Сүүлийн шар жолооны үнэмлэхтэй жолооч нарыг замын цагдаа шалгаж, торгож байгаа гэх. Тэгвэл замын цагдаагийнхан жолооч нарыг торгож бус үнэмлэхээ шинэчилэхийг шаардсан сануулга өгч байгаа юм байна. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацааг зааж өгсөн байгаа. 17 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана гэж заасан байдаг. Тэгвэл хуучны шар үнэмлэх дээр хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв сольж байгаа аж. Ингэхдээ ямар ч торгууль шийтгэл ногдуулахгүй гэнэ.
ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ
Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа.
- Цээж зураг 1% /3х4см/
- Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./
- Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/
- Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх
Жич: Жолоодох эрхийн үнэмлэх солиулсан тохиолдолд ажлын 3 хоногт хэвлэж олгоно.