрдэг. Ээж минь одоо ч надтай хамт байгаа нь тэр байх. Цаг хугацааны эрхэнд аливаа зүйл мартагдаж хуучрах ч ээж улам л үгүйлэгдэх аж. Хаврын хавсарганд хормойгоо салхинд туулган хурга, ишиг, тугалхантай хөөцөлдөн гүвээ давж яваад ирэх ээжийнхээ барааг алсаас ч болов харахсан гэж хүсэвч нэгэнт биелэхгүй мөрөөдөл минь болж дээ. Ээжийнхээ санааг мөн ч их зовоосноо бодохоор өөртөө зарим үед уур хүрнэ. Хаваржин ноцолдон байж олсон ноолуурынх нь мөнгөнөөс хувь хүртэхээр зорьдог оюутан байлаа. Албатай юм шиг мөнгөнөөс нь авчихаад юу ч болоогүй мэт хээв нэг үнсүүлчихээд хотыг зорино. Тэр өдрөөс хойш таг чиг болно. Ээж минь замын, явуулын хүмүүсээс хүүгээ асууж сурагласаар байгааг мэдэрсэн ч удаж байж мэнд сургаа дуулгадагсан. Миний мэт хүн цөөн байгаасай гэж бодсондоо л ингэж нуршиж сууна. Удахгүй ээжүүдээ баярлуулахаар хүн бүр дор бүрнээ бэлдэж байгаа. Холоос ярьж, хүнээр сургаа дуулгахын оронд өөрөө очоод үнсүүлбэл ээж нь илүү их баярлана даа.

Хайрлаад л санаж харьдаг нутаг минь

Хаврын үзүүрт бүртэлзээд

Нулимс болох цагаар

Хайлсаар одох цасны

Манан дунд л суугаа гэж

Харийн харьд одсон

Ээжийгээ би эндүүрсэн байнаБид л болсон хойно ээжийгээ мөнх юм шиг санаж, туньж гунихыг нь тоолгүй сэтгэлийг нь үймээж явдаг. Ээжийгээ тэнгэр болсны хойно л тэр бүгдийг ухаарч өөрөө даахгүй шаналан тээдэг гэнэн зантай.

3

Миний нагац өвөө, эмээ Булганы Тэшиг сумын хүмүүс байсан гэдэг. Бидний хэн нь ч хараагүй. Гоё цоохор морьтой ганган эрийн хар цагаан зураг, харцнаас нь энэрэл хайр гэрэлтсэн намбалаг эмэгтэйн цээж зураг л ээжид минь хадгалагдаж байдаг байлаа. Миний ээж Доржжанцан гэх айлын ганц охин байж. Эмээгийнхээ нэрийг үнэндээ би санахгүй байна. Ээж хэлж өгч байсан нь мэдээж. Багадаа ээж, ааваасаа өнчирсөн, садан төрлийнхнөөрөө дамжиж хүн болсон гэдэг юм. Дунд сургуулиа онц төгссөн гэж хүүхдүүд бидэндээ ярина. Өөрийг нь тэнгэр болсноос хойш авдрын булангаас жижигхэн үнэмлэх маягийн зүйл олж үзэж билээ би. “Доржжанцан овогтой Даваа нь долдугаар ангиа онц сайн дүнтэй дүүргэв.” гэсэн бичиг дурайж байхыг үзээд ээжээрээ бахархах сэтгэл төрсөнсөн. Тэгээд мөн өөрийгөө, ийм сайхан хүний хүү байж, дунд сургуулиа чардайж байж дүүргэсэн дээ хөөрхий гэж голсон юм даг. Ээжийг баярлуулсан минь тун цөөхөн. Төмөр замын дуу бүжгийн чуулгад, уран бүтээлч найз нөхөд, “Ган зам” сонины удирдлага хамт олон, төмөр замчдын дэмжлэгтэйгээр уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгуулж нэг баярлуулсан санагддаг. Мөн нагац өвөө эмээгийнхээ нутаг Тэшиг суманд очих үеэрээ тэнд яваагаа утсаар дуулгахад хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан сан. Хойно нь ханхайх том уулын өвөрт тоглож өссөн юм билээ. Одоо өнөөх хэл ам дагуулаад байдаг Тавтын алтны уурхайн ойролцоо. Хааяа яруу найргийн наадамд оролцож зурагтаар гарвал хараад баярладаг байсан байх. “Зурагтаар хүү чинь гарч байна билээ. Өнгөлөг сайхан харагдаж байна. Та санаа зовоод яахав гэж садныхнаас дуулгалаа… Ойрд сумын төв орж чадсангүй. Зурагт үзэж чадахгүй юм. Уг нь хааяа хүүгээ харчихаад байдаг юмсан” гэж ярьсан нь санаанд илхэн үлдэж дээ.

Амьдралд туугдсан хормойгоороо

Гундсан цэцгийн нулимс арчаад

Ай хөөрхий ижий минь

Ирж л яваа бодогдоно… Би хаврын улиралд хайртай. Ээжийн минь дуу энэ цагаар сэтгэл, бодолд цангинаад, нутгаадаа гүймээр санагддаг. Ээжийнхээ хадгалсан хэдэн бор ааруулыг өвөртлөөд хонинд явмаар, хонины дэргэд морио тушчихаад өвс зуугаад хэвтэж баймаар ер бусын сайхан. Ээж минь хавар малаа төллүүлж дуусгаад биднээс, орчлонгоос явсан юм. Ээжийг минь бодогдуулдаг энэ хавар, ээжийг минь авч одсон ийм улирлын цаанаас ээжийгээ ирнэ гэж хүлээдэг, би.

…Буудай буудай дурсамж түүгээд эжий минь

Бурханы өвөр дээр асгаж суугаа

Буурцган чинээ үрсээ бодоод эжий минь

Буцаад ирэхийг хүсэж байгаа

Тэвэр тэвэр жаргал өлгийдөөд эжий минь

Эрхэсийг дунд бүүвэйлж суугаа

Тийм уярам хайр болоод эжий минь

Эргэж төрөхөө хүлээж байгаа.

2016.03.01

Хонхор хотхон

Ээж минь саалийн үнэр ханхалсан дээлтэйгээ

зогсож байгаа нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *