Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эхний өдөр 476 жолооч оноогоо хасуулжээ

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний 00.00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн яам, Замын цагдаагий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Журам мөрдөгдөж эхэлсэн эхний өдрийн 09.30 минутын байдлаар 476 жолооч оноогоо хасуулжээ. Үүний 400 тохиолдол нь нэг оноо, 74 тохиолдол хоёр оноо, хоёр тохиолдолд гурван оноо хассан тухай Замын цагдаагийн газрын, цагдаагийн хошууч Ж.Энхбат мэдээллэв. Тэрбээр “Оноог хасахдаа бүх хуулийн заалтаар хасахаар журамлагдаагүй. Хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүний долоон тохиолдолд нэг оноо хасагдана. Мөн долоон тохиолдолд хоёр оноо, үлдсэн гурван тохиолдолд 3-5 оноо хасагдах юм. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх, хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд арван оноо шууд 0 болохоор журам батлагдсан. Нэг жилд 50 түүнээс дээш торгуулсан хүмүүс ч байдаг. Эдгээр жолоочид нэгдсэн арга хэмжээ авч торгууль ногдуулсан ч нөлөө үзүүлэхгүй байгаа учраас илүү хариуцлагатай байлгах үүднээс онооны журам тооцож эхэлсэн” хэмээв.

Арван оноо дуусгавар болж, жолоодох эрхгүй болсон тохиолдолд журамд заасны дагуу хоёр цагийн сургалтанд хамрагдана. Үүний дараа замын хөдөлгөөний хууль дүрмийн зохих шалгалтыг өгөөд тэнцсэн тохиолдолд 10 оноог буцаан сэргээж олгох юм. Шалгалтыг жолоочийн үнэмлэх олгох шалгалттай адил хэлбэрээр авах бөгөөд одоогоор шалгалт өгөхөд төлбөр төлөх эсэх асуудал тодорхой шийдэгдээгүй байгаа гэнэ.

Харин жолооч хэдэн оноотой байгаа тухай мэдээллээ онлайн болон цахим хэлбэрээр авах боломж, нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа жолооч нарын мэдээлэл цагдаагийн албан хаагчдын шалгах төхөөрөмжин дээр харагдах юм байна. Цаашдаа оноогоо хасуулсан иргэний утсанд нь мэдээлэл очих байдлаар зохион байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээллээ.

Дэлхийн улс орон болгон жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлдэг аж. Эдгээр орны туршлагаас харахад зам тээврийн осол, согтуу жолоочийн тоо буурсан үзүүлэлт байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *