Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэгжиж байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг байсан. Харин 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан хоёр дахь Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун нь хөтөлбөрөө эхлүүлдэг ба АНУ дахь мастерын хөтөлбөрүүдийн дийлэнх нь 1-2 жил үргэлжилдэг. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой судлаач оюутнуудыг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас шалгаруулах бөгөөд өргөдөл гаргагчдыг сонгохдоо Америк, Монгол хоёр орны харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд тэдний хийх судалгааны ач холбогдол, Америкийн сургалтын орчинд амжилттай сурах бололцоо зэргийг харгалзан үнэлэх юм байна.

Дор дурдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид зориулагдсан болно.

Тээврийн бүх зардал:Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;

Сургалтын төлбөр:Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;

– Хөтөлбөрийн удиртгал уулзалт:Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;

Эрүүл мэндийн даатгал:Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

Визний зардал:АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;

Аяллын тэтгэмж:Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж авна.

Дараахь гурван сонгон шалгаруулалтад тэнцэгчид хөтөлбөрт хамрагдана.

1. Тухайн улс дахь шалгаруулалт:

Эхний шат нь тухайн улсын буюу Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны шалгаруулалтад тэнцэх.

2. Фулбрайтын сонгон шалгаруулах зөвлөлийн (FSB) шалгаруулалт:

Элчин сайдын яамнаас нэр дэвшсэн бүх оролцогчид FSB-аар зөвшөөрөгдөх шаардлагатай. FSB-ын гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн дэлхийн бүх оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй.

3. АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах шат:

Эцсийн шалгаруулалт нь АНУ-ын ид дээд сургуульд амжилттай элсэх. Фулбрайтын хөтөлбөрт хүсэлт гаргагч нь өргөдөл гаргах шатанд АНУ-ын их дээд сургууль тэнцсэн байх шаардлагагүй болохыг анхаарна уу. Фулбрайт хөтөлбөрийн бүх оролцогчдын их дээд сургуулийн өргөдлийг явцыг АНУ-ын Засгийг газартай гэрээлэгч байгууллага буюу Олон улсын боловсролын институтээс (IIE) хариуцан явуулдаг. Олон жилийн туршлагатай тус мэргэжлийн байгууллага нь оролцогчийн сурлагын үзүүлэлт, сургалтын төлөвлөгөө, зорилт зэрэгт тулгуурлан оролцогч бүрд тохирсон хөтөлбөр бүхий их дээд сургуулиудыг тодорхойлж, өргөдөл гаргадаг. Хөтөлбөрт өргөдөл гаргагчид өргөдлийн маягт дээр өөрсдийн сонирхсон сургуулийг заах боломжтой.

Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгаа чиглэлээр зарлагддаг.

Монгол Улсын Засгийн газраас судалгааны тэргүүлэх чиглэлийг жил бүр харилцан адилгүй шинэчлэн тогтоодог ч хоёр хөтөлбөр хоёулаа нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны дийлэнх салбарыг хамардаг. Тэдгээрийн заримаас нь дурдвал:

  • Америкийн уран зохиол
  • Бизнес (бүх салбарын)
  • Харилцаа
  • Хот төлөвлөлт
  • Эдийн засгийн хөгжлийн ухаан
  • Эдийн засгийн ухаан
  • Сурган хүмүүжүүлэх
  • Хүрээлэн буй орчны судалгаа
  • Дүрслэх урлаг, тайзны урлаг
  • Олон улсын харилцаа » сэтгүүл зүй
  • Хууль зүй
  • Номын сан судлал
  • Мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежмент
  • Олон нийтийн удирдлага
  • Эрүүл мэнд
  • Нийтийн бодлого, төлөвлөлт
  • Нийгмийн ажил
  • Англи хэлийг гадаад хүнд заах арга зүй (TESOL)
  • Эмэгтэйчүүдийн судалгаа/ Жендер болон хөгжлийн асуудлууд/ зэрэг багтдаг.

Хөтөлбөрт хамрагдагчдад дараахь үндсэн шалгуурууд хамрагдана. Үүнд:

1. Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;

2. Доод тал нь 1.5 жилийн ажлын туршлагатай байх;

3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх);

4. Англи хэлний чадвар сайтай байх (IBT-ын 90, Institutional TOEFL-ын 575 болон түүнээс дээш оноотой байх);

5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу).

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны вэбсайт, “Өдрийн сонин” зэргээс харах боломжтой ба 7007-6001, pasexchanges@usembassy.mn -ээс авна уу.

Жич: Визтэй холбоотой аливаа асуудлаар UlaanbaatarNIV@state.gov-д илгээнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *