Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Та засуулсан уу?

Б.Дашзэвэг-DZman

-Таны жил орж байна шүү дээ. Засуулсан уу гэж нэг хүн асуув. Тэгэхээр нь би тоглоом тохуу болгож,

-Арай ч үгүй дээ, энэ муу эрхтэн одоохондоо надад байж байг. Хурга, ишгийг л засдаг, хөнгөлдөг биз дээ гэж хүмүүсийг инээлгэсэн.

Хүмүүс ээ, Монгол нутагт хүний сэтгэлээр тоглох, адуугаар наадах хоёр арай дэндлээ. Ялангуяа Цагаан сар мэтийн баяраар мэргэ төлөг, тавилан заяа гээд л хүний сэтгэлээр мөн ч их тоглох юм даа.

Хүн гэдэг сэтгэн боддог, ирээдүй хойчийг төсөөлдгөөрөө бүх амьтай амьтны дээдийн дээд нь. Сэтгэлээр өвдөж зовох бүү хэл, үхэж ч болно. “Та маргааш өөд болно”, “Танд муу юм тохиолдоно” гэж хүнд хэлбэл заавал бодож шанална. Би бол бүр мажийж ч магадгүй. “Засуул”, “Ном уншуул, тэгэхгүй бол болохгүй” гээд байгаа нь өрөвдөлт биш, өрлөлт гэж бодогдмоор …

Бас жилийн дөрвөн улирлын алинд ч “морин уралдаан” хэмээх малаар наадах явдал хэрээс хэтэрлээ. Энэ морин уралдаанд бяцхан хүүхдүүд айж зовох байтугай, амь үрэгдэж байгааг юу гэж үзэх вэ? Уяач, унаач хүүхдүүд гэж сүртэй нэртэй. Бүр морь зовоогч “баатар” байх нь яана гээч.

Өвлийн хатуу цагийг даван туулах бэлтгэл хангах ёстой зун намрын налгар өдрүүдэд эцэж зовсон морьдоо уралдуулсаар нэг мэдэхэд өвлийн хүйтэн, цас мөс бүрхээд ирнэ. Тэр үед төв суурингийнханд хандаж, туслаач, тусламж хайрлаач хэмээн уйлагнаж эхэлнэ. Малчид хотынхныг тэжээж буй бус, харин тэднээр тэтгүүлж байгаа бус уу.

Хүмүүс минь, малчид минь амьдрах ухаанд суралцах их л хэрэгтэй байна даа. Юмханаар юм хийдэг хүн баян чинээлэг байдаг. Зовлонг жаргал болгон хувиргаж чаддаг хүн аз жаргалтай байдгийг санагтун.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *