Categories
мэдээ цаг-үе

Л.Цэрэнлхам: Энэ цагаан толгой чинь Маршал Чойбалсанд үнсүүлсэн дух шүү

МУСГЗ Г.ЖАМЪЯН

Ардын Засгийн анхны долоогийн нэг Д.Догсом хурцын төрсөн дүү Д.Цэрмаагийн охин Л.Цэрэнлхам гуайтай ярилцлаа. Тэрбээр одоо Багануурт ач зээ нартайгаа хамт амьдардаг юм.

-Таныг Догсом хурцынхаас гал голомтоо сахиж үлдсэн хүн гэх юм билээ. Удам судраа хэр сайн мэдэж байна?

-Тааруухан даа. Догсом, Жинжийбадам гэгч хүмүүсийг бол сургаар мэднэ. Ээж минь л ярьдаг байсан. Догсом хурц гэж хүний аав Дансранбилэг гэдэг чинь Хэнтий аймгийн, одоогийн Баян-Овоо сумын уугуул, хэргэм зэрэгтэй хүн байсан юм билээ. Дөрвөн хүүхэдтэй байсны ганц эмэгтэй нь миний ээж Цэрмаа. Эднийхэн бүгдээрээ эсэргүүнийхэн гээд үе удмаараа хохирсон хүмүүс. Ээжийн дүү Шарав, Шагдар гэж хоёр эрэгтэй хүн байсан. Ээжид жил болгон ирж золгодог хүмүүс л дээ. Одоо бол хүүхдүүд нь байгаа байх.

-Таны ээж Цэрмаа гэдэг чинь Догсом гуайн ганц эмэгтэй дүү юм байна шүү дээ. Ээжийнхээ тухай хуучлах уу?

-Миний ээж Цэрмаа бол хөдөөгийн жирийн нэг малчин хүн байсан. Эсэргүүний дүү гээд их гадуурхагдаж, ядарч зүдэрч явсан даа. Миний ээж “Би ч эсэргүүнийхэн, хүндийнхэн гээд дууссан хүн дээ. Муу охиноо л гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх юмсан” гэж зүтгэсээр дууссан.

-Хүндийнхэн гэдэг чинь юу билээ?

-Догсом гэж хүний аав Дансранбилэгийг “хүндийнхэн” гэдэг байсан юм билээ. Хүндтэй хүмүүс байсан гэдэг утгаар л тэгж нэрлэсэн байх. Тэгээд л үр удмыг нь бүгдийг “хүндийнхэн” гээд эсэргүү нэр зүүчихсэн юм билээ. Ээж минь бол ахынхаа тухай, ер нь урд үеийнхнийхээ тухай ярих дургүй, даан ялангуяа гадны хүнд “эсэргүүний” удам угсаа гэдгээ мэдэгдэхгүйн тулд их л нууцалдаг байсан. Намайг бол их л далд, нууц байдлаар өсгөж өндийлгөсөн дөө.

-Та ч сургууль соёлоор дамжаад л явчихаа биз дээ?

-Юун сургууль байхав дээ. Би ч бас далдуур “эсэргүүний хүүхэд” гэсэн хаягтай л байсан юм билээ. Анх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын бага сургуульд орж үзсэн. Нэгдүгээр ангид сууж овоо бичиг үсэгтэй болоод байтал хоёрдугаар ангид суулгалгүй “Ар гэрийн гачигдлаар” гээд гаргачихсан. Сүүлд сураг сонсвол “хүндийнхний хүүхэд” гээд хасчихсан юм билээ. Миний эцэг гуйж гувшиж байгаад Норовлинд сургуульд оруулсан. Хоёр жил сурч байтал “эсэргүүний хүүхэд” гээд хасчихсан юм билээ. Ингээд л дөчин насандаа оройгоор дөрөвдүгээр анги төгссөн юм шүү дээ.

-Сургуулиас хасагдчихаад юу хийж байв?

-Хөдөө мал малласан шиг, ээж аавынхаа ажилд тусалж явлаа. 18 настайдаа нутгийн З.Санжаадамба гэж хүнтэй сууж, амьдралын замаа хөөдөг байгаа. Нөхөр маань Бэрхэд хайгуулын ажилтай хүн байсан. Дагаад л геологи хайгуулын ангид юухан хээхэн хийгээд явж байлаа. Нөхөр маань цэргийн алба хааж, 1945 оны дайнд оролцон, гавьяа байгуулж ирэгсдийн нэг. Бэрхдээ ажиллаж байгаад, 1983 онд таалал төгссөн. Тэгээд л би энэ хэдэн хүүхэдтэй үлдэж байгаа юм даа.

-Дөчин насандаа дөрөвдүгээр анги төгслөө гэсэн. Тэгээд ямар ажил хийв?

-Би угаасаа тоонд гайгүй. Дөрвөн үйлдлийн тоог бол хэнээс ч дутахгүй бодчихно. Энэ минь л намайг хоолонд залгуулна гэж бодоод дэлгүүрийн худалдагч болсон. Өдрийн орлогоо ганц мөнгөний зөрөөгүй тушаадаг сайн худалдагч хэмээн магтуулж явлаа.

-Тэгээд л худалдагч хийгээд байв уу?

-Үгүй дээ. Тогоочийн курст сууж хоёрдугаар зэргийн тогооч болж, нэг хэсэгтээ гуанзанд ажиллалаа. Токарь хүртэл хийж үзсэн. Ингэж ажльн дөртэй болж байснаа 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн ялахад Дэлгэр-Хаанд ирж малчин боллоо. Нэгдлийн мал арав гаруй жил маллахдаа гайгүй сайн ажилласан юм болов уу сум нэгдэл маань намайг гурван удаа “Энх сүрэгтэн”, хэд хэдэн удаа “Тарга хүчний”, “Төл бойжуулалтын аварга” болгон урамшуулж, аймаг, сумын ардын хурлын депутатаар сонгож байлаа.

-Та чинь тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн болоо шив дээ?

-Би чинь даалгасан ажилд нойр хоолоо мартан зүтгэдэг хүн шүү дээ. Зарим нь “хэнхэг” л гэдэг байх. Би, нам, төрийн ажилд насаараа зүтгэснээр муу юм болоогүй. Төр түмний хайр хүндэтгэлийг бишгүй л хүлээж явлаа даа.

-Нэгдэлдээ мал маллаад байв уу?

-Би арван хэдэн жил мал маллаад, сумын төв рүү орж ирсэн. Энэ хүүхдүүдийн чинь сургууль, номыг дагана биз дээ. Тэгээд Дэлгэрхангайнхаа төвд орж ирээд, ногоочин болсон. Аймаг сумын гурван удаагийн “аварга ногоочин” болж, тухайн үеийн ЗХУ-д аялах амралтаар шагнуулж хүртэл үзсэн. Орос орны тэр их хөгжил, байгалийн сайхныг биширч, улс орноо ийм болгох юмсан, ингэтлээ хөгжихийг нь үзэх юмсан гэдэг сайхан хүсэл тэмүүлэл өвөртлөн эргэж ирж байсансан.

-Та эх орныхоо бүтээн байгуулалтын бараг бүх салбарт ажиллажээ дээ. Тэр болгонд та амжилт гаргаж, нэр хүндтэй ажиллаж байсан байх юм. Таны хөдөлмөр зүтгэлийг тухайн үеийн нам төрийн байгууллага, удирдлагын зүгээс хэр зэрэг үнэлж байв?

-Үнэлж байсаан. “Эсэргүүний удам угсаа” гэдэг муу нэр салснаас хойш бишгүй л сайн сайхан явлаа. Өвгөн таалал төгсч, амьдрал бүхлээрээ толгой дээр ирэх үед энэ хэдэн хүүхдээ л сургууль номтой, хүний зэрэгтэй явуулахсан гэж зүтгэсээр өдий хүрлээ. Хүүхдүүд өсч өндийгөөд, ач зээ нарынхаа зулай үнэрлэн бишгүй л сайхан байна. (Цэрэнлхам гуай шагналаа үзүүллээ. Депутатынх нь тэмдэг зэвэрч элэгдсэн байна билээ)

-Та наян хэдэн сүүдэр зооглохдоо бишгүй л сонин хачин тохиолдолтой таараа биз. Сэтгэлд шингэсэн зарим сонин дурсамжаасаа хуваалцах уу?

-Байлгүй яахав дээ. Эмээ нь мартчих юм. Баян-Овоод сургуульд ороод байсан чинь нэг өдөр Маршал Чойбалсан ирнэ гээд хөл хөгжөөн болдог юм байна. Манай сургуулийн хүүхдүүдийг гадаа гаргаад жагсаачихсан. Бүрээ бөмбөр дуугарган Маршалыгаа цог золбоотой хүлээж авлаа. Маршал Чойбалсан, эхний хар тэрэгнээс буугаад наашаа алхаж байна. Хүрэн савхин дээлтэй, тун сайхан хүн байж билээ. Бидэнтэй мэндлээд хүүхдүүдийг бүгдийг үнссэн. Миний энэ муу цагаан толгойтой дух чинь Маршалд үнсүүлсэн дух шүү. Ийм дурсамжууд зөндөө бий.

-Догсом гуайн хилс хэрэг цагаатгагдсан. Гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүд нь нөхөн олговор, төрийн хайр хүндэтгэлийг нь хүртээ биз. Танд мэдэгдсэн, дуулсан зүйл юу байна?

-Одоо цаг сайхан болж, улс төрийн хэлмэгдэл гэж юмыг цагаатгаж цайруулдаг болсонд баярлаж байгаа. Намайг Догсом гэж хүний зээ дүү гэж сонсоод сүүлийн үед анхаарч үзэх болсоон. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 90 жилийн ойд уригдан оролцоод, Догсом ахынхаа хөшөөнд цэцэг өргөсөн. Дүү нарынх нь хүүхдүүд ч мэр сэр байдаг юм. Тэдэнтэй уулзаж жаргал зовлонгоо хуваалцаж байлаа. Ер нь сүүлийн үед их л анхаарал тавих болсон.

-Жил бүрийн есдүгээр сард улс төрийн хэлмэгдгсдийн өдрийг орон даяар тэмдэглэн тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлдэг, аймаг хот, сум дүүргүүд нь хүлээн авдаг уламжлал тогтоод байгаа. Танай Багануур дүүргийнхэн таныг хүлээж авдаг уу?

-Над л мэдэгдсэн зүйл байхгүй. 1965 онд МАХН-д элссэн. Энэ намын үйлст тавин жил зүтгэлээ. Чадал тэнхээтэй байх үедээ сонгуулийн сурталчилгаа нам, төрийн ажил гээд мөн ч их явсан даа. Одоо чадал тэнхээ тасарсан. МАН-ын нөхөд л байнга эргэж тойрч “Цэрэнлхам гуай яаж байна? Юу хэрэгтэй байна?” гэж асууж ирцгээдэг. Саяхан хүртэл дүүргийн (хотын) намын хорооны нарийн бичгийн дарга хэдүүл ирж хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ гэж тэвэр дүүрэн идээ будаа, 200 мянган төгрөгтэй өгөөд явлаа. Эмээ нь баярлаж л суух юм даа.

-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Хүүхдийн хүүхдүүдтэй амьдарч байна яахав ээ, төрийн буян болж байна аа гэснээр бид хоёрын яриа өндөрлөлөө.

Л.Цэрэнлхам гуайнх Багануур дүүргийн (хотын) гэр хороололд гэрт амьдрах юм. Тэднийхээс гарч явахдаа: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар гээд цөөн хэдэн ийм буурай амьд сэрүүн байгаа. Өнгөрсөн хугацаанд “эсэргүүний гэр бүл, үр хүүхэд” хэмээн хамгийн их зовлон амссан хүмүүс эд нар байдаг. Монголын төр эднийг таалал төгсөхөөс нь өмнө ганц ч болов баярлуулаасай” хэмээн бодож явлаа. Ийм тогтоолын төсөл хэдэн жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан боловч Улсын их хурлын дэд дарга бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга нарын сейфэнд цоожлогдон шарлаж сэмэрч байгаад, Монголын төр эрх биш салхи үзүүлээсэй дээ хэмээн эрхгүй бодогдоно билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *