Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр Хөвсгөл аймагт зохиогддог мөсний баярт оролцдог билээ. Энэ жил “Хөх сувд-2016” нэртэйгээр тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд зохиогдож буй олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд оролцлоо. Тэрээр ёслолыг нээж “Энэ сайхан баярт улс орныхоо өнцөг булан бүрээс цаг заваа гарган алс холоос хүрэлцэн ирсэн нийт хүмүүст талархаж байна. Хөвсгөлийн ард түмний нэрийн өмнөөс, энд оролцож байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс та бүхэнд гүн талархал илэрхийлье. Баяр хүргэе. Хөвсгөлд зохиогдож байгаа мөсний баяр маань зөвхөн Хөвсгөлийн брэнд биш, Монголын брэнд болох болтугай. Монголын нэр төр болох болтугай гэж ерөөе. Зөвхөн монголчуудын баяр биш, цаашдаа олон улсын баяр болох болтугай гэж ерөөе” гэсэн юм.
Тус баярыг Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг мөсний баярыг 17 дахь жилдээ аймгийн ЗДТГ, аялал жуулчлал эрхлэгчид, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа бөгөөд. Төрийн тэргүүн урчуудын гараар сүндэрлэсэн мөсөн баримлууд болон нутгийн иргэдийн урлаж бүтээсэн гар урлалын зүйлсийн үзэсгэлэнг үзсэн бөгөөд гадаадын зочид гийчид олноороо оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мөсний баярын нээлтэд ийнхүү оролцоод аймгийн төв Мөрөн сумыг зорьсон юм.