Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг өдөр нь нар, орой нь Тесла гэрэлтүүлдэг

Өнөөгийн Хорват улсын нутаг дэвсгэрт (хуучнаар Австри-Унгарын эзэнт улс) орших Смилян тосгонд 1856 оны долдугаар сарын 10-ны шөнийн 12 цагт аянга ниргэх мөчид нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн суут ухаантан, дэлхийн цахилгаан эрчим хүчний эцэг Никола Тесла байв.

Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзонгийн салбарт хувьсгал гаргасан олон бүтээл, нээлт хийснээрээ хамгийн их алдаршсан аугаа инженер. Түүний онолын бүтээл болон патентууд нь орчин үеийн хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндэс суурийг тавьсан бөлгөө. Энгийнээр тайлбарлан хэлбээс түүний хувьсах гүйдлийн технологийн ачаар дэлхий тэр чигээрээ гэрэл, гэгээтэй болсон гэхэд хилсдэхгүй.

Теслагийн бага нас Госпич хотоос зургаан км-ийн зайд байх Смилян тосгонд өнгөрсөн бөгөөд түүний эцэг Милутин Тесла (1819-1879) нь Сербийн үнэн алдартны сүмийн тахилч, эх Георгина Мандич (1822-1892) нь тахилчийн охин байв.Өөрөөр хэлбэл тэр устаж алга болсон Австри-Унгарын эзэнт улсын нутаг буюу өнөө цагийн Хорватад төрсөн серби үндэстэн бөгөөд Францд амьдарч Америкт нас барсан америк хүн юм.

Тесла 1881 онд Будапешт хотод цахилгааны инженерээр ажлын гараагаа эхэлж дараа нь тус хотын засаг захиргаанд цахилгааны инженерээр дэвшин, телефон утасны шугам, төв оффисын барилгын ажил зэрэгт оролцож явжээ.

Тухайн үедээ Тесла хувьсах гүйдлийн хөдөлгүүр бүтээх санаа голсон бөгөөд түүнийгээ шороон дээр зурж хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн эхлэлийг тавьсан нь цахилгаан эрчим хүчний дэлхийн жишиг стандарт болсон юм.

1884 онд 28 настай Тесла АНУ-ыг зорилоо.Түүний хармаанд амь зуух хэдэн зоос болон “чийдэнгийн эцэг” Томас Эдисонд бичсэн Теслагийн даргын тодорхойлолтын хуудас байсан юм. Тодорхойлолтод түүний дарга залуу зохион бүтээгчийг баахан магтсаны эцэст “…Би хоёр агуу хүнийг мэднэ. Нэг нь та, хоёр дахь нь энэ залуу хүн” гэсэн байв. Эдисон ухаантай бас зальжин хүн байсан гэдэг юм. Тэр Теслад түүний бүтээсэн тогтмол гүйдлийн цахилгаан машиныг бүтцийн хувьд сайжруулбал 50 мянган доллар (энэ нь одоогийн ханшаар ойролцоогоор нэг сая ам. доллар) өгнө хэмээн амлаж, залуу Николаг тултал нь ажиллуулав. Никола маш идэвхтэй ажиллаж Эдисоны цахилгаан үүсгэврийг сайжруулан 24 нэр төрлийн шинэчилсэн бүтээлийг танилцуулсан боловч Эдисон 50 мянган доллар өгнө гэсэн амлалтдаа хүрээгүй юм. “Тесла, чи америкчуудын хошигнолыг ойлгохгүй хүн юм даа” гэж хэлээд олон удаа санал зөрж, уурыг нь хүргэж байсан “бацаан”-аас хариугаа авсан гэнэ лээ. Эдисонд уурласан Тесла түүний төлөө ажиллахаа больж, “Ноён Эдисон, би ажлаасаа халагдлаа” хэмээн нэн даруй албан тушаалаасаа огцорч, өөрийнхөө “хувьсах гүйдлийг” бүтээх ажилдаа орсон. Ингээд олонд танигдсан зохион бүтээгч, шинэ санаачлагч хоёр дайснууд болсон түүхтэй.Эдисон тогтмол гүйдэл, Тесла хувьсах гүйдлийн системийг зохион бүтээх хувь тавилантай байв.

Эдисоны санаа: Электронууд тогтмол гүйдлийг ажиллуулахын тулднэмэх, хасах туйлын хооронд жигд үйлчилсэн хэлбэрээр урсах ёстой байдаг. Эрчим хүч нийлүүлэгч электрон нь өөрийн хийх ёстой ажлаа чиглэн очиж гүйцэтгээд цахилгаан үүсгэвэр рүү буцаж ирнэ. Тогтмол гүйдлийн онолын сул тал нь электрон сүлжээгээр дамжиж байх явцдаа эсэргүүцлийг сөрөн гарах шаардлагатай бөгөөд ингэснээр электрон урт зай туулж, эрчим хүчний ихэнх нь сүлжээгээр дамжиж байх явцдаа алдагддаг. Эдисоны тогтмол гүйдэл нэг километр орчим газар цацагдаад л чадал нь сулардаг, цахилгаанаа хол дамжуулах чадамжгүй байсан юм.

Харин 1887 онд Джеймса Кармены тусламжтайгаар «Тесла цахилгаан гэрлийн компани» байгуулан, 1888 онд найдвартай бөгөөд хямд хувьсах гүйдэл гэдэг долоон патентыг батлуулж АНУ-ын Засгийн газарт өгчээ. Энэ хувьсах гүйдэл нь нарийн утас хэрэглэж, өндөр хүчдэл гарган, хол зайд цахилгаан дамжуулах чадамжтай байснаараа Эдисоны “тог”-ноос ялгаатай.

Теслагийн санаа: Хувьсах гүйдлийн систем нь электроныг сүлжээгээр заавал бүрэн тойруулж эргэлдүүлэхгүй харин үүний оронд гүйдлийг сэлгэн хувьсгаж болдог гэж үзэж байв. Тэр цахилгаан гүйдлийг нэмэх хасах туйлын хооронд секундэд 60 удаагийн давтамжтай солбидог хувьсах гүйдлийн үүсгүүрийг зохион бүтээсэн. Ингэх явцад цахилгаан гүйдлийн хүчдэл нэмэгдэж, улмаар эрчим хүчийг илүү хол зайнд өндөр хүртээмжтэй нийлүүлэх боломжтой болсон юм.

1888 оны долдугаар сард холын зайнд цахилгаан дамжуулах боломжтой гэсэн Теслагийн 40 гаруй патентыг Америкийн алдарт бизнесмэн Джордж Вэстингхауз (Уэстингхауз) тус бүрийг нь 25 мянган доллараар худалдан аваад Вестерн Хаус корпорацийн олон хувьцааг түүнд өгчээ. Тесла 1891 онд АНУ-ын жинхэнэ иргэн болов. Түүний хамгийн өвөрмөц алдартай бүтээл бол 1891 онд 35 настайдаа патентыг нь авсан “Аварга том цахилгаан шахуурга” буюу 120 вольтын стандартын цахилгааныг 500 мянган вольт болгож өсгөх трансформатор байсан билээ.

Тэрээр 43 насандаа Колародад лаборатори байгуулан, 60 метрийн цамхаг босгож, 150 мянган герцийн үелзэлтэй, 13 сая вольтын хүчдэл гарган цахилгаан соронзон долгион үүсгэж, утасгүй эрчим хүчээ туршиж эхэлжээ.

1893 онд Тесла байгаль орчинд ээлтэй цагаан гэрлийг Чикаго хотод болсон үзэсгэлэнд анх танилцуулснаар одоо бидний хэрэглэж буй эрчим хүчний зарцуулалт багатай чийдэнгийн анхдагч эцэг нь болжээ. Түүний энэ чийдэн Эдисоны шар гэрэлтэй харьцуулахад хамаагүй удаан хугацаанд хэрэглэж болох эд байсан юм шүү. Бас 1898 онд радио долгионоор удирдаж болдог хоёр метр урт завь бүтээн Мэддисон Сквэер Гарденд үзүүлснээр Теслагийн алсын удирдлагын онол гэдгийг нийтэд анхлан толилуулсан.

1900 он гэхэд Тесла техникийн төрөл бүрийн салбарт шинийг санаачилж олон төрлийн патентын эзэн боллоо. (Цахилгаан тоолуур, үелзэл хэмжигч төхөөрөмж, хийн хоолой, радио төхөөрөмжийг сайжруулсан хэд хэдэн санаа гэх мэт)

1915 онд Тесла физикийн салбарт Нобелийн шагналд нэр дэвшлээ хэмээн сонинуудад мэдээлж байв. Түүнтэй хамт Томас Эдисоны нэр бас дэвшжээ. Өөрөөр хэлбэл хоёр зохион бүтээгч шагналыг хуваан хүртэх байв. Гэвч Никола Тесла энэ шагналаас татгалзсан. Тэр өөрийг нь олон дахин хуурч доромжилсон Эдисонтой дахин нэр холбогдохыг хүссэнгүй.

Ниаграгийн хүрхрээнд усан цахилгаан станц барьж, дэлхий өөрөө эрчим хүчний мундаг эх үүсвэр гэдгийг таниулсан хүн бол Никола Тесла. Никола Теслагийн төрөл бүрийн салбарт зохион бүтээсэн нийт 300 гаруй патент байдаг. Тесла радиог Маркони ба Поповоос чөмнө бүтээсэн бөгөөд, 1943 онд л АНУ -ын Дээд шүүх үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн Тесла гурван фазын гүйдлийг Доливо-Добровольскийгоос ч өмнө нээжээ.

Тесла сэргээгдэх эрчим хүчний салбарыг олж харан патентжуулсан байна. Мөн нарны эрчим хүч,газрын гүний эрчим хүчийг ашиглах зарчмыг нээсэн ажээ. Калифорнийн Сан Карлосын Тесла Моторс компани нь түүний ногоон санаачилгыг хүндэтгэн 100 хувийн зай хураагуураар ажилладаг, дөрвөн секундын дотор 100 км цаг хүртэл хурдалж чаддаг цахилгаан машин үйлдвэрлэсэн бөгөөд энэ машин Теслагийн хувьсах гүйдлийн тусламжтайгаар 320 км замыг нэг ч дусал шатахуун хэрэглэхгүй туулж чаддаг.

Теслагийн хувийн амьдрал

Тесла нас дээр гарсан үедээ хөнгөн тэргэнд мөргүүлж хавиргаа хугалсан байна. Энэ нь түүний уушгийг гэмтээж улмаар өвчин нь хүндэрсний улмаас хэвтэрт оржээ. Энэ үед Европт дайн болж байв. Тэрээр бүслэлтэнд орсон өөрийн эх орны төлөө маш их зовниж, славян ард түмнийг амар амгалан, дайн байлдаангүй байлгахыг дэлхий даяар уриалж байлаа. Тесла 1943 оны нэгдүгээр сарын 7-ноос найманд шилжих шөнө хорвоогоос хальсан юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн 10 жилийг Нью-Йоркер зочид буудлын хоёр давхарт, 3327 тоот давчуу жижиг өрөөнд өнгөрөөсөн байдаг. Тесла өөрт нь саад болохыг тэвчиж чаддаггүй, буудлынхаа үүдэнд “Бүү саад бол” гэсэн бичиг байнга өлгөдөг байв.

Тэр нян бактериас үхтлээ айдаг, байнга гараа угааж, буудлаас өдөрт 18 алчуур өгөхийг шаарддаг этгээд ааштай нэгэн байлаа. Хэрвээ хооллох үед нь ширээн дээр нь ялаа суувал зөөгчийг шинэ хоол авч ирэхийг үүрэгдэнэ. Түүний буух буудал нь заавал 3-ын тоотой байх ёстой.Теслагийн юмнаас айдаг зан чанар нь гайхалтай эрч хүчтэй хослохыг яана гээч. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явснаа гэнэт сальто эргэж хүмүүсийг гайхшруулдаг байв. Мөн Гётегийн “Фауст” -ыг цээжилж явах үед нь түүнд гэнэт техникийн шинэ санаа харван орж ирдэг байсан гэлцдэг.

Бас түүнд үл тайлагдах бурханы бэлэг буюу юмыг урдьчилан хэлэх чадвар байсан бололтой. Нэгэн удаа тэрээр найзуудыгаа гаргаж өгөхдөө ойртон ирж буй галт тэргэнд битгий суу гэж ятгаснаар тэдний амийг аварсан байдаг. Үнэхээр тэр галт тэрэг замаас гарч, зорчигчдын ихэнх нь амь насаа алдсан буюу гэмтэл бэртэл авсан байдаг. Түүний талаар жигтэй хачин яриа сонсогдон бурханы шившлэг хийж байна гэлцэх болов. Тэрээр хэзээ ч гэрлэж байгаагүй бөгөөд насан туршдаа ганцаараа амьдарна хэмээн тангараг тавьж, түүндээ үнэнч байсаар өнгөрсөн юм билээ.

Теслагийн физиктэй холбоогүй зарим нэг авьяасуудыг нэрлэвэл:

•Бараг л мэргэжлийн түвшинд билльярд тоглодог.

•Шүлэг бичиж, хөгжим сонсдог , философи сонирхдог байв.

•Серби, англи, герман, чех, франц, унгар, итали, латин гээд найман хэлээр ярьдаг байсан.

•Томъёо, бодлого огт хэрэглэдэггүй, өөрийнхөө төсөөллийг илүүд үздэг.

•Дөрвөн цагийн турш амардаг. Эдгээрээс хоёр цагийг нь сэтгэн бодоход зарцуулах бөгөөд зөвхөн хоёр цаг унтдаг.

• Эмэгтэй хүний гоёл, чихээ цоолох, ээмэг зүүх, тэр дундаа сувдан ээмэг зүүлтийг үзэн яддаг.

•Судалгааны явцад түүний ашиглаж буй шингэн руу жижиг эвхсэн цаас унавал түүний аманд онцгой гашуун амт мэдрэгддэг,

•Алхаж явахдаа алхаагаа тоолдог, шөлтэй таваг, кофетой аяганы хэмжээ, хүнсний ширхэг бүрийг бодож суудаг, хэрвээ үүнийг хийж чадахгүй бол тэр хоол хүнс нь түүнд тааламжгүй байдаг. Иймээс ганцаараа сууж хооллохыг илүүд үздэг байжээ.

Тесла одоогийн хэлээр «багаар ажиллаж чаддаггүй» хүн байсан. Тэр юу ч бичиж тэмдэглэдэггүй, өөрийн ертөнцдөө ганцаараа умбаж амьдрах дуртай нэгэн. Тэрээр толгойдоо бүхэл бүтэн төхөөрөмжийг ургуулан бодчихоод нэг үг ч бичиж тэмдэглэлгүйгээр бүтээж чаддаг байлаа. Бүх зүйл түүний толгой дотор байдаг, бодол санаагаа тэр ярьж илэрхийлдэг, бусад хүмүүст тэр юу ч тайлбарлаж өгдөггүй байв.

Д.БАТЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *