Categories
мэдээ цаг-үе

О.Дашбалбар багштай нэг ангийнхан

1990-ээд он гараад нэг хэсэг номыг 00 цаас шиг үзэх болсон гэдэг. Номыг машин, машинаар нь ачиж Хятад руу хаягдал цаас болгон гаргаад тэр нь буцаад 00 цаас болж орж ирдэг үе байж. Номыг хэн ч тоохоо больсон энэ цаг үед номонд дурлаж, хэн олон ном уншсанаараа нэг нэгэнтэйгээ нууцхан өрсөлдөж, тэмцэлдэж явсан оюутны нэг ангийнхан бол 1993-1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг Очирбатын Дашбалбар багштай төгссөн нэг ангийнхан юм. О.Дашбалбар багш ангийнхандаа “Халаасандаа байгаа таван зуун төгрөгөөр хоёр ном аваад алхаад харих уу, эсвэл биеийн амраа бодоод автобусанд суугаад харих уу гэдэг сонголтоо хийж чадсан цагт л та нар зохиолч болно” гэж сургадаг байжээ. Багшийнхаа хэлсэн үгийг алт шиг хүлээж авдаг оюутнууд автобусанд суух мөнгөөрөө ном аваад гэр рүүгээ харина. Тэр үед Бараа баазын хашаанд ачаатай машинаар ном авчраад асгадаг байж. Зүсдэг машинаар номыг хавтаснаас нь салгаж цаасны хаягдал нэрээр Хятад руу гаргана. О.Дашбалбар багшийн ангийнхан энэ үед отолт хийж, машин дүрэн ном ирээд буухад нь уралдаж очоод гартаа тааралдсан номоо чадахынхаа хэрээр аваад явдаг байсан гэдэг. Тэгж номонд дурлаж байсан оюутнууд өнөөгийн Монголын утга зохиолын нэгэн үеийн хүчтэй төлөөлөгчид болцгоожээ. Хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, сэтгүүлч, орчуулагч Б.Номинчимэд, төвд судлаач Г.Ням-Очир, яруу найрагч Ц.Доржсэмбэ нарын алдартнууд оюутны нэг ангийнхан юм.

Тэд оюутан ахуйн бүх л дурсамжаа ангийн багш О.Дашбалбартай холбож ярина. “Ерөөсөө манай анги чинь багш төвтэй, багшаараа хөглөгддөг ийм л анги байсан. Багш юу гэж хэлнэ, ангийн бүх уур амьсгал тийшээ явдаг. Багшийнхаа амнаас унасан үгийг алт мэт хүлээж авдаг байсан. Тэр том хүнээр дөрвөн жил хичээл заалгаж байсан бид чинь барагтай хүнд оногдохгүй том хувь заяатай шүү” гэж байсан юм. Өрнө, Дорнын уран зохиолыг О.Дашбалбар багш заадаг байж. “Би та нарт хичээл заахаа болилоо” гэж ангийн багш хэлэх вий гэхээс бүгд айна. Ийм үг багшийн амнаас гарвал оюутнуудад аянга цахилгаан цахиж байгаа мэт хатуу сонсогддог байж. Учир нь нэг өдөр багшийнхаа унш гэсэн номыг тэд уншихгүй иржээ. Балбар багш илүү дутуу юм ярьсангүй. Гараараа үсээ хойшлуулчихаад цүнхээ үүрээд ангиас гарч. Гарахаасаа өмнө “Үүрд баяртай” гэж хэлжээ.

Багшийг гараад явсны дараа ангийнхан шуугилдаж шаагилдаад тоосонгүй. Тэгсэн гурван өдөр Балбар багш ирсэнгүй. Ангийн хүүхдүүд бүгд дуугаа хурааж эхэлжээ. Багш байхгүй бол амьдрал байхгүй мэт тэдэнд санагдаж, “За бүгдээрээ гэрт нь яваад очье гээд гарцгаажээ. Багш гэртээ их ууртай, тэднийг ирснийг харахгүй, тоохгүй байсан гэдэг. Ангийн хүүхдүүд багшдаа хадаг барьж, мөргөж залбиран, “Бид дахиж даалгавраа хийхгүй ирэхгүй” гэдэг амлалт өгсөн байна. Балбар багш далайх нь сүртэй боловч буух нь зөөлөн. “За та нар хэлсэн амандаа хүрнэ шүү” гэжээ. Тэр үеэс хойш ангийн хүүхдүүд нэг ч удаа даалгавраа хийхгүй ирж байгаагүй гэдэг. Балбар багш ангийнхаа хүүхдүүдээс юугаа ч нуудаггүй байсан нь тэдний хайр хүндлэлийг улам их татжээ. Зовлон жаргал бүх зүйлээ илэн далангүй ярьж хуваалцдаг байсан учир ангийн шавь нар нь багшийгаа юу юунаас илүү хүндэлж, багш шигээ л хүн болох юмсан гэдэг мөрөөдөл бүгдийнх сэтгэлд нь ургаж байж.

Ер нь тэдний ангид мундаг сайн багш нар хичээл заадаг байсан байна. О.Дашбалбар багшаас гадна монгол бичгийг Осор гэдэг сайн багш заана. Дунд, ахмад үеийн бараг бүх монгол хэл, бичгийн багш нар Осор багшийг андахгүй. Төвд хэлийг их төвдөч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, бурхны шашны гүн ухааныг гавж Ш.Сонинбаяр, Монголын эртний уран зохиолыг доктор Далантайн Цэрэнсодном, Монголын уран зохиолыг доктор С.Байгалсайхан зааж байж. Бас Пүрэвийн Хорлоо багшаар аман зохиол, уран сайхны шүүмж судлалыг Чойсүрэнгийн Дагвадоржоор, утга зохиолын онолыг Хасбаатар, Санжмятавын Гаадамба гээд мундаг том сайн багш нараар хичээл заалгаж байжээ. “Сайн хүмүүсийн буян цаглашгүй их юм” гэдэг үгийг тэд багш нарыгаа дурсан ярихдаа хэлнэ. Өнөөдөр бидний амжилттай яваа мааньэнэ хүмүүсийн ач шүү дээ гэцгээнэ.

Энэ ангид сонин сонин зам мөрөөр орж ирсэн хүүхдүүд их. Жишээлбэл, Б.Номинчимэд Говь-Алтай аймгийн арван жилийн сургуулийг алтан медальтай төгсөөд илгээлтийн эзэн болж хэдэн жил мал малласан. Тэр үед хөдөө хонины бэлчээр дээр Б.Номинчимэд тэр цаг үеийнхээ хамаг сор болсон бүх номыг уншчихсан байж. Ажлаар явж байсан эрдэмтэд хөдөө очоод Б.Номинчимэдтэй уулзаад гайхаж, “Чи ийм авьяастай юм чинь хот газар орж сургуульд сур” гэж зөвлөсний дагуу иржээ. Харин Р.Эмүжин Ховдын багшийн их сургуульд сурч байгаад Дашбалбар гэдэг хүний л шавь болохын тулд сургуулиа хаяад ирж байсан гэдэг. Ер нь тэдний ангид багшаас гадна хоёр дахь үлгэр болдог хүн нь Б.Номинчимэд байж. Тэрбээр ангийнхнаасаа хэдэн насаар ах байсан болоод ч тэр үү түүний хэлсэн үг, унш гэж заасан ном нь бусад хүүхдэд үлгэр дуурайл болно. Жинтэй ч үг хэлдэг байж. Анх тэдний ангид 21 хүүхэд элсэн орж байсан бол төгсөхдөө арван долууллаа болсон байж. 17 оюутнаас тав нь эрэгтэй. Таван эрэгтэйгээс Дашдэмбэрэл гэдэг залуу газар тариалан, бизнесийн салбарт ажиллаж байна. Бусад нь мэргэжлээрээ утга зохиолын салбарт ажиллаж байгаа юм байна.

Шинэ юм нээнэ, шинэ юм сурна гэдэг маш гоё юм байна гэсэн тэр үеийн нийгмийн хандлага оюутнуудад хүчтэй нөлөөлж байж. Хэний ч олж нээгээгүйг олж нээж, хэний ч олж анзаараагүйг олж анзаарах тийм хүсэл эрмэлзэл дүүрэн оюутнууд байж. Тиймээс тэд өөр хоорондоо өрсөлдөнө. Хэн олон ном уншсанаар, хэн сайн шүлэг, зохиол бичсэнээрээ бие биетэйгээ өрсөлдөнө. Нэг нь гайгүйхэн шиг мөр шүлэг биччихэд нөгөө хэд нь шөнө нойр нь хүрдэггүй байсан гэдэг.

О.Дашбалбар багш ангийнхаа хүүхдүүдийг нэг өдөр бүгдийг нь шалгалтад унагааж байсан гэдэг. Нэг өдөр гадаадын уран зохиолын хичээлээр өвлийн шалгалт авчээ. Бүх хүүхдүүдээс нэг л асуулт асуусан байна. “Японы нобелийн шагналт зохиолч Асунари Кавата яаж үхсэн бэ” гэдэг ганц асуулт иржээ. Тэр асуултыг хэн ч хэлж мэдэхгүй ангиараа шалгалтдаа унажээ. Ээлж ээлжээрээ асуугдах гээд ороод янз бүрийн тайлбар хэлж байжээ. Бүгд амиа хорлож үхсэнийг мэдэж байгаа ч яг яаж амиа хорлосныг нь мэдэх оюутан байсангүй. Ангийн 20-иод хүүхэд нэг нэг хувилбар гаргаж, хэлсэн ч бүгд муу авчээ.Тэгээд дараа нь өвлийн даалгавар өглөө. “Асунари Каватаг яаж үхсэнийг мэдэж ир” гэсэн байна. Бүгд хичээл тараад номын сан явж. Тэгсэн хийн зуухнаас болж нас барсан юм билээ. Тэр үед хийн зуух гэж юм мэдэхгүй тэд шалгалтдаа хэрхэн унаснаа бодоод бөөн инээдэм болсон гэдэг. Ер нь тэдний ангийг сургуулийнх нь багш, хүүхдүүд хамгийн сахилгагүй анги гэж нэрлэдэг. Халуун цочмог халгиж, цалгисан, юу хүссэнээ айж ичихгүй хэлчихдэг. Бас багш нарыгаа хатуухан шүүмжилчихдэг байсан гэнэ. Ямар сайндаа л Г.Ням-Очир, П.Батхуяг хоёр сургуулиасаа дөрвөн удаа хөөгдөж байжээ. Аварч гардаг хүн нь ангийн багш О.Дашбалбар. Энэ хоёр юм дуулгах хүүхэд, байлгаж байя гээд бусад багш нартайгаа ярилцаад үлдээж байж.

Мөн ангиараа хоёрдугаар курсээсээ эхлэн давхар ажил хийцгээсэн байна. Тэр үед нийгэм хэцүү, картын бараанд шилжсэн, хүнсний хангамж муу цаг үе байсан учир хоёрдугаар курсээ төгсөөд сонин сэтгүүлд ажил хийж, олсон мөнгөөрөө амьдралдаа нэмэрлэж эхэлжээ. Эрдэм ном сураад давхар ажил хийж байсан нь тэдний амжилттай яваагийн бас нэг шалтгаан гэж тэд дурсан ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *