Өчигдөр Венесуэлийн дээд шүүх тус улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн гаргасан эдийн засгийн онц байдал тогтоох зарлигийг баталжээ. Ингэснээр Мадурогийн засаг захиргаа 60 хоногийн турш улсын төсөв, компаниудын үйл ажиллагаа болон үндэсний мөнгөн тэмдэгтэд илүү өргөн хүрээтэй хяналт тогтоох эрхтэй болж байна.
Венесуэлийн сөрөг хүчин олонхтой шинэ парламент өнгөрсөн сард тус зарлигийг хэлэлцээд, улсад нь нүүрлэсэн хямралыг намжаах, хүнсний хомсдол, инфляцийг бууруулах дорвитой шийдэл санал болгоогүй гэж шүүмжлэн, буцаасан юм. Харин Венесуэлийн дээд шүүх парламентынхаа дээрх шийдвэрийн эсрэг Мадурогийн гүйцэтгэх эрх мэдлийг өргөжүүлэх тухай зарлигийг баталсан байна. Үүнтэй холбогдуулан Мадуро төрийн мэдлийн төв телевизээрээ ард түмэндээ хандан үг хэлж, төлөвлөсөн хэд хэдэн арга алхмаа ойрын хоногуудад хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ зарлалаа.
Харин Венесуэлийн парламент хууль тогтоогчдын эрх мэдлийг боогдуулсан гэж дээд шүүхээ зэмлээд, энэ оны дундуур Николас Мадурог огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ мэдэгдсэн байна.