Categories
мэдээ цаг-үе

Австралийн бэлгэ тэмдэг Коала

Хулсны панда баавгай Хятад улсын бэлгэ тэмдэг болдог бол коала буюу уутат баавгай нь Австрали улсын бэлгэ тэмдэг болдог. Эгдүү хүргэм төрхтэй коала (Phasco­larctos cinereus) нь Австрали тивийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тархсан байх бөгөөд уутат баавгайн багийн одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм.

Аделаидаас Кэйп Йорк хойгийн өмнөд хэсэг хүртэл, зүүн болон өмнөд Австралийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тааралдана. Мөн хангалттай чийг бүхий эх газрын ойд ч амьдрах нь бий. Тус тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд эхэндээ янз бүрийн нэр өгч байжээ. Тухайлбал, “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Өөрсдийн өмнө харсан амьтадтайгаа жишин ингэж нэрлэж байсан аж. Гэвч Австралийн эртний уугуул нутгийнхнаас өвлөсөн “koala” нэр нь л үлджээ. Коала гэдэг нэрийг монголчилбол “уутат саарал баавгай”, “ус уудаггүй амьтан” гэх зэргээр нэрлэж болох юм.

Анх 210 гаруй жилийн өмнө буюу 1803 оны наймдугаар сарын 21–нд Австралийн “Sydney Gazette” сонинд уутат баавгайн тухай тодорхой тайланг хэвлэсэн байна. Тэр үеэс хойш энэхүү хөгжилтэй амьтны тухай эрдэмтэд илүү сонирхон судлах болжээ.

Дэлхийн хамгийн залхуу амьтнаар коалаг нэрлэж болно. Тэрбээр Австралийн эквалипт гэх модны навчаар хооллох бөгөөд хоногийн бараг 20 цагийг унтаж өнгөрүүлдэг байна. Хичнээн залхуу ч энэ амьтан хүн бүхний хайрыг татна. Өтгөн үс, том чих, бүлтгэр нүд, майга хөл гар нь түүнийг амьтан бус ямар нэгэн чихмэл тоглоом мэт харагдуулна.

Тэрбээр гоёмсог арьснаасаа болж хулгайн анчдын гарт ихээр өртөх болжээ. Энэ нь тус амьтныг нэн ховордоход хүргэсэн юм. Өмнөд Австралийн коалаг 20 дугаар зууны эхээр олноор нь хядсан бөгөөд 1927 онд гэхэд австраличууд 600 мянга орчим коала агнаж, АНУ-руу экспортолж байжээ. Гэхдээ тус бүс нутагт Викториа мужаас коала авч сэргээн нутагшуулсан түүхтэй. Коалагийн гол нутаг нь Австралийн Күйнслэнд болон Викториа мужууд юм. Өдгөө Австралид 50 мянга орчим коала амьдардаг аж. Австралид “Коала” хэмээх сайн дурын сан ажиллаж энэхүү амьтныг авран хамгаалахын төлөө ажилладаг байна.

БИЕИЙН БОЛООД АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Коалаг намхан тагжгар бие, өтгөн саарал үс, том толгой, далбагар дугуй чих, бүлтгэр нүд, халбага хэлбэрийн бөөрөнхий хамраар нь таньж болно. Нас биед хүрсэн уутат баавгайны биеийн урт 60-85 сантиметр хүрэх бөгөөд 4-15 килограмм жинтэй байдаг ажээ. Ихэнхдээ мөнгөлөг саарал өнгөтэй байх боловч бор өнгөтэй коала ч байдаг аж. Эр коала эмэгчнээсээ харьцангуй биерхүү байна. Харин эм коала нь илүү үсэрхэг байх бөгөөд чихнээсээ аваад цээж хүртлээ сахал гэмээр өтгөн цагаан үстэй байдаг бол эрэгчинд нь байдаггүй. Мөн сайн ажиглавал эрэгчин нь илүү муруй хамартай байдаг. Харин дөнгөж төрсөн зулзага нь маш жижигхэн, 3-5 грамм хүрэхтэй үгүйтэй жинтэй байдаг. Уутат амьтан учраас төрөнгүүт эхийнхээ уутанд бойжих бөгөөд хэдэн долоо хоногийн дараа л хүний хурууны дайтай болдог байна. Тэд зургаан сар хүртлээ гол төлөв уутандаа унтаж өнгөрүүлдэг ажээ. Уутнаас гараад дахин зургаан сар эхийнхээ нуруунд наалдаж, үүрүүлж амьдарна.

Түүнчлэн коала баавгай хос эрхтэнтэй гэдгээрээ онцлогтой. Эрэгчин нь жижиг том хос шодойтой байдаг бол, эм нь ч хос, эрхтэн болон савтай аж. Мөн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн тархитай байдаг байна. Коалаг авч гэршүүлэхэд хүнд амархан дасдаг.

Түүний сайн бэхэжсэн хатуу нуруу, бөгс нь модон дээр хэдэн цагаар ч хамаагүй уналгүй суухад тусалдаг, харин сарвуу нь модны мөчир болон бусад зүйл дээгүүр хөнгөн шаламгай аюулгүй явах гол зэвсэг болдог юм. Энэ баавгайн савар, хумс маш сайн хөгжсөн бахим хатуу байдаг.

Гэхдээ коалаг яг ч баавгайн бүлэгт оруулдаггүй аж. Гаднах байдлаараа л баавгайтай төстэй болохоос “баавгайн” төрөлд ямар ч холбоогүй юм. Тэр ч үүднээс бусад баавгайнаас эрс ялгаран гэр бүлээрээ, олуулаа амьдардаг. Хоорондоо харьцахдаа нас биед хүрсэн эрэгчин коаланууд үлээх мэт чанга дуу авиагаар бие биенээ айлган сүрдүүлэх юм уу, урин дууддаг байна.

Коала нь хоол тэжээл хайж идэхээс бусад үед унтаж байдаг бөгөөд эквалит модны мөчир, навчаар хооллоно. Түүнийг ус уудаггүй, модныхоо мөчир навчнаас шим шүүсээ авдаг гэж ярьдаг, гантай жил болон түймрийн үеэр хот тосгод руу орж ирдэг аж. Тэд шөнийн цагаар хоол тэжээлээ хайн хооллодог шөнийн амьдралтай амьтад юм. Ус тийм ч их уугаад байдаггүй ч биеэ хамгаалах үүднээс усанд сайн сэлдэг байна.

Энэхүү амьтан ойролцоогоор 14-20 орчим жил насалдаг байна. Гурваас дөрвөн нас хүрээд нас бие гүйцнэ. Тэр хүртэл эцэг эхийнхээ хамт амьдардаг аж. Нас биед хүрсэн эрэгчин коаланууд хосоо олж өөрийн замаа хөөхөөр явдаг. Тэд хосоо олохдоо өвөрмөц дуу гарган нэгнийгээ урин дууддаг байна. Эмэгчин нь жилдээ нэг төрөх бөгөөд нэгээс хоёр зулзага гаргана.

Эр коала бусад эрчүүдтэйгээ уулзах маш дургүй, өрсөлдөгчөө ямар нэгэн байдлаар айлгахыг оролддог бөгөөд өөрсдийн эзэмшил газраасаа болж хааяа зодолддог байна.

Өдгөө эл баавгайн нутаг улам хумигдсаар байгаа юм. Нийт нутаглах газар нутгийн хэмжээ нэг сая км ам дөрвөлжин хавтгай талбай ажээ. Нийтдээ 30 аймаг, мужид тархсан байдаг. Австралийн баячууд ховордсоор байгаа коала баавгайн амьдрах нутгийг улам бүр багасгасаар байна. Иймээс Күйнсландын эрх баригчдад хандан нүүрсний олборлолтоо зогсоохыг шаардсан утгатай нийтлэл “Күйнсланд таймс” сонинд гарчээ. Тус сонины байгаль орчныг хамгаалсан утгатай хэд хэдэн томоохон нийтлэлээс шалтгаалж орон нутгийн эрх баригчид байгальд ээлтэй шийдвэр гаргасан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *