Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанцэцэг: Онолын хувьд үнийн хэлбэлзэл, уналт зэргийг урьдчилан тооцох ёстой

МУИСийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

Монголын эдийн засгийн талаар мэргэжилтнүүд маргаж байна. Ихэнх нь муу дүн тавьж байгаа бол зарим нь эдийн засаг хөрсөн дээрээ буулаа гэх юм?

-Би бол тааруухан гэж хэлнэ. Гэхдээ эдийн засгийг шинждэг параметрүүд байдаг. Саяхан манай эдийн засаг 20 шахам хувийн өсөлттэй байсан. Одоо хоёр хувийн өсөлтийн тухай ярьж байна. Бас нэг үзүүлэлт болох инфляцийн бага түвшинг сайн үзүүлэлт гэж дүгнээд байгаа юм. Үүнтэй санал нэгдэхэд хэцүү.

Яагаад?

-Эрэлт буурчихаар инфляци доод түвшинд орж байна. Эрэлт буурна гэдэг маань худалдан авалт багасч, иргэдийн амьжиргаа доошилж байгааг л харуулна. Ажилгүйдлийн түвшин бас их чухал үзүүлэлт. Гаднаас нь харвал ажилгүйдэл нэмэгдээд, ажлын байраа алдаад байгаа иргэдийн тоо цөөн харагдана. Шинээр ажилгүй гэж бүртгүүлсэн иргэдийн тоо нэлээд өссөн байдаг. Гэхдээ бүртгүүлэгчдээс ажилд орсон хүний тоо маш их буурсан. Эндээс харвал ажилгүй гэж бүртгүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдээд байдаг. Ажлаар хангагдаж байгаа нь маш чухал болчихож байгаа юм. Жишээлбэл 2015 онд сард дунджаар 11 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд бүртгүүлээд 2.5 мянган хүн ажилд орсон байдаг. Гэтэл 2011-2013 онд сард дунджаар зургаан мянган хүн ажилгүй гэж бүртгүүлснээс дөрвөн мянга нь ажлаар хангагддаг байсан гэсэн статистик байна. Мөн хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа байдаг. Сүүлийн үед 60 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт биш.

Энэ юуг харуулдаг индекс вэ?

-Хэрэглэгчийн одоо, ирээдүйдээ хэр итгэлтэй байгааг харуулдаг үзүүлэлт. Ойрын зургаан сард хэрэглэгчид итгэл муутай байгаа үзүүлэлт гараад байгаа. Энэ чинь хэрэглэгчид, өрхүүд гутранги байна гэсэн үг. Эдгээр үзүүлэлтээр эдийн засаг сайн биш гэж дүгнэж болно.

Эдийн засгийн ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Ийм үед нийт эрэлтийг урамшуулах бодлого хэрэгжүүлдэг. Төсвөө танах бус болж өгвөл жаахан тэлэх. Ялангуяа нийгмийн эрсдэлтэй бүлэгт үзүүлэх зардлыг бууруулах шаардлагагүй. Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхийг эдийн засагчид санал болгодог. Гэхдээ манайд орон зай, цаг хугацааны хувьд төвөгтэй байж магадгүй. Монголбанк хэрэглээг урамшуулахаар ханшид нөлөөлөхөөс болгоомжлоод байгаа юм болов уу гэж бодож байна.

Хямралын эх үүсвэр нь эрдэс баялгийн үнийн уналт гэж байна. Энэ байдлаас салах боломж байна уу?

-Бодит байдал бол бид уул уурхайгаас хараат байна. Цаашдаа ч багагүй хугацаанд хараат байдлаас гарч чадахгүй байх. Бид цөөн тооны баялгаас хамааралтай. Харамсалтай нь тэр цөөн тооны баялгийн үнэ нь дэлхийгээс хамаардаг. Үүнтэйгээ эвлэрч түүндээ тохирсон бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөг хүртэл хэрэгжүүлсэн бодлого нь нөхцөл байдлыг буруу дүгнэсэн бодлого байсан.

Ямар алдаа байна?

-Онолын хувьд үнийн хэлбэлзэл, уналт зэргийг урьдчилан тооцох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хууль чинь яг ийм эрсдэлүүдээс хамгаалах боломжийн хууль байсан. Энэ хуулиа хэрэгжүүлээгүйгээс л бид өнөөгийн хүнд байдалд орж байна. Цаасан дээр нэг бодлого, хэрэгжихдээ өөр бодлого болчихож болохгүй л дээ. Боломжийн хууль эрх зүйн орчин байна. Түүнийгээ хэрэгжүүлэх нь л чухал.

Ам.долларын ханш өндөр болсон гээд зарим нь гаслаад байна?

-Сайн муу гэдэг нь хэрэглэгчийн харах өнцгөөс шалтгаална. Жишээлбэл импортоос их хамааралтай аж ахуйн нэгж, хувь хүнд зардал нэмэгдэнэ. Ингэснээр ам.долларын ханшийн өсөлт тэдэнд хүнд тусна. Ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүдэд бас томоохон цохилт болно. Тэд чинь арай бага ханшаар авсан ам.доллараа өндөр ханшаар төлөх болж байна. Гэхдээ дан сөрөг нөлөөтэй гэж үзэж болохгүй. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдэд амьсгаа авах боломж гарч ирж байна гэж хэлж болно. Үндэсний бараа бүтээгдэхүүн маань импортын бараа бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөх боломжтой болж байна. Дотоодын үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь нэмэгдэхээс гадна экспорт хийдэг аж ахуйн нэгжүүд ашгаа нэмэгдүүлэх боломж нээгдэж байна.

Ам.долларыг мянган төгрөг хүртэл бууруулах тухай ярьж байна?

-Зарчмын хувьд зөв л гэж бодож байна. Манай импортод хамгийн том хувь эзэлдэг нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл тэр хэмжээний доллар бидэнд хэрэггүй болно. Ингэснээр төгрөгийн ханш чангарах нь гарцаагүй. Гэхдээ тооны хувьд хэт өөдрөг төсөөлөл юм шиг санагдсан.

Ипотекийн зээлийг таван хувь болгох тухайд таны бодол?

-Эрсдэлтэй алхам. Тав бүү хэл найман хувь нь өөрөө зах зээлийн бодит хүү биш. Өөр эх үүсвэрээс зөрүүг төлж байгаа хүү. Өөрөөр хэлбэл та дэлгүүрээс мянган төгрөгийн талхыг 800 төгрөгөөр авч байна. Гэтэл талхны үнэ мянган төгрөг. Хэн нэг нь зөрүү 200 төгрөг төлж байна гэсэн үг. Ийм бодлого удаан үргэлжлэх үү. Харин одоо бүүр таван зуун төгрөгийг өөр эх үүсвэрээс төлөөд, та мянган төгрөгийн талхыг 500 төгрөгөөр авах гэж байна. Тэр таван зуун төгрөгийн тэтгэмж хаанаас гараад байна. Хэр найдвартай удаан үргэлжлэх вэ гээд олон тодорхойгүй асуудал байна. Зээлийн хүүгийн зөрүүг хэн хаанаас санхүүжүүлж байгаа тухай тодорхой мэдээлэл алга. Хэрэв энэ нь тодорхой бол мэргэжилтнүүд энэ нь зөв энэ нь буруу гэх мэтээр тодорхой санал дэвшүүлж болно. Мэдээлэл байхгүй тул элдэв маргаанаас эхлээд хардалт, сэрдэлт яваад эхэлж байна.

Таны буруутгах үндэслэл?

-Өнөөгийн орон сууцны зах зээлийг бодлого дэвшүүлэгчдийн ярьж байгаа зүйлтэй харьцуулахаар хэрэгжих магадлал буураад байгаа юм. Бодлого санаачлагчид орон сууцны зах зээлийг өргөн хүрээнд хамруулна гэж байна. Түүн дотор бага орлоготой иргэд багтаж байна. Мэдээж орон байрны хэрэгцээтэй иргэдэд энэ сайхан сонсогдоно. Би ч хүмүүсийг орон байртай болохыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ эдийн засгийн онолоор бол орон сууц худалдан авах чадвартай иргэдийн тоо ханачихсан гэсэн үзүүлэлт гарч байгаа юм. Зах зээл ч өөрөө ийм дохио өгөөд байгаа. Өнөөдөр зах зээл дээр 20 шахам мянган орон сууц борлуулалтгүй байна. Борлохгүй байна гэдэг нь илүүдэл болдог. Хэзээ илүүдэл үүсдэг вэ гэхээр үнэ өндөр байхад. Энэ юу хэлж байна гэвэл жамаараа барилгын үнэ унах ёстой гэсэн үг. Гэтэл одоогийн санаачилсан бодлого нь хаа нэгэн газраас үнийн зөрүүг өгч зохиомол ч гэх юм уу, албадан ч гэж болох борлуулалт хийх гэж байна. Өмнө нь 1.5 сая төгрөгийн орлоготой өрх зээлд хамрагддаг байсан бол шинэ санаачилгаар нэг сая төгрөгийн орлоготой өрх хамрагдах болж байна. Энэ бол Монголбанкны Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл.

Иргэдэд бол таатай нөхцөл шүү дээ?

-Мэдээж гоё сонсогдоно. Хүүгийн зөрүү төлж байгаа нууц эх үүсвэр тогтвортой, найдвартай удаан хугацааны төлбөр хийнэ гэж өөдрөгөөр төсөөлье. Тэгвэл сая төгрөгийн орлоготой гэр бүл урт хугацааны төлбөр хийхэд ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Бидний олон жилийн судалгаанаас харахад бага орлоготой өрх их орлоготой өрхөөс илүү их эрсдэлд өртдөг. Эдийн засгийн өсөлт бага хэмжээгээр буурсан ч бага орлоготой өрхүүд нэрвэгддэг.

Жишээ хэлж болох уу?

-Нэг сая төгрөгийн орлоготой дөрвөн ам бүлтэй өрхийн ипотекийн төлбөрөөр тооцоо хийж үзье. Энэ өрх орлого багатай эрсдэл өндөртэй бүлэгт хамаарна. Гэхдээ ямар ч эрсдэлгүй, урт хугацаанд тогтвортой төлбөр хийх зарчимтай ипотекийн зээлд хамрагдаж байна. Энэ өрх өнөөдөр ч эрсдэлтэй байгаа бөгөөд ойрын хэдэн жилд эдийн засаг өсч, эрсдэл буурна гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй.

Сая төгрөгийн орлоготой өрх сард 400 гаруй мянган төгрөгөө ипотекийн зээлд өгөх боломжгүй гэж үү?

-Эхний ээлжинд сая төгрөгийн худалдан авах чадвар ямар байна гэдгийг тооцох хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Засгийн газар нэг иргэний амьжиргааны доод түвшинг 180 гаруй мянган төгрөгөөр тогтоосон. Энэ нь нэг хүн сард амьдрах доод зардал нь 180 мянган төгрөг гэсэн үг. Гэтэл хэдэн жилийн өмнөх хэрэглээний үнэ өнөөдрийнхтэй дүйцэх үү. Дээрх дөрвөн ам бүлтэй өрхийн амьжиргааны доод зардал нь 720 мянган төгрөг болж байна. Нөгөө ипотекийн сарын хамгийн бага төлбөр 400 мянга. Гэтэл өрхийн орлого доод амьжиргаагаар тооцоод 280 мянган төгрөг л үлдэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн өрх амьжиргааны доод түвшнээс хоёр дахин доогуур зардлаар амьдарч байж зээлээ төлөх болно.

Бидний амьжиргаа өмнөд хөршөөс багагүй хамааралтай болсон. Өмнөд хөршийн маань эдийн засаг ямар байгаа бол?

-Сайн биш байгаа нь сүүлийн үеийн зарим үйл явдлаас харагдаж байна. Саяхан хөрөнгийн зах зээл дээр гэнэтийн үнийн уналт болсон. Хөрөнгийн биржээ хааж үзлээ. Олон хязгаарлалтаар зохицуулалт хийхээр оролдож байна. Захиргааны зохицуулалт хийнэ гэдэг нь зах зээл багагүй асуудалтай байна гэсэн үг. Юанийн ханш унах магадлал өндөр байна. Гэхдээ БНХАУ валютын их хэмжээний нөөцтэй учраас энэ их аюул дагуулахгүй байх гэж олон улсын шинжээчид харж байх шиг байна. Гэвч энэ нь юанийн аюулгүй баталгаатай гэсэн үг биш. Юань урт хугацаанд олон дарамттай учирна. Наад захын жишээ гэхэд БНХАУ-ын компаниуд зөвхөн 2016 онд нэг их наяд ам.долларын төлбөр хийнэ. Энэ нь ам.долларын эрэлтийг өсгөж юань сулрах нөхцөл бүрдүүлж магадгүй. Бас нэг сонирхолтой зүйл бол Хятадын эрх баригч нам хөрөнгө оруулалтад төвлөрсөн бодлогоос хэрэглээнд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэж зарласан. Хятад улс өнөөгийн шинэчлэлийг хийхэд 30 гаруй жил зарцуулсан. Одоогийн энэ өөрчлөлт эдийн засагт тодорхой хэмжээний савлагаа үүсгэнэ. Тогтолцоог өөрчлөх, хэрэгжүүлэх арга, иргэд хэрхэн хүлээн авах, зохицох гээд том эдийн засагт багагүй бэрхшээл үүснэ. Нэр нь хэрэглээнд суурилах гэж байгаа боловч зөвхөн эдийн засаг бус нийгэм улс төрийн салбарт маш их өөрчлөлт хийнэ. Засаглалын ил тод байдлаас эхлээд нийгмийн даатгал, хүний эрхийн хүрээнд ч том өөрчлөлт гарах байх. Хөрш орны хувьд энэ нь манайд эерэг нөлөө үзүүлнэ.

Хятадын эдийн засгийг тэтгэдэг АНУын эдийн засаг ямар байгаа бол?

-АНУ-ын төв банкнаас ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт нэг их ажиглагдахгүй байх тухай зарласан. Бодлогын хүүгээ нэмэхгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Мөнгөний бодлогоо чангаруулахгүй гэсэн үг. Энэ нь эдийн засаг сайн биш байгааг харуулсан дохио.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *