Categories
мэдээ цаг-үе

“Үнэний хорвоо”-гийн Жигжидийн Бямба багшийгаа дурсахуйд

Зураг дээр зүүн гараас С.Товуудорж,
эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ Х.Зандраабайды нар

Хүнтэй дотно нөхөрлөж санаа бодлоо хуваалцан андын холбоотой болоход нэг бодлын сайхан нөгөө бодлын бас хэцүү үе тохиодог. Сайхны хувьд хүн бүр мэднэ. Танилтай бол талын чинээ танилгүй бол алгын чинээ гэдэг биз дээ. Хэцүү гэхийн хувьд дотно нөхөрлөсөн анд маань мөнхийн аяндаа явчихаар хэцүү. Хүн гэнэн буюу. Дотно анд маань мөнхийн аяндаа явчихаар үнэн болов уу худлаа болов уу гэж эргэлзээд, хүрээд ирэх юм шиг хүлээдэг. Уулзаж учирч санал зөвлөгөөг нь сонсож бүр дотно нөхөрлөж байсан өчүүхэн миний хувьд нэхэн дурсахаас аргагүй зохиолчийн нэг нь би багш хэмээн нэрлэсэн Жигжидийн Бямба болой. Завхан аймгийн төв Улиастайд ажиллаж, аж төрж байсан надад бичсэн нэгэн зурвастаа тэрбээр “Сайн байна уу? Би маргааш өглөө Баян-Өлгий нисэх гэж байна. 11 сард Очирбат дарга Сүрэнжав бид хоёрыг урина гэсэн.Чи намайг ирсэн хойно энд ирвэл сайн. Би 11 сарын 3,4-ний нэгэнд ирнэ. Чи номоо бэлдэж ир. Манай холбоонд элсэнэ биз. Номыг чинь оруулна. Одоо хүн царайчлахгүй,би өөрөө шийднэ. Манай холбооны салбар байгуулбал сайн шүү. Ж.Бямба” хэмээсэн зурвас миний хуучин тэмдэглэлийн дэвтрийн завсар байна.Түүний доод талд би “1990.ХI.5-нд авлаа. Би Улаанбаатар хот явсан учир нэлээд хоноод авав. Бямба багш Баян-Өлгий явсан учир уулзаж чадаагүй” гэж тэмдэглэсэн ажээ. Чөлөөт зохиолчдын холбоо 1990 оны есдүгээр сард албан ёсоор байгуулагдсан гэдэг. Ж.Бямба багш маань 1990 оны есдүгээр сарын сүүлчээр Чөлөөт зохиолчдын Холбоогоо байгуулалцаад л түүнийгээ өргөтгөх, аймаг хотод салбараа бий болгох, авьяастай хүмүүсийг гишүүнээр элсүүлэх талаар анхаарч байжээ.

1990 онд би хотод байж найрамдал нийгэмлэгийн их хуралд оролцжээ. Хуралдаа оролцчихоод үүнийг тэмдэглэгч Ж.Бямба багшийн гэрт очиж ярилцжээ.Тэрбээр саяхан Улаан-Үд хотод С.Дуламтай хамт яваад ирлээ гээд гол нь Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооныхоо тухай ярьжээ.

Сониндоо гурван хүн ажиллуулна,нэг нь эзгүй байхад нөгөө нь сониноо гаргаж чаддаг байх ёстой юм. Гэхдээ одоогоор тийм чадвартай олигтой хүн олж чадаагүй байна. МЗЭ олон гишүүнтэй. Манай холбоо тэднийх шиг нүсэр биш байна.МЗЭ-ийнхэн манайхныг үргэлж гүтгэн дайрч байгаа. Бид тэдэн шиг сонин хэвлэлээрээ дайрч давшлахгүй. Харин бидний талаар тэдний ярьж бичсэн дайрч давшилсан зүйлийг сониндоо тавина. Бид ийнхүү ярьж тохирсон. Манай Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн нь Ш.Гаадамба, орон тооны бус, түүнд сардаа 200-300 төгрөг өгөхийг бодно. Ш.Гаадамбын бие одоогоор муу байна. Ш.Сүрэнжав бид хоёр гол ажлаа хийж байна. Бид хоёр цалинжина байх. П.Пүрэвсүрэн “Ертөнц” сонины эрхлэгч болсон. Т.Галсан баахан залуус дагуулж ирнэ гэсэн. Т.Галсан одоо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авлаа. Тэрбээр МЗЭ-ээс гарах өргөдлөө өгсөн юм. Гэтэл нэртэй зохиолчийгоо болохоор гаргахгүй удаад хойшлуулаад байна.

Чиний номыг хэвлэх төлөвлөгөөнд оруулна. Одоо хүн гуйж царайчлахаа больсон шүү. Гадаадад нэлээд өргөн харилцаа тогтооно. Тэгэхдээ мөнгөтэй болно. Мөнгөө дэмий юманд сүйтгэхгүй гэсэн үндсэн гол зүйл ярилаа. Би Завхан аймгийнхаа Залуу зохиолчдын нэгдлийн ажлын талаар танилцууллаа. Багш: -За, чи хэр зэрэг юм бичиж байна.Сүүлийн үед бичсэн томхон юмнаасаа уншуул гэв.

-Би “Манан дундах уулс” гэсэн тууж бичлээ. Тэр л байна гээд түүнээ багшид өглөө.Тэрбээр “Зүйтэй” гээд авч уншиж байснаа: “Аанг, аанг” гээд л байв. Тэгснээ: -Үгүүлсэн зохиол бичих найдвар чамд тун их шүү. Миний шавь Намсрай, Баасанжав гэж зохиолч нар бий. Тэдэнтэй чамайг танилцуулна.Тэд авьяастай, чи ч бас… Чи энд их нуршжээ. Чи “Шөнийн ангуучин” гэдгээ сайн бичсэн шүү. Түүнийгээ дахин дахин уншаарай,яаж бичлээ гэдгээ бод. 1992.IҮ.10. Баасан гараг. 15.00 цагийн радиогийн мэдээ сонслоо.” МҮЧЗХ-ны хурал болж Завхан аймгийн Н.Лутбаяр, Ц.Бавуудорж, С.Товуудорж, Х.Бат-Өлзий нарыг гишүүнээр элсүүлэв.

Мөн О.Дашбалбар, Ж.Бямба нарт төрийн соёрхол олгуулахаар нэрийг нь дэвшүүлэв” хэмээн мэдээллээ. Үүнийг сонсоод сэтгэл сэргэн хөнгөрч байна.Зохиолч гэсэн нэр зүүлээ.Гэвч зохиолч байв уу үгүй юу гэдгийг бичсэн зохиол бүтээлийн чанар харуулна.Жирийн хүн биш жижүүр хүн гэгчээр би идэж уучихаад гэдсээ илэн тарвалзаж хэвтдэг хүн биш бүтээж туурвих гэж шаналж бодлогоширч бичиж суудаг зохиолч болов. Ингэж бодоход сэтгэл давчидна.Үүнд бодлоо шүүн тунгаана.Үүнд өөрийгөө дайчилна гэх зэргээр радиогийн мэдээ сонсчихоод сэтгэгдлээ бичжээ. Тэр үеэс өмнө хөдөөний бид нар зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг одоогийнхоор бол Их хурлын гишүүн болох гэж буй мэт үнэхээр хэцүү даваа байлаа.Тиймээс Чөлөөт зохиолчдын холбоонд гишүүнээр элсүүлсэн тухай радиогийн мэдээ сонсоод сэтгэл хөөрч баярлаж байсан юм. Ийнхүү би Чөлөөт зохиолчдын холбоо гэсэн байгууллагын харьяалалтай хүн болжээ.

Улс орны тусгаар тогтнолоос өөр чухал юм үгүй. Бид бүхэн мөнх биш, Монгол Улсын тусгаар тогтнол мөнх байх учиртай. Тиймээс Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зогсоно.Зулзган банди нараар улс орноо түйвээлгэж ханалаа. Улс орныг нас тогтсон,амьдрал үзсэн, эх орноо гэх хүмүүсээр удирдуулна гэх зэргээр ярьж байлаа. “Та сайн яруу найрагч. Улс төрөөр хөөцөлдөж байснаас шүлгээ бичээд суусан нь дээргүй юү?” гэж сонсогч асуулаа. “Эх орон эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаад байхад иргэн би зүгээр сууж чадахгүй. Шүлэг бичихээ орхиж болно. Эх орныхоо эдийн засгийн баттай суурийг бий болгож, тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө тэмцэнэ” гэж О.Дашбалбар хариулжээ.

Ж.Бямба багш: -Би УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлчихээд удахгүй эргээд ирнэ. Чамтай хамт сартуулынхаа хэдэн сумаар явж сурталчилгаагаа хийнэ. Намайг дэмжээд саналаа өгнө байх гэж ярьсан тухай миний тэмдэглэлд байна. Тэр үед Ж.Бямба багш мөнх бусаа үзүүлээгүй бол Их хурлын гишүүн болчих боломж байсан юм. 1992.Ү.21.Лхагва гараг.16.00 цагийн үед аймгийн захиргааны байшингийн гадаа хэдүүл ярьж зогстол,аймгийн төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн дарга Баярлхагва ирээд:-Зохиолч Ж.Бямба гуай нас баржээ гэв.Миний бие зарсхийн гайхаад:

-Хэзээ тэр вэ? хэмээн цочирдон асуулаа.

-Тун сая хүлээн авагчаар ярилаа.

-Баттай мэдээ юү? -Баттай,Завхан аймгийн Ургамал суманд төрсөн гэж байна.Үнэн биз дээ гэв.

Миний үе мөч сулран хий нь гарсан бөмбөг мэт шалчийн сэтгэл хачин болов. Бид чинь бие биенээ мөнх юм шиг санаж явтал сайн анд нар маань гэнэт бурхны дуудлагаар биднээс холдон одох юм. Тэгээд Ж.Бямба багш ноднин 1991 оны ҮI сарын 22-нд хэсэг зохиолчдын хамт ирэхэд Отгонтэнгэр уулын тахилгат овоо, Бадар хундага нуурын дэргэд очсон, Отгон Шүлүүстэй, Цэцэн-Уул,Тосонцэнгэл сумаар явахад болон энэ оны IҮ сарын 21-нд ирэхэд нэлээд хугацаагаар цуг байж уран зохиолын болон аж төрлийн энгийн зүйлсийн тухай ярилцан хүмүүстэй уулзаж бас хүний хувьд хатуу цагааныг балгаж наргиж инээж хөхөрч явснаа дурслаа. Гэртээ ороод “ХУДЛАА…БАГШ АМЬД” гэсэн гарчиг тавиад Ж.Бямба багштай уулзаж байсныхаа заримаас тэмдэглэлийнхээ дэвтэрт дурсан бичжээ.Түүнийгээ МҮЧЗХ-ны 20 жилийн ойн үеэр өмнөх тэмдэглэлийнхээ дэвтрийг эргэн харж сийрүүлэх боломж олдлоо.

Тэрхүү “Худлаа… багш амьд” гэж гарчигласан бичвэрийн навтрагт: Миний дотнын багш маань ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэгээд л бид бүгдээрээ “Улиастай” зочид буудлын баруун өмнөх сувгийн жирэлзсэн горхинд дүрээ тольдоод,уснаас хааяа гараараа хутган самарч, ерөөл сонссон хүмүүсийн нүд мэт үдшийн од гялалазан түгтэл шүлгээ уншиж, хөх тэнгэртээ, хөрст эх нутагтаа,хүсэл нь биелэх арддаа сэржмээ өргөн өргөн нанчид хүртэх юмсан. Ж.Бямба багш минь О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёогийн хамт миний төсөөлдгөөр их далайн дундах шовгор хадан арал мэт цэлийсэн талын бяцхан уул Алтан овоон дээр мандах нарны өмнөхөн гарч хийморио сэргээн сэржим өргөсөн тухайгаа дахин дахин яриасай. Нэг нугалам сээр хүзүү мөчөөр биднээс илүү болов уу гэлтэй өндөр Түдэв даргаар газарчлуулан Шүлүүстэй уулын урд энгэрт Дилав хутагтын босгосон суварга, овоонд очоод Дилав хутагт Жамсранжав болон Нарванчин гэгээний тухай дахин яриулах юмсан. Бид Улиастай тийш буцаж дөрөө харшуулан Цагаанчулуут сумын малчин шүлэгч залуу Д.Сүхбатынд дахин очиж саатан хонь гаргуулж шинэ шөл ууж, таны дуртай бүхэл мах чануулах юмсан. Багш та:

-Хүүе,Товуу чи миний ханцуйн дээр тостой шөл асгадаг шүү. Болгоомжтой байгаарай гэж намайг ойртоход анхааруулаасай. -Тостой шөл хувцсанд асгахад буян хураад сайн гэдэг шүү,багш аа хэмээн би урьд нь Шүлүүстэйд болгоомжгүйдсэнээ цайруулах гэж булзааруулна.

-За тэгвэл ч яах вэ. Товуу чи бүхэл мах өөхийг ч овоо идчихдэг юм байна.За ид ид, май хэмээн хишиг огтлон надад дахин өгөөсэй.

Багш минь ганцхан сарын өмнө Улиастайд ирэхдээ яалаа. Бид зочид буудалд нэлээд сууж ганц нэг лонх хоослон ихэвчилэн уран зохиол, зохиолч нарынхаа тухай, улстөрийн тухай, “хайрт удирдагч” нар олхиогүй байгаа тухай зөндөө яриад би гэртээ ирээд унтсан шүү дээ. Дуг нойрон дунд хүн үүд тогшин тогшин чимээ чагнана. Тэгсэнээ “Би Бямба байна, үүд ээ” гэнэ. Эхнэр нойрмоглосоор босож үүдээ нээнэ. Багш Ж.Бямба орж ирээд:

-Хөөе миний шавь унтаж байна уу? Сэрээнэ ээ хэмээн урьдынхаа адил орны өмнө суугаад намайг татаж илэн оролдож эхлээсэй.Үдшийнхээ ууж идсэнд дарлуулан сэрье гэвч сэргэж чадахгүй, багш ирснийг дотуураа битүүхэн мэдрэв ч би хөрвөөн унтана. Багш:

-Хөөе, босоорой Товуу,би багш чинь байна. Би Бямба байна аа, босоорой босоорой хэмээн миний хөнжлийг ярж мөр хацар руу сэвж буй мэт зөөлөн зөөлөн алгадаасай. Хоёулаа манай нутгийн Л.Бат-Өлзий сэтгүүлчийнд очъё.Би Улиастайд ирчихээд Бат-Өлзийнд орохгүй бол тэд гомдоно. Би ганцаардаад байна. Тэднийхийг олохгүй.Хоёулаа явъя хэмээн хичээнгүйлэн аргадан гуйгаасай.

-За за гээд би хүлээтэй өнжин хэвтсэн амьтан мэт хүндээр арай ядан өндийхчөөн аядана.

Хоёулаа гадаа гарч Улиастай хотын од яралзсан шөнийн нам гүмд таалуулах мэт сугадалцан алхална.Гэвч хатуу ундаа биеэс бүрэн ууршиж арилаагүй тул толгой баглуулсан мэт хүнд оргин мангартана.Тэгээд л 60 айлын сууцныхны үүдийг эхнээс нь тогшино. Хаалганы цаана хэн нэгэн ирж хулгайч дээрэмчин тонуулчин уу биш үү хэмээн зүрх нь түгшин бүр нэг хаширлангуй:

-Хэн бэ? хэмээн дуугарна.

-Сэтгүүлч Бат-Өлзийнх аль хаалга вэ?

-Цаана чинь нөгөө орц.

-Хаалганы дугаар нь хэд вэ?

-Мэдэхгүй,мэдэхгүй гэж нойр хулжаалаа хэмээн дургүйцсэндээ мэдсэн ч мэдэхгүй гэж уцаарлан дуугараад цаашаа алхах хөлийн чимээ гарна. “Хорхойд хоргүй амьтад явж байхад зөвхөн нойрноос сэрээлээ гэж бид хоёроос айж байх ч гэж дээ. Ийм л болсон цаг үе дээ” хэмээн ярилцаад гаднын хүмүүс харвал галзуу юм уу гэлтэй шөнийн харанхуйг шуугдтал хөхрөлдөнгөө хөтчин алхална. Бүр чухал зарлал хүргэх гэсэн мэт, бид амьдарч аж төрж байна гэдгээ үзүүлэх гэсэн адил айл айлын хаалга тогшин уур уцаары нь хөдөлгөнө. Тэгсээр “Үнэн” сонины сэтгүүлч Л.Бат-Өлзийн хаалгыг заалган олж очно. Явсан нохой яс зуудаг гэж энэ буй за.

-Хэн бэ гэж гэрийн эзэгтэй нь асууна.

-Би Бямба байна…хөөш танайхыг арай гэж олж ирлээ гэж эрдүүхэн дуугарна.

-Өө зайлуул манайхыг гэсээр ирэлгүй яах вэ гэсэн дуу гаран хаалга онгойно. Бат-Өлзий гуай босоод маажигнан ирээд “За чамайг ороод ирнэ гэж мэдэж байсан юм. Харин шөнө ирэх нь үү өдөр ирэх нь үү гэж ярьж байсан юм гээд нэг нутгийнхан өнө эртний зүйлсээ ярьж хөөрөнгөө цай чанаж лонх юм гаргана.

Төрсөн нутгийнхаа андтайгаа уулзах гэж түнэр харанхуй шөнө тэмтчин бэдрээд, түүнээ олоод сэтгэлээ ханатал хүүрнэсэндээ олзуурхсан уу хажуулмагцаа хурхирч эхэлнэ. Гэтэл багшийг минь тэнгэрт хальсан гэж хэн хэлэв. Ээ худлаа даа, худлаа байгаасай. Хүн нас баржээ гэж андуурч ярих, сонсох сайн байдаг юм гэнэ билээ.Яагаав, нөгөө Улиастайд муу нэртэй луу данстай явсан одоо бол худалдаа арилжаа хийгээд хөл дээрээ босчихоод хүмүүсийг гайхшируулж нүдийг нь бүлтийлгэн горьдуулж буй хар Жадамба Тувад явж байгаад алуулчихсан гэнэ гэж өвөл зөндөө л яриагүй юу. Тэгсэн чинь тэр нь худлаа цуу яриа байсан шүү. Тийм цуу ярианд өртсөн хүн мөнхөрдөг юм гэнэ билээ.

Багш маань эндэх болоогүй, бие их сайтай шүү дээ. Тэрбээр орчлонгийн худал хуурмагтай,бузар булхайтай тэмцэн зүрх нь шаналан дотор нь бачуурч яваа. Тэгээд өөдгүй хүмүүст элдвээр далдуур гоочлуулавч юу ч болоогүй мэт анд найз нартайгаа инээж хөхрөн уулзаж учирч яваа. Харин Ж.Бямба багш минь Завханы Улиастайд удахгүй буцаж ирнэ гэсэн юмсан, яагаад ирэхгүй удаад байна вэ. Тэрбээр худал хуурмагтай тэмцэж яваагаас зайлахгүй хэмээн би Ж.Бямба багшийг нас барсан гэдгийг сонсмогцоо урьд уулзаж учирч ярьж хөөрч байсныгаа эргэцүүлэн тэмдэглэлийнхээ дэвтрээс заримыг нь хараад, өнгөрсөн бүхнээ санан, тэр хүн нас барсан гэдэг нь худлаа байгаасай. Тэгвэл урьд өмнө уулзаж явсан бүхнээ дахин давтахсан гэсэндээ харуусан бичжээ. Цаг хугацаа хурдан морьд адил зогсолтгүй довтлон яасан ч амархан өнгөрдөг юм бэ дээ. Манай Чөлөөт зохиолчдын холбооны нэг тулгуур асан Ж.Бямба багш мөнхийн амирлангуй орноод явчихсанаас хойш хорь гаруй жил өнгөрчээ. Гэвч түүнийг бид дурссаар, зохиол бүтээлийг нь анд найз нар төдийгүй залуу хойч үеийнхэн уншин талархсаар байна.Ингэхлээр багш маань бүтээл тууривлынхаа ачаар амьд байгаатай ялгаа юу билээ.

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт зохиолч Самбуугийн Товуудорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *