Categories
мэдээ нийгэм

Цөсний өвдөлтөд хооллолтоос гадна хөдөлгөөн нөлөөлдөг

“Чимэ жүд” эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч П.Хадхүүгээс цөсөө хамгаалах энгийн аргын талаар тодрууллаа.

Монголчуудын дунд цөсний өвчлөл хэр элбэг тохиолдож байна вэ?

-Цөс гэж дангаар ярих учиргүй, элэг, цөс гэх нь хэллэгийн хувьд зөв. Учир нь элгэн дотор цөс боловсорч үүсч байгаа. Олон тооны цоргоор дамжаад цөсний хүүдий дотор хуримтлагдаад хадгалагдаж байдаг.

Монголчууд гэлтгүй дэлхий дахинд энэ төрлийн өвчлөл түгээмэл тохиолдож байна. Хоол боловсруулах эрхтний өвчлөлийн дотор элэг, цөсний өвчлөл нэгдүгээрт орж байгаа. Цөс олон найрлагатай, өөх задлах фермент ихтэй, тэгээд өтгөн. Иймээс амархан өтгөрч, чулуу үүсдэг.

Цөсний өвчлөл элбэг тохиолдоход юу нөлөөлж байна вэ?

-Нөлөөллийн хувьд гол нь хоол. Манайхан хурц хоол их идэж байна, хоолны дэглэм муу барьдаг, мах, өөх тос их хэрэглэж байна.

Хоёрт хөдөлгөөн нөлөөлж байгаа. Орчин цагийн хүмүүс хөдөлгөөн бага хийж байгаагаас өвчлөлд өртөх болсон. Монголд цөсний өвчлөл бага байсан нь хүмүүс морь унаад бүсээ байнга бүслээд, байнгын хөдөлгөөнтэй байсантай холбоотой. Харин өнөө цагт хөдөлгөөн багатай, суугаа ажлыг хүмүүс олноор хийж байна. Бас шарсан тахиа, халуун ногоо гээд цөсийг цочроодог бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх боллоо.

Цөс өвдөх үед ямар шинж илэрдэг вэ?

-Хооллосны дараа баруун хавирганы орчим, эсвэл ар талаар хүчтэй өвдөнө. Их хүчтэй өвдөлт өгдөг. Цөс өтгөн болж, ялгарч чадахгүй байгаагаас өвдөлт өгч байгаа нь тэр. Өвчин бүр хүндэрвэл нүднийх нь салст ногоон болно, хэл нь өнгөртэй болохоос гадна бөөлжинө.

-Сүүлийн үед цөсний өвдөлт яагаад залуужаад байгаа юм бол?

-Өвчлөл залуужиж байна. Шалтгаан нь ердөө буруу хооллолт. Залуус буруу хооллосноос цөсөө цочроогоод байна л даа.

Цөсний чулуугаа авахуулсан хүмүүс таргалаад байдаг?

-Элэг нь ч өөхлөөд, өөрсдөө ч таргалах явдал байдаг. Чулуугаа авахуулна гэдэг бол цөсний хүүдийг нь авна гэсэн үг. Ингээд нөөцлөх савгүй болсноос цөсний гаралтайгаар элэг өөхлөх талтай. Энэ нь хүндэрвэл элэг хатуурна. Цөсний гаралтай цирроз ч үүсгэж болзошгүй. Цөсний чулуугаа эрт авахуулсан хүмүүсийг 2-3 жилийн дараа ЭХО-гоор харж байхад элэг нь өөхлөх нь элбэг байдаг.

Ингэхэд гашуун, ногоон шараар бөөлждөг. Энэ үед яах вэ?

-Цөс ходоод руу орж байгаа нь тэр. Энэ тохиолдолд дотрын эмчид үзүүлж, ходоодны хүчлээ дарах арга хэмжээ авна. Ингэж гашуунаар огиулдаг хүнд хеликобактер ургаж мэднэ. Учир нь тэнд хүчиллэг орчин үүсч байгаа юм. Эмчийн зөвлөсөн эмчилгээг нь хийж, шарсан, түлсэн хүнс хэрэглэхгүй байж чадвал энэ зовиур арилна.

Хүмүүс цөсөө угаая гэж их ярьдаг?

-Цөсийг угаахын өмнө чулуу байгаа эсэхийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Чулуутай бол угааснаас болж цөсний цоргыг чулуу бөглөх аюултай байдаг. Цөсний хана зузаан байгаа эсэхийг мэдсэний дараа эмч шаардлагатай гэж үзвэл угаахыг зөвлөдөг. Онцын шаардлагагүй бол цөсөө угааж цочроох хэрэггүй. Цөсөө олон угаах шаардлагагүй.Учир нь цөсийг байнга цочроогоод байвал үрэвсэх магадлалтай.

Өвдөлтөөс хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй арга юу вэ?

-Хоолны дэглэм баримтлах бол үр дүнтэй арга. Хүний биеийн ихэнх хувь нь ус байдаг. Иймээс элэг, цөсөө үрэвсүүлэхгүйн тулд их шингэн хэрэглэх хэрэгтэй.

Манайхны хувьд шингэн бага хэрэглэдэг. Европчууд хоол идэхээсээ өмнө усыг ихээр уудаг. Ингэж ус уучихаад дараа нь хоол идэхээр боловсруулалт нь сайжрахаас гадна хүн бага иднэ. Харин манайхан том том аягаар хав халуун хоол идсэнийхээ дараа араас нь халуун сүүтэй цай, үгүй бол архи ууж цөсөө цочроогоод байдаг. Бас өглөө босоод ажил сургууль руугаа цайгаа уухгүй өлөнгөөрөө санд мэнд гүйчихэж байна. Өглөөний цайгүй явсаар өдөр л хооллодог.Тэгээд юм идэлгүй явсаар орой гэртээ учиргүй өлсөж ирээд хэмжээгүй их идэж байна. Тэр орой үдэш идсэн хоол нь хүнддээд цөсөө цочроочихно. Үүнд хүмүүс санаа зовохгүй юм.

Та шингэн юм уух хэрэгтэй гэлээ?

-Манайхан шингэн юм уу гэхээр усыг дангаар нь өдөржин литр литрээр уух нь гэж ойлгоод байдаг. Тураах зөвлөгөөнүүд дээр усыг литр литрээр нь уувал сайн гэнэ. Гэтэл хүйтэн ус цэрийтэл нь уугаад байвал ямар сайн байх вэ. Аягүйдвэл хавагнана.

Иймд хүмүүст хандан учир шалтгаангүй бол усыг нэг дор ихээр битгий уу гэж зөвлөе. Манай монголчуудын уламжилж хэрэглэж заншсан хярам байна. Өглөө хярам буцалгаад уувал хэчнээн сайхан бэ. Хар цай, ногоон цай хэрэглэж болно.

Бид хооллолтдоо ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?

-Мах, сүү хоёрыг нэг дор хэрэглэхэд найрлагын хувьд зохицолдоо муутай гэдэг. Гэтэл манайхан хооллосныхоо дараа халуун сүүтэй цайг ихээр уудаг. Уг нь хооллосноос хоёр цагийн дараа сүүтэй цайгаа уух учиртай. Харин хоолны дараа бүлээн ус бага зэрэг ууж болно. Нэмж хэлэхэд нэг удаа идэх хоолны порцоо хүмүүс ихдүүлээд байна. Учир нь хүн хооллох нэг удаагийн порц бага байх ёстой юм.

Ногоон шараар бөөлжвөл хүнсний сод тустай

Хэрэв та үе үе ногоон шараар бөөлжиж, левомицин шиг гашуун амт мэдрэгддэг бол хүнсний сод хэрэглэж болно. Энэ тохиолдолд буцалсан аяга сүүнд цайны халбаганы тал хэмжээтэй сод хийж хутгаад уувал гашуун амт дарагдана. Эсвэл буцалсан бүлээн усанд ийм хэмжээний сод хутгаад ууж ч болно.

“Хужирт”, “Жанчивлан”, “Оргил”-ын рашаан хүчлийг дарах үйлчилгээтэй. Иймд бөөлжвөл тэр үед нь дээрх рашааны аль нэгийг ууж хэрэглэж болно.

Бэлтгэсэн О.НЯМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *