Categories
мэдээ цаг-үе

Базарсадын Баттулга: Ирэх жилийн наадамд гэгээн сайхан амьдрах тухай шүлэг уншина аа

Утга зохиолын хүрээнийхний дунд “Гэгээн хэсүүлчин” гэгдэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгатай ярилцлаа. “Болор Цом-33” наадамд түүний уншсан шүлгүүд үзэгч олныг ихэд баясгаж, үзэгчдийн нэрэмжит “Тусгай байр”-ын шагнал хүртсэн билээ. Өнөө ч түүний шүлгүүд цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байгаа юм.

-“Болор цом” наадамдаа Архангайгаас зорьж ирсэн гэж сонслоо. Тэнд суурин байна уу. Хэдийдээ та Архангайд очоод суучихав аа?

-Өнгөрөгч оны есдүгээр сард манайх бууриа сэлгэсэн. Архангайн IV арван жилийн сургуульд багшилж байна. Тэгээд яахав жилийн жилд “Болор цом”-оо болохоор дэнсэлж догдолдог янзаараа хүрээд ирлээ. Би ч олон жил уралдаж байна. Дандаа 15-д үлдээд үсэрчихнэ. Энэ жил харин ядаж сүүлийн тавд үлдье гэж шүлгээ сойж байсан ч чадсангүй. Хоёрын даваанд шүлгээ уншаад тайзны ар руу ороход Ц.Хулан найрагч “Манай үеийнхэн ч одоо дандаа сургаалын шүлэг уншдаг болж дээ” гэсэн үг хаяж байна лээ. Тэгэнгүүт л би сэрхийн бодсон, Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө үрдээ хэлэх хэдэн үг байна… гэдэг чинь яалт ч үгүй сургаалийн шүлэг байхгүй юу. Шүлэг, яруу найраг цэвэр мэдрэмж, илэрхийлэл болохоос сургаал номлол биш шүү дээ, тэр энэ шүлгээ унших минь яав гэж харамссан. Ер нь тэгээд жилийн жилд л алдана, гэхдээ алдсанаа мэдэж өөртөө дүгнэлт хийнэ гэдэг чинь амжилт шүү дээ.

-Тухайлбал, яаж алдаж байв даа?

-Хоёр жилийн өмнө Өвөрхангайд болсон “Болор Цом-31” наадмын тайзан дээр согтуу гарч хөглөсөн. Одоо бодохоор инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. “Болор цом” болно гээд бодчихоор хөөрчихдөг золиг л доо, би. Тэр жил Өвөрхангайн буудалд байрлаж, маргааш орой нь цомдоо орно гээд догдолчихсон үеийн хэдэн найрагчтайгаа доргиж байхгүй юу. Тэгтэл тэр орой нь хойноос шинэ үеийн төлөөлөл болсон яруу найрагч дүү нар ирж, дайлж цайлаад л. Нэг мэдэхнээ “Болор цом”-доо явъя, бушуул түргэл болдог юм байна. Би сэргэх санаатай хүйтэн усанд орчихоод явсан юм. Тэгсэн ч тус болоогүй дээ. Энэ мэт сургамжтай, санууштай наадам олон байна аа.

-“Болор цом” наадмыг хүмүүс сайн, муугаар хэлдэг. Харин таны хувьд энэхүү наадмыг юу гэж үнэлж дүгнэдэг вэ?

-Энэхүү наадамд би хүндэтгэлтэй ханддаг аа. “Болор цом” бол тухайн оны шилдэг шүлгийг шалгаруулдаг наадам гэж боддог. Эгэл жирийн ард иргэд, унших ч завгүй, уйдах ч завгүй хөдөлмөрлөж яваа залуус “Болор цом”-д уншигдаж байгаа шүлгийг харж, ялангуяа тэргүүн шүлэгчийн шүлгийг харж түүгээр өнөөгийн угта зохиол, яруу найргийн чиг баримжаагаа олж барагцаалдаг гэж ойлгодог. Бодоод үз л дээ. Зөвхөн үеэсээ төлөөлүүлэн хэлэхэд эрхэм найрагч нөхөр Арлааны Эрдэнэ-Очир гэхэд л “Зам” гэдэг шүлгээрээ цом хүртэж байлаа. Миний нутгийн хүндэтгэлт ах Цогдоржийн Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлгээрээ наадмын тэргүүн шагналтан болж байлаа. “Зам” гэхэд ямар өргөн утга агуулгатай шүлэг билээ. “Монголын их амар амгалан” гэдэг юу билээ. Амар амгалан чинь аз жаргал мөн шүү дээ гэх зэргээр ард олны сэтгэлд хүрч, тэднийг цэнгүүлдэг байх. Харин энэ жилийн тэргүүн шүлэг тэр зиндаанд хүрч чадав уу, үгүй юу, мэдэхгүй юм. Тэгэхээр “Болор цом” бол Монголын яруу найргийн өнөөгийн өнгө төрхийг эгэл жирийн иргэн хүний сэтгэл зүрхэнд ойртуулж өгөх боломж, ойлгуулж өгөх цонх гэж боддог юм.

-Энэ жилийн наадмыг үзэж байхад үзэгчид таны шүлгийг сайхан хүлээн авч, дэмжиж байгаа харагдсан. Сүүлийн даваанд ч таныг тунаад үлдчих байх гэж харж байсан хүн олон?

-Бүдэрдгээ мэдэхгүй, би ч бас өөрийгөө сүүлийн тавд үлдчихсэн байх гэж горьдож байсан. Тэгээд нэр дуудахад миний нэр байхгүй болохоор нь сэтгэлээр унасан. Хүмүүс бүгдээрээ тэргүүн шүлэгчээр хэн тодрохыг нь харж, ямар ямар шүлэг уншихыг нь чагнаж суухад би хажуугийн ресторанд ганцаараа сархад хүртэж суусан юм. Тэгтэл намайг дуудаж тусгай шагнал өгсөн. Гол нь шагналдаа ч биш яруу найргийн үнэнч үзэгчид миний шүлгийг таашааж, намайг яруу найрагч мөн гэж тоож байгаа нь сайхан юм даа. Ер нь тэгээд яруу найрагч бүр тийм эмзэг байдаг юм уу, эсвэл би л тийм юм уу, гомдож, гол гонсойгоод болдоггүй. Сүүлийн тавд үлдээгүй болохоор ч тэр биш л дээ. Хүмүүс өөр болчихсон, хэтэрхий хүйтэн болчихдог юм байна. Тухайлбал, миний нэг нутгийн ах бий л дээ. Намайг мундаг яруу найрагч гэж хөөргөдөг. Хамт суугаад нутаг усныхаа тухай халуун дотно яриа өрнүүлдэг байсан. Он цаг өнгөрч би тэр хүний хэлдгээр мундаг амьдарч, албан тушаал горилж чадсангүй л дээ. Харин тэр хүн их том албан тушаал хашиж яваа байх, би тэгж ойлгосон. Тэр ахтайгаа цомын тайзны ард таарч баярлан догдолсоор тосч очоод гараа сунгахад надтай гар барьсан мөртлөө өөр хүн хүнтэй мэндэлж, над руу нээг их өндөр дээрээс хялайж харах жишээтэй. Ийм ийм жижиг сажиг юм шиг хэрнээ хүний зүрх сэтгэлийг эрэмдэглэж орхидог тохиолдол амьдралд олон байдаг юм байна. Тэр бүхэнд бас гуньж гутарч ханахгүй юм даа.

-Сүүлийн жилүүдэд болор цом наадам үргэлж л хэл ам дагуулах болсон. Өөрөө дунд нь байсан хүний хувьд та юу хэлэх вэ, мөн энэ жилийн наадмаас юу бодож үлдэв дээ?

“Аливаа зүйл цаг цагтаа л

Алтан дэлхийд хүчин төгөлдөр” гэж Балбар ахын шүлгийн мөр бий. Би юу бодож гарсан бэ гэхээр, бүх юм ном ёсоороо л болж байна даа гэж бодсон. Шинэ залуу үе өсч өндийж байна шүү дээ. Ц.Эрдэнэбаатар гэж сайхан яруу найрагч дүү бий. Би энэ хүмүүс шиг янз бүрийн юм ярихгүй ээ. Тэр хүү цом авах ёстой болоод л авч байгаа юм. Эзлэх ёстой болоод эзэлж байгаа юм. Ер нь аливаа үйл бүрэлдэх ёстой болоод л бүрэлддэг. Тэр үйл бүрэлдэх ёстой болоод л бүрэлджээ гэж бодсон. Ер нь би харамсч халаглаад явдаггүй. Өөрийнхөө тарьсан үйлийн үр бүхэндээ хайртай. Таван хүүхдэдээ, эхнэртээ, энэ бор дүрхэн амьдралдаа ч хайртай. Тиймээс өөрийн үг, үйлдэл бүхний ард эзэн нь байх юмсан гэж үргэлж хичээдэг юм.

-Таван хүүхэдтэй гэхээр танайх ер нь өнөр өтгөн айл байна шүү. Дэрсхэн биз?

Том хүү маань холбооны 013 дугаар ангийн байлдагч болсон. Дараагийн хүү маань есдүгээр ангийн сурагч. Тэгээд хоёр охин маань миний багшилж буй сургуульд сурч байна. Том нь наймдугаар анги, бага нь нэгдүгээр анги. Харин отгон хүүхэд маань цэцэрлэгт явдаг юм. Би чинь муу ханьтайгаа ханилаад 17 жил болж байна. Арваа төгсөөгүй байхад нь авч суусан юм шүү дээ. Би МУИС-ийн хэл, уран зохиолын ангийг төгсөөд, Архангайд багш болж очоод л авч суусан юм даа. Тухайн үед хүмүүс намайг шавьтайгаа суусан ёс зүйгүй багш гэдэг байлаа.

-Баастын Золбаяр зохиолчийн “Гэгээн хэсүүлчин” гэж таны тухай бичсэн сайхан хөрөг нийтлэл бий. Та олон газраар нүүж сууж явж дээ, яагаад тэгдэг юм бэ?

-Би чинь уг нь Завхан аймгийн Их-Уул сумын уугуул шүү дээ. Хаа байсан тэндээс Өмнөговьд хүртэл очиж амьдарч байлаа. Тэр бүхэн минь амьдралын шаардлага л байсан гэх үү дээ. Түүнээс биш уйдсандаа нутаг сэлгэж, зугаацаж явдаг юм биш. Өнгөрсөн жил гэхэд л манайх хотод тохижих гэж их үзлээ. Уг нь соёл боловсролын үүр урхаг болсон нийслэл хотод амьдрах сонирхол надад их бий. Гэвч энэ “Алтан тэвшийн хөндий”-д ажил олдохгүй болохоор хог дээр үсэрчих гээд, хий шаналж явсаар архичин болж гудманд гарчих гээд болдоггүй юм. Бас тарчигхан Монголд баян амьдрах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг би ер ойлгодогүй юм. Адилхан нэгэн цаг үед, нэгэн тэнгэрийн дор агаараа хувааж амьсгалаад явж байгаа хэрнээ, ядуу ядарсан нэгнийгээ дэвсэлж, дээгүүр туучиж, өөрсдийгөө тунхаглана гээч. Тэгээд л би, малчин хүн өвсний сорыг дагаж бэлчээр сэлгэдэг шиг бууриа сэлгэсэн дээ. Хөдөө гадааны улс зүрх сэтгэлээ машинд дайруулчихаагүй, эрүүл саруул байх шиг санагддаг юм.

-Таны энэ жилийн цомд уншсан шүлгүүд тань нээрээ нэг л захиас маягтай байсан шүү?

-Ёр билгийн шүлэг бичсээн. “Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө үрдээ үлдээх үг” гэдэг бол тоглох сэдэв биш. Гэхдээ яагаад ч юм үхэл гээч зүйл надад ойрхон байгаа юм шиг санагдах болсон. Би чинь “Гүн ухаантан” энэ тэр гэсэн шүлэг уншдаг шүү дээ. Сүүлд бүр “Гүн ухааны сүлжээ бодлууд” гэдэг шүлэг хүртэл бичээд нөөчихсөн байсан юм. Тэгтэл энэ ёр билгийн сэдэв өөрийн эрхгүй намайг татаад байгаа юм.

“Мөнгөн шөнөөр би холын холыг зорино

Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна…” гэх мөрүүд миний сэтгэл дотрыг эзэмдэж, би үнэхээр тэр нэгэн мөнгөн шөнийг дуудаж байна. Заримдаа хорвоогоос яваад өгвөл хүүхдүүд минь эрт ухаан суух ч бил үү гэж бодно. Магадгүй би байгаа болохоор өөрсдийнхөө хүчийг дайчлахгүй хэтэрхий найдаад яваад байна уу ч гэж бодно. Би чинь их багадаа аавгүй болж хэрсүү өссөн юм. Заримдаа болохоор үхэх арай эрт байна, илүү сайхан амьдарч, сайн уран бүтээлүүд туурвина гэж бодох. Хүний сэтгэл гэдэг салхин зоргоор нүүх үүл шиг санаан зоргоор л хувирчихна.

Ирэх жилийн наадамд гэгээн сайхан амьдрах тухай шүлэг уншина аа.

-Таны аавдаа бичсэн шүлэг тань сэтгэлээс гардаггүй юм. 1992 онд бичсэн байх аа?

-Тийм. Тэр жил би оюутан, намрын ажил хийгээд нэг тариан талбай дээр зогсож байгаад аавыгаа дурсан санаж бичсэн юм. Тариан түрүү халиуран найгаад л салхи исгэрээд л уйтай өдөр байсан санагдана. Хүүхэд байхад, яг тийм намрын нэгэн уйтай өдөр аав минь бурхан болсон юм. Тэгээд, нэг амьсгаагаар суугаад биччихсэн шүлэг. Хүмүүс их таашаан хүлээж авдаг юм.

-Та бага насныхаа тухай дурсахгүй юу, хэдий үеэс шүлэг бичих болов?

-Муу ээж маань намайг шүлэгч болгосон юм. Тухайн үед би зүгээр хүний шүлгийг уран уншдаг дөрөвдүгээр ангийн хүү байлаа. 1980-аад оны эхээр гэсэн үг шүү дээ. Тэгсэн нэг удаа ээж маань “Үнэн” сонины тасархай барьчихсан “Миний хүү энэ уралдаанд оролцох юм биш үү” гэж байна. Үзсэн чинь багш нарын баярыг тохиолдуулж дунд сургуулийн сурагчдын дунд орон даяар зарласан шүлгийн уралдааны болзол байна. Би чинь уран уншигч болохоос шүлэг зохиож мэдэх биш тэгсгээд орхичихлоо. Тэгсэн хоёр, гурван хоногийн дараа бас нэг сонины тасархай барьчихсан орж ирээд “Энд багшийн тухай дөрвөн гоё мөр байна. Миний хүү хуулаад биччих. Хаа байсан 50,60-аад оных юм байна. Хэн мэддэг юм, энийг хуулаад бич” гэлээ. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Ядуухан ч гэлээ яруухан дөрвөн мөр л дөө, зайлуул.

Ачит багшийн минь алдар

Алтайн уулнаас өндөр дөө

Агуу түүний сургаал нь

Ариун тэнгисээс ч гүн дээ гэсэн Доржийн Гомбожав гэдэг том зохиолчийн дөрвөн мөрт байхгүй юу. Би бүр сүүлд нь мэдсэн юм.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд нөгөө мөртөө хуулаад биччихлээ. Ээж “За одоо миний хүү наад дөрөв дээрээ дахиад нэг дөрвөн мөр нэмээд биччих. Тэгэхэд л шүлэг болчихдог юм” гэж байна. Дөрөвдүгээр ангийн сурагч дөрвөн мөр бичих гэж нэлээд суулаа. Нэг л болдоггүй ээ. Тэгсэн хэлж өгч байна:

А үсэг зааж өгсөн

Ачит багш таниараа

Багачууд хүүхдүүд бид нар

Бахархан дурсаж явдаг даа за ингээд явуулчих л гэж байна. Би ч нэг их сүрхий амьтан болж, хоёр хүний найман мөр шүлгээ уралдаанд явуулах гээд сургууль дээрээ аваад ирлээ. Манай сургуулийн Лхамсүрэн багш их гоё бичнэ. Багшаар нэр хаягаа дугтуйн дээр бичүүлсэн чинь миний нэрийг буруу биччихдэг юм байна. Би чинь уг нь Базарсадын Тулгаа юм шүү дээ. Багш Базарсадын Баттулга гээд биччихлээ. Дахиад бичүүлэх гэсэн дугтуй олдохгүй болохоор нь тэр чигээр нь явуулчихсан юм. Тэгсэн тэр шүлэг уралдаанд гуравдугаар байрт орж, хүний шүлгээр гангарсан намайг өөр нэрээр мандуулж өгсөн хэрэг л дээ. Тухайн үед өөрөөсөө их ичиж, түүнээс хойш зөвхөн өөрийнхөө мөнчгөрөөр шүлэг бичих болсон доо.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *