Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Харанхуй муушигдаж байгаа юм шиг асуудлыг шийдэж болохгүй

УИХын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Намрын чуулган өндөрлөлөө. Та чуулганы болон байнгын хорооны хуралдааныг тасалдаггүй цөөн гишүүдийн нэг. Уг чуулганы хугацааг юу гэж дүгнэж байна вэ?

-Намрын ээлжит чуулганы хугацаанд олон хуульд баталлаа. Үүний дотроос ипотекийн зээлтэй холбоотой хууль, ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль, малчдын тэтгэврийн насны тухай хууль, хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн хууль гээд олон хуульд батлагдан гарлаа. Хэдийгээр цаг наргүй шахуу ажилласан боловч улс орны эдийн засагт нөлөө бүхий томоохон төслүүдийг хөдөлгөж чадсангүй. Таван толгойн төсөл Засгийн газарт буцаагдсанаас хойш эргэж орж ирэхгүй л байна. Гацууртын ордыг мөн л эргэлзээтэй нөхцөлөөр баталчихлаа. Гол нь энэ эдийн засгийн хямралт байдлаас гарахад нэмэр болох арга хэмжээ олигтой авагдаж чадсангүйд харамсаж байна. Удаан хугацаанд шийдэгдэхгүй байсан Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлогын тухай хууль гээд олон хууль ч бас шийдэгдлээ. Хувь гишүүнийхээ хувьд Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын хууль, Эрүүл ахуйн тухай хууль зэрэг хуулиуд дээр онцгойлон анхаарч ажиллалаа. Ялангуяа малын хулгайн гэмт хэргийг эрүүгийн хуульд тусгуулж чадсан, малчдын тэтгэврийн насыг урагшлуулах асуудалд ахиц гарсанд баяртай байгаа.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАНын бүлэг дэмжсэн нь тулхтай улс төрийн хүчин сонгууль дөхсөн үед болчимгүй алхам хийлээ гэсэн яриа гаргасан. Ер нь огцруулах шаардлагууд нь юу байсан юм бэ?

-Би бол Үндсэн хуулийн Цэцэд Лексус 570-аар хахууль өгсөн хэрэгтэй холбогдуулан гарын үсэг зурсан. Монголд төсвийн мөнгөөр төрийн байгууллагыг авлигадсан анхны тохиолдол энэ болсон. Нэгэнт Цэцийн шийдвэрээр С.Баярцогт сайдыг огцруулах асуудал боломжгүй гэсэн тул Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурах нь зөв гэж үзсэн юм. Намын бүлгээс нэгэнт өргөн баригдсан асуудлыг хэлэлцэх болсонтой холбогдуулж огцруулах нь зүйтэй гэж үзсэн шийдвэр гаргасан. Огцрох эсэхдээ гэхээсээ энэ асуудлыг хөндөн тавьж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, олон түмний амьжиргаа хүнд байгааг эрх баригчдад ойлгуулан сануулсан алхам болсон гэж бодож байна. Байдал их хүнд байгаа шүү дээ. Эдийн засаг үнэн хэрэгтээ тэг зогсолт хийчихээд байна. Өр зээл төлөх хугацаа дөхчихөөд байхад эдийн засгийн хуримтлал үүсгэх бүү хэл, өдөр тутмын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй болчихоод байна. Энэ чиглэлд юу хийж байгаа нь харагдахгүй байхад сандал суудлаа хоохойлж төсвийн мөнгөөр төрийн нөгөө байгууллагаа авлигадаад сууж байгаа хүнийг хатуухан сануулах нь зөв алхам байсан байх аа.

Сонгууль дөхсөн, эдийн засгийн байдал хүнд байхад дэмий зүйл байсан юм биш үү?

-Засгийн газрын хариуцлага сонгуультай, сонгуульгүй яригдаж байх ёстой. Р.Амаржаргал гишүүн хэлж байсан шүү дээ. “Шийдвэртэй ажиллаж чадахгүй бол нэг өдрийн өмнө ч гэсэн огцруулах ёстой” гэж. Асуудалд ингэж хандах ёстой. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гарч ирсэн шүү дээ. Эдийн засгийн байдал улам л хүндрээд байна. Цаашид улам л хүндрэх өнгө аяс харагдаж байна. Сар шинийн дараахан ийм зүйл ярихад хүрч байгаадаа харамсаж л байна. Гэхдээ байгаа юмыг байгаагаар нь хэлэхээс өөр арга алга.

Та энэ чуулганы хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажиллаж хэд нь батлагдсан бэ?

-Эрүүл ахуй, номын сангийн гээд анхдагч хуулиуд дээр идэвхтэй оролцлоо. Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуулиудын ажлын хэсэгт ажиллалаа. Эдгээр хуулиуд нь тухайн салбарынхаа хэм хэмжээг тогтоож буй хуулиуд тул нэлээд анхаарал тавьсан юм. Малын хулгайг эрүүгийн хэргийн зүйл ангийн зүйлчлэлэээс хассан байснаас болж ял завших хандлагатай болсон байсан. Энэ хэргийг Эрүүгийн хуульд тусгасан нь цаашид энэ хэрэгтэй тэмцэхэд их нэмэртэй болох байх. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санд хамруулдаг болгочихвол малчдад ихээхэн амар болно. Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцуулах боллоо. Хамтын тэтгэврийн хуулийг ч батлууллаа. Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны идэвхтэй гишүүний хувьд энэ чиглэлээр нилээдгүй ажил амжуулсан шүү. Мөн Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсны хувьд эрүүгийн хуулийн өөрчлөлтөд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар ихээр анхаарч ажилласан.

Эрүүл ахуйн тухай хууль батлагдлаа. Та хэлэлцүүлгийн явцад нь нэлээд анхаарч байсан. Ялангуяа зам дагуу ариун цэврийн газар байгуулахыг хэн нэгний бизнес болно гэсэн байр суурь илэрхийлж байсныг санаж байна?

-Ажлын дэд хэсгийн зүгээс 30 км тутамд модон жорлон бариад байх юм шиг тайлбар өгөөд байсан юм л даа. Тэртэй тэргүй улсын чанартай замд оновчтой газар нь үйлчилгээний цэгүүд иргэд гаргачихсан байгаа. Тэр цэгүүдэд жорлонтой байх шаардлага тавиад шийдчих асуудал дээр тийм дэмий зүйл ярихаар нь дургүйцсэн юм аа. Тэгээд жорлонгүй байхад 5000 төгрөгөөр торгох заалт оруулсан байгааг нь шүүмжилсэн юм. Бараг айл болгоны модон жорлонг шалгах юм биччихсэн байсан. Эдгээр утгагүй заалтуудыг шүүмжилж засуулсан. Ер нь иргэдийн ухамсартай ажиллаж шийдэх асуудлыг хуулиар түрж, дарж, торгуулиар сүрдүүлэх хандлага сүүлийн үед их илэрч байна. Засгийн эрх барьж сураагүй улсад гэнэт их бяр амтагдаад хуулиар хүчирхийлэх гээд байгаа юм болов уу даа. Энэ чинь амьдрал дээрээ иргэдийн амьдралыг торгож хүндрүүлэх л зүйл болдог гэдгийг тэр болгон ойлгохгүй юм. Хотын гудамжинд бие засч болохгүйг хэн ч ойлгоно. Харин тэрийг хорих гэж байгаад хэт хавтгайруулж, хөдөө бие засч болохгүй гээд заачихаар нугалаа л болно шүү дээ.

Үндсэн хуулийн Цэцийн асуудлаар МАНын бүлэг хоёр ч удаа завсарлага аваад цагаан сарын дараа шийдэхээр болсон. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Би ойлгохдоо асуудлыг хууль зөрчиж оруулж ирсэн гэж ойлгосон. Дээд шүхийн бичиг дээр нь тусгайлан өгөх саналгүй гээд биччихсэн байна лээ. Гэтэл тэр саналын дагуу огцруулна гэж оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн хэрэг гэж л ойлгож байна. Ер нь таалагдахгүй шийдвэр гаргасан байгууллагыг ингэж дарамталж, хяналтадаа байлгах гэж далайлгах нь цаашид ардчиллыг устгаж, дарангуйлал тогтоох нэг алхам л болох болно гэж харж байна даа.

Гацууртын ордыг нэлээд хугацаанд хэлэлцэж ашиглахаар боллоо. Ашиглах талаар нэлээд маргаантай байгаад хоёр намын бүлэг байр суурь нэгдэх шиг болсон?

-Гацууртын ордын талаар манай гишүүд итгэл үнэмшлээрээ өгсөн байх. Би энэ ордыг ашиглах нь зөв гэж үздэг боловч энэ удаа эсрэг санал өгсөн. Тэр хүнцэл гэдэг хортой бодисыг саармагжуулах боломжгүй тухай, энэ ордын ашгийн түвшин хэт бага байгаа талаар эргэлзээтэй мэдээллүүд байсан. Энэ талаар асуугаад олигтой хариу авч чадаагүй. Тийм учраас эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Эдгээр эргэлзээг тайлчихсан байсан бол би дэмжих л байсан. Харанхуй муушигдаж байгаа юм шиг асуудлыг шийдэж болохгүй л дээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох гэж байгаад болилоо. Гэтэл төсвийн тодотгол хийж 110 тэрбум төгрөг нэмж чадахгүй бол наймдугаар сард зогсоно гээд байгаа. Үүнийг сонгуулийн мөнгөний марафон эхэлсэнтэй холбон ярих ч хүмүүс гарсан. Таны хувьд одонгийн мөнгө, оюутны мөнгийг ч ялгаваргүй олгочих хэрэгтэй гэж байр суурь илэрхийлж байсан. Энэ талаар?

-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох хэрэгтэй гэж манай намын бүлэг шаардаж байсан. Гэтэл Засгийн газар өөрөө ялгавартай олгоё гэж оруулж ирсэн шүү дээ. Тэр байтугай амьжиргааны түвшин тогтоох олон тэрбум төгрөгийн судалгааны ажил хийгээд танай гэрээр телевизтэй юу, угаалгын машинтай юу гээд хүмүүс яваад байсан биз дээ. Би шүүмжлэхдээ ялгаваргүй олгох нь зөв боловч шаардагдах эх үүсвэрээ төсөвт суулгаж тодотгол хийхгүйгээр ингэж олгох нь буруу гэсэн. Ер нь наймдугаар сараас цааш юу болох нь бидэнд ямар хамаатай юм гээд хоноцын сэтгэхүйгээр олон түмэндээ ханддаг Засгийн газар байна гэдэг бидний эмгэнэл. Сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ. Энэ улсын сан хөмрөгт бусад улсыг байлдан эзэлсэн булаан эзлэгчид шиг хандаж болохгүй юм байгаа биз дээ.

Сонгуулийн дараа эдийн засгийн байдал бүр муудна гэх хүмүүс бий. Оюу толгойн хөрөнгө оруулалт ороод ирвэл гайгүй гэх нь ч байна. Танд ямар төсөөлөл байна вэ?

-Оюу толгой эхэлбэл байдал дээрдэх байх л даа. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалт цаг шаардана. Таван толгойгоо хөдөлгөчихсөн бол байдал дээрдэнэ гэж харж байсан. Одоо бүр найдлага тасарлаа. Гол айж байгаа юм сонгуулийн өмнө үлдсэн жаахан хөрөнгөө гөвж дуусгаад алга болох байх л гэж бодох юм. Энэ бол сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг төсвөөс ямар их хараат болсныг харуулж байгаа хэрэг юм. Гүйлгээнд байгаа М-2 мөнгөний бараг тал нь барилгын салбарт царцчихсан байна. Иймээс одоогийнх шиг ингээд бодлогогүй салганаад явбал байдал улам л хүндэрнэ.

Тариалангийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль гэх мэт олон хуулийг баталлаа. Олон хуулийг шахаж богино хугацаанд батлаад байгаа мэт харагдаж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Угаасаа чуулган хаахаас өмнө шуурдаг нь гэм биш зан болчихсон шүү дээ. Зарим хуулиуд нь удаан яригдсан ч хуулиуд. Заримыг нь ч шуураад хаячихлаа. Гэхдээ битүүнээр эвгүй хууль шахаад батлуулчихдаг гэм энэ удаа болсонгүй. Хаврын чуулганд нэлээд олон асуудал үлдсэнийг хэлэх ёстой. Сонгуулийн өмнөх чуулган их л хүндрэлтэй явдаг. Тэгэхээр нэлээд зөвшилцөж байж, товлосон асуудлаа шийдэх шаардлагатай болно.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *