ШШГЕГ газар нь 2015 оны байдлаар 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсч байгууллага, иргэд хохирч байна.
Иймд тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ худалдан авах гэж буй тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх талаар Шийдвэр гүйцэтгэх газраас лавлагаа авсаны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байхыг зөвлөж байна.
Мөн шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлбөртэй төлбөр төлөгч иргэний үнэмлэх, гадаад паспорт олголт, сунгалт, шилжилт хөдөлгөөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тавьсан хоригийг цуцлах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласнаар 4540 иргэний баримт бичигт тавьсан хориг, хязгаарлалтыг цуцалж, төв орон нутгийн Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгээс явуулж буй иргэний баримт бичиг олголт, сунгалт, шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг бүрэн зогсоож, энэ төрлийн ажиллагааг гүйцэтгэхгүй байх үүрэг даалгавар, чиглэлийг өгөөд байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагааг Шийдвэр гүйцэтгэх газрын 70001488, 70001480 дугаарын утсаар болон Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын 2 дугаар байрнаас ирж авна уу.