Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш нартай уулзаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг өөрчлөх талаар үүрэг чиглэл өглөө.
Хуулийн мэргэжилтэн бэлтгэж байгаа бүх их, дээд сургуулиуд шинээр батлагдсан хуулиуд болон эрхзүйн шинэчлэлтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрөө өөрчлөх хэрэгтэй болоод байгаа талаар салбарын сайд онцлов.
Хууль зүйн яамны зүгээс энэ чиглэлээр бодлого гаргасан бөгөөд төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш нарыг бэлтгэж, практик дээр ажиллаж байгаа хүмүүсийг хууль үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд шат дараатай сургалтад хамруулж, тодорхой мэдлэг олгох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
Хууль сахиулахын их сургуулийн хувьд, манай үндсэн гол мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль тул энэ бодлогод мөн хамрагдах юм. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд хоёр төрлийн сургалт зохион байгуулахаар болсон байна. Жирийн цагдаагийн сургалт хоёр жилээс доошгүй хугацаанд явагдана. Харин цагдаагийн байгууллагад анхан шатны нэгжээс эхлэн ажилласан залуу, шилдэг боловсон хүчнүүдээс сонгож, цагдаагийн офицер, мөрдөгч нарыг бэлтгэдэг болох ажээ.