Categories
мэдээ нийгэм

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг гуравдугаар сараас хэрэгжүүлнэ

Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Түрээсийн орон сууцны ашиглалт болон удирдлагыг Төрийн орон сууцны корпораци хариуцан ажиллах юм.

Энэ хөтөлбөр өнгөрсөн долдугаар сард батлагдсан. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан юм.
Хөтөлбөр төрийн түрээсийн, орон нутгийн түрээсийн, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван хэлбэрээр хэрэгжинэ. Архангайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх аж.
Хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, ипотекийн найман хувийн зээлийн нөхцөлийг хангаж чадахгүй иргэд хамрагдана. Тодруулбал орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, амьжиргааны түвшний 3-10 дугаар бүлэгт хамаарах бага, дунд орлоготой иргэд хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт 16 мянга, орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууц барихаар төлөвлөж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн орлогын 25 хувиас сарын төлбөр нь хэтрэхгүй. Энэ дагуу Улаанбаатар хотод нэг ам метрийг 6500 төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр нэг байрны үнэ 200000-280000 төгрөг байх юм байна. Харин орон нутагт нэг ам метрийг 4500 төгрөгөөр үнэлж байгаа тул 140000-230000 төгрөг төлнө.
Сонирхуулахад нэг байрны талбай нь 30-50 ам метр. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өрхийн орлогын түвшний өөрчлөлтөөс хамаарч түрээсийн байрны ханшийг 1-2 жил тутам шинэчлэн тогтоох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *