Авто Тээврийн Үндэсний Төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан
улсын чанартай замуудын хөдөлгөөн хэрхэн үргэлжилж байгаа талаар
мэдээлэл хийсэн билээ. Учир нь өчигдөр орон нутгийн хэд хэдэн чиглэлд
цасан шуурга шууран зам, даваа хаагдаад байсан юм. Тэгвэл Зам тээврийн
сайд өөрийн цахим хуудаснаа хот хоорондын нийтийн тээврийн зорчигч
тээвэрлэлт хэвийн, зам даваа нээгдсэнийг дуулгажээ.
Тодруулбал, өчигдөр
Улаанбаатар–Мандалговь чиглэлийн ПК76–ПК 84 км хооронд буюу Ногоон дов
орчимд зам даваа цасанд боогдож, 50-60 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
саатаад байсныг Төв аймгийн Авто Зам засвар арчлалтын байгууллага болон Онцгой байдлын хэлтсээс 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг, хоёр автогрейдэр, нэг цас ачигч, нэг үйлчилгээний машин гарч яаралтай арга хэмжээ авч, замыг нээжээ.
Түүнчлэн ойрын өдрүүдэд орон нутгаар хүчтэй цасан шуургатай тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол өмнөх чиглэлийг зорихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Мөн Завхан аймаг Солонготын даваа,
Өвөрхангай аймаг Зүйлийн хөндий, Бумбат, Шартын даваа, Төв аймаг Ногоон
довын давааны орчим цасан шуургатай, замын нөхцөл хүндэрсэн, зам даваа
хаагдаж болзошгүй байгааг анхаарууллаа.