Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун армийн генералыг цаазалжээ

Хойд Солонгосын Ардын армийн генерал Ри Ён Гилийг цаазалсан болохыг Сөүлийн мэдээллийг агентлаг мэдээлжээ. Ри Ён Гилийг энэ хоёрдугаар сарын эхээр авлига болон хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутган цаазалсан байна. Түүнийг Хойд Солонгосын хиймэл дагуул зөөгч пуужин амжилттай хөөрсний дараа өдөр нь цаазалсан аж.

Түүний оронд Ри Мён Су гэгчийг томилжээ. Тэрбээр 2011 онд Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноос хойших Ардын армийн дөрөв дэх генерал болж байна. Ри Ён Гилийн өмнөх Ардын армийн генерал Ри Ён Хо 2012 онд суудлаасаа буусны дараа гэрийн хорионд байсан аж.

Ким Чен Ун эцгийн үеэс өндөр албан тушаал хашиж ирсэн арми, улс төрийн томчуудыг агнах болсон нь ирэх тавдугаар сард болох Хөдөлмөрийн намын их хурлын өмнө эрх мэдлээ бататгах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид дүгнэж байна. Өмнө нь 2013 онд Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тек, 2015 оны тавдугаар сард батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалсан билээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороо авлигын эсрэг хэрхэн тэмцэх талаар хуралдсан байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *