Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай албан бичгийг зарим УИХ-ын гишүүд өргөн бариад байгаа билээ. Энэ асуудлаар Монголын бизнес эрхлэгчдийн зарим холбоо, байгууллагууд мэдэгдэл гаргасан байна. Үндэсний өдөр тутмын хэвлэл “ӨДРИЙН СОНИН” энэхүү мэдэгдлийг дэмжиж, бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
УИХ-ын зарим гишүүд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгийг огцруулах санал гарган УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан Монголын бизнес эрхлэгчдийн гол төлөөлөл болсон доорх байгууллагууд дараах мэдэгдлийг УИХ-ын гишүүдэд үүгээр хүргүүлж байна.
Улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал хүнд, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажилгүйдэл газар аван ард иргэдийн орлого багасч амьжиргаа доошилж байгаа хүнд үед улс төрийн тогтвортой байдлыг хангах нь хамгаас чухал гэж бизнес эрхлэгч, ажил олгогч, татвар төлөгчдийн төлөөлөл үзэж байна.
Төр засгийн тогтворгүй байдал нь Монгол руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоож, бидэнд үзүүлэх итгэлийг бууруулахаас гадна дотоод хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл, идэвхийг үгүй хийж, тодорхойгүй байдлыг бий болгон эдийн засгийн эргэлтийг бууруулдаг.
Бизнес эрхлэгчид эргээд ажил хэргээ хумих, зогсоох, хөрөнгө оруулалтаа царцаан ажлын байрыг цомхотгосноор ард иргэдийн амьжиргаа улам дордож эхэлдэг.
Дөнгөж сэргэж байгаа бизнесийн итгэлийг алдахгүй ажиллах нь энэ төрийн нэн тэргүүний зорилт байх ёстой. Улс орны ирээдүй, иргэдийнхээ аж амьдралаар тоглож, зөвхөн явцуу улстөрийн ашиг хонжоо хайсан богино зайны тоглолтоо нэн даруй зогсоохыг бид УИХ-ын гишүүдээс шаардаж байна.
Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой уул уурхайн болон томоохон дэд бүтцийн төслүүдийг хэт их улстөржүүлж, санхүүгийн хариуцлага хүлээхгүй улс төрчид ажил хэрэгч бус байдлаар шүүмжлэх, иргэд, нийгмийн хүлээлтэн дээр улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор тоглох, төслийг хойшлуулах, удаашруулах, цаг алдуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар их серөг нөлөө үзүүлдгийг сүүлийн жилүүд бидэнд мэдрүүллээ.
Томоохон төслийн хэрэгжилт хойшилсноор улсын төсөвт орох байсан бүх төрлийн татвар, хураамж, алдагдсан орлого, есөн нэмэгдсэн ажилгүйдэл, амьжиргааны доройтол, алдсан цаг хугацаа, эдийн засгийн алдагдсан боломжийг тооцохын ч аргагүй болоод байна.
Энэ бусармаг үйлдлийг дэмжсэн аливаа улстөрийн хүчин, улстөрчийг баялаг бүтээгчдийн зүгээс дэмжихээ бүрмөсөн зогсоохыг уриалж байна. Популист улстөрчдийг дэмжиж, дэвэргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа таслахыг бид өөрийн төлөөлж буй гишүүн компаниудынхаа удирдлагуудад уриалж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ
МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО
МОНГОЛ ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ