“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт МАН-ынхан зодолдсон талаар ноцтой мэдээлэл нийтлэгдлээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын 6 дугаар үүрийн дарга З.Оргил энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр МАН-ын Хяналтын хороон дарга З.Түвшиндоржид цохиулж, баруун нүдэндээ гэмтэл авчээ. Хохирогч Улаанбаатар хотод ирж эмчүүлж байх үеэр нь ярилцжээ. Энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.
Тус нийтлэлд З.Оргил “Энэ жил орон нутаг, Их хурлын сонгууль цуг болно. Үүнтэй холбогдуулан дээрээс үүрэг өгч, хурлаа хийх хуваарь гарсан. Хурлаар орон нутагт нэр дэвших боломжтой хүмүүсийн судалгааг авч байсан. Манай үүр 50 гишүүнтэй. Цагаан сар дөхчихсөн учраас хүндэтгэх шалтгаантай хэд, хэдэн хүн ирээгүй. Гэхдээ хурал хийх ирцтэй байсан. Тэгсэн З.Түвшиндорж хоёр, гурван одоо орж гарсан. Тэгээд “Танай хурал хүчингүй ээ” гэж байна. Би ийм учраас хуралдах ёстой гэсэн тайлбар хэлсэн ч хүлээж аваагүй. Аймгийн Иргэдийн хурлын дарга н.Зоригтбаатар “Хүчинтэй, хүчингүй юу гэдгээ дараа нь хэл. Бид хийх ажлаа ярилцаж байна” гэхэд З.Түвшиндорж хэлэх, хэлэхгүй муухай үгээр хэлсэн. Тэгэхээр нь би “Чи албан тушаалыг нь хүндлэхгүй байж болно. Насыг нь хүндлэх ёстой” гэсэн чинь над руу дайрч эхэлсэн. Хараалын муухай үгээр хэлсэн. Хурал дуусаад гарахад шатан дээр зогсоод “Чи ингэж болохгүй” гээд бид ярилцаж байсан. Гэтэл над руу үгийн муухайгаар дайрч эхэлснээ гэнэтхэн л цохиод авсан. Их хүчтэй цохисон. Нүдээ дараад, доошоо суусан чинь гарын салаагаар цус гоожиж байсан. Тэгээд Зоригтбаатар дарга цагдаа дуудсан” гэжээ. Түүнчлэн “Энэ бүхний цаана Номтойбаяр гишүүн байгаа. Засаг дарга Бадамсүрэн, аймгийн намын хорооны дэд дарга Ёл, Чойбалсан хотын дарга Мөнхтөр /Уулаа/ нар НАМЗХ-ын хүмүүс. Бууны нохой гэж хэлнэ. Аймгийн намын хорооны нэр хүнд тамга, тэмдгээ булцаалдсанаар навс унасан. Одоо бүр уналаа” хэмээн ярьсан байна.