Categories
мэдээ улс-төр

Мандатын асуудлыг нөгөөдрийн дотор хэлэлцэх ёстой

Энэ долоо хоногт байнгын хороо
болон УИХ-аар хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн шийдвэрлэх
асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын
хугацаа өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулиар тулгамдсан хоёр асуудал байгаа.
Нэгдүгээрт, УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох. Хоёрдугаарт,
УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж
заасан. Энэ хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа юм.

Ч.Содномцэрэн
“Одоо бидэнд байгаа хугацаа нь пүрэв, баасан
гариг л үлдээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр хоног. УИХ, байнгын хороо хуралдаж
хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил
аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна. Үлдсэн
өдөрт багтаж аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх. УИХ-ын тухайд
Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн. Санал авах өдрийг зургадугаар
сарын 29-ний өдрөөр, тойргийн
дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа
хүргүүлсэн” гэлээ.

Түүнчлэн
тэрбээр “Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг,
сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр
батлагдсан Сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох
заалт ороогүй учраас улсын дундажтай
адилхан тогтоохоор болоод байна. Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад
тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүнд нэг мандат. Улсын дунджаар 63 мянгаар
нь тогтоохоор хоёр мандаттай байсан найман аймгийн хоёр мандат нэг болж буурч
байгаа юм. Нийслэлийнх 22 болж байгаа” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *