Categories
мэдээ цаг-үе

Европын хөлбөмбөгийн шилдэг дөрвөн лигийн өнөөгийн дүр төрх, байдал

ГЕРМАНЫ БУНДЕСЛИГ

Хэдийгээр Мюнхений “Бавари” энэ жил түрүүлж ээлжит аваргын цомоо өргөнө гэдэг нь тодорхой ч гэлээ Ла лигийг бодвол ямар ч багийн тоглолт үзэгчдээр пиг дүүрэн байдаг зөв зохион байгуулалттай лиг бол Германы Бундеслиг билээ.

Нийт 18 баг 34 тойрог тоглох ёстойгоос одоогийн байдлаар 17 давааг өнгөрөөгөөд байна. Яг тал замаа туулсан Бундеслигт “Бавари” 46 оноотой тэргүүлж байгаа бол хоёрт бичигдэх “Борусси”Дортмунд түүнээс найман оноогоор хоцорч байна. Харин гуравдугаар байранд тэр бүр хөлбөмбөгийн балиашигуудын “аманд” байдаггүй Берлиний “Герта” баг гарч ирлээ.

Япон, Өмнөд Солонгосоос олон хөлбөмбөгчид тоглодог, дэлхийн хэмжээний том одууд “Бавари”-гаас бусад багуудад бараг байхгүй, ихэвчлэн хойд Европын харьж яваа одуудаар эгнээгээ дүүргэдэг багуудтай гэхэд Бундеслиг дотооддоо сонирхолтой тоглож чаддаг, үзэгчдээ алддаггүй, Европын дэвжээнд ч гэлээ нэр нүүрээ хамгаалж чаддагийн жишээ нь Аваргуудын лигийн тоглолтууд билээ.

ИСПАНИЙН ЛА ЛИГ

Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг буюу удахгүй ерэн жилийнхээ ойг тэмдэглэх Ла лигийн хорин баг одоогийн байдлаар 18,19 тоглолтын ард гараад байна. Хэтрүүлж хэлэхэд “Барселон”, “Реал” гэдэг хоёр багийн хооронд л аваргын титэм нь шилжиж байдаг Ла лигт харин сүүлийн дөрөв таван жил “Атлетико” Мадрид хэмээх өвөрмөц тоглолттой баг шаантаглаад ороод ирсэн.

Одоо энэ баг 44 оноотойгоор Ла лигийг тэргүүлж байгаа. Гэхдээ өнгөрсөн сард Япон улсад зохиогдсон багуудын ДАШТ-д оролцож түрүүлсэн “Барселон” дээрх тэмцээнээс шалтгаалан нэг тойрог хоцорсон тул түүнийгээ нөхөөд жагсаалтын эхэнд бичигдэхийг үгүйсгэхгүй л дээ. Түүний мөнхийн өрсөлдөгч Эзэн хааны баг гэгддэг “Реал” Мадрид улирлын дундуур ахлах дасгалжуулагчаа солилоо. Анхнаасаа л багийнх нь хөлбөмбөгчид Рафа Бенитесийг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтайг мэдсээр байж түүнийг авчирсан “Реал”-ын удирдлага түмэн буруутай. Ийм үед аль ч багийн хөлбөмбөгчдийн дургүйцлээ илэрхийлдэг гол арга болох маруухан тоглоод эхэлдэг аргийг “Реал”-ын одууд Роналдугаар ахлуулан гүйцэтгэсээр байгаад хөөрхий Бенитесийг явуулчихлаа. Сайн дасгалжуулагчдыг амны алчуур мэт сольдог “Реал”-ын боссууд энэ удаа харин шилдэг дасгалжуулагч урьсангүй, өөрийнхөө залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байсан нэгэн цагийн шилдэг хөлбөмбөгч боловч дасгалжуулагчийн хувьд “ногооноороо” Зинедин Зиданыг томилж гайхшрууллаа. Гэхдээ энэ бас зөв хувилбар байж болох юм. Хамгаалагч Рамос “Ёох, Бенитес явж санаа амарлаа. Бид Зиданыг бүхий л талаараа дэмжиж тоглох болно” гэх утгатай ярилцлага өгснөөс харвал тэдний амжилт дээшлэх бололтой.

Сүүлийн найм,есөн жилийн туршид дэлхийн шилдэг хөлбөмбөгч цолыг хүртэж байгаа Месси, Роналду нарын тоглодог лиг юм шүү дээ гэж Ла лигийг тодорхойлбол үнэхээр мундаг юм аа гэхээр. Гэхдээ хоёр гранд багуудын тоглолтоос бусад багууд тоглохоор үзэгч бараг цуглардаггүй цэнгэлдэх харагдах нь ерөнхийдөө дампуурч буй илрэл мэт.

АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ

Энэ цаг үеийн хамгийн шилдэг, үзүүштэй, өрсөлдөөнтэй лиг болох Английн Премьер лигийн 21 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч шөнө явагдлаа. Нийт 20 баг оролцож 38 тойрог тоглох ёстой Английн УАШТ-д одоогийн байдлаар нэр заагаад хэлчихээр цойлж гарсан лидер байхгүй, нийтдээ долоо, найман багийн дунд түрүүлэх асуудал яригдсан хэвээр байна. Өнөөдөр хэлж болох нэгэнт болоод өнгөрчихсөн асуудал гэвэл өнгөрөгч улирлын аварга Лондонгийн “Челси” энэ жил түрүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон. Тэдний зорилго түрүүлэхэд бус шилдэг дөрөвт багтаж ирэх жилийн Аваргуудын лигт багтахын төлөө гэдэг лозунгтай уралдаж байгаа. Одоогийн байдлаар Премьер Лигийг “Арсенал”, “Лестер” багууд 43 оноотойгоор хамтдаа тэргүүлж байгаа бөгөөд 21 дүгээр тойрогт “Арсенал” “Ливэрпүүл”-тэй 3:3-аар тэнцсэн бол “Лестер” “Тоттэнхэм”-ийг нутагт нь 0:1-ээр хожлоо. Лестер хотын “Лестер” хэмээх баг өнгөрөгч жилийн өдийд хамгийн сүүлийн байранд жагсаж доошоо унах магадлалтай багийн тоонд бичигдэж байсан бол өнөөдөр шилдгүүдийн эгнээнд санамсаргүй бус авьяас чадвараараа хүч түрэн зогсож байгаа нь гайхалтай. Жижигхэн төсөвтэй, нэр заахаар том одгүй, түүх яримаар сүрлэг хотод харьяалагддаггүй гээд өчнөөн “дутагдалтай” мөртлөө Премьер Лигийн уламжлалт томчуудтай ана мана үзэлцэж байгаа “Лестерийн үнэгнүүдийг” магтахаас өөр гарцгүй. Түүнчлэн 2004 оноос хойш аваргалж үзээгүй байгаа Лондонгийн “Арсенал” энэ улиралд овоо гайгүй өнгөлөг байна. Тэд энэ жил тун сайн хаалгачтай болсноос гадна багийн бүрэлдэхүүн нь тогтворжиж гадагшаа одуудаа алдахаа больсон нь нөлөөлж эхэллээ. Тьерри Анригаас хойш “Арсенал” улирал дуусах бүрт аль өөдтэй гэсэн хөлбөмбөгчдөө өрсөлдөгч нартай “бэлэглэдэг” байлаа шүү дээ. Ван Перси, Насри, Коло Турэ, Санья, Фабрегас гээд олон сайн хөлбөмбөгчдийг алдаж байсныгаа санхүүгийн хүндрэлтэй холбож тайлбарладаг байлаа. Харин одоо мөнгөний гачаалаас гарсан тул одуудаа алдахгүй харин ч олшруулж шинэ оргил өөд тэмцэж байна гэж ахлах дасгалжуулагч Арсен Венгер хэлсэн байсан. Мөнгөтэй бас бөөн одуудтай мөртлөө өөдлөхгүй байгаа нэг баг байгаа нь “Манчестер Юнайтед”. Эсвэл гоол оруулж чадахгүй баахан “хуурай” тоглолтуудыг өнгөрөөнө, үгүй бол оруулсан гоолтойгоо адилхан тооны бөмбөг хаалгандаа алдаж хайнаагаар тэмцээнээ дуусгадаг ийм нэгэн “саарал” баг одоогийн байдлаар долдугаар байрт бичигдэж байна. Дасгалжуулагч Ван Гаал өнгөрөгч улирлын төгсгөлд “бид дараа жил түрүүлэх багуудын эгнээнд жагсана” гээд сүржин мэдэгдээд байсан нь яасан бэ гэмээр. Хамгийн гол нь нэгэн цагт цоглог дайчин тоглолтоор бусдыг айлгаж хожсон ч хожигдсон ч дуутай шуутай нааддаг байсан Фергюсоны “хүүхдүүд” өнөөдөр хачин үлбэгэр, алдаа гаргаад загнуулах вий гэх хэмжээний аймхай тоглодог болчихлоо.

Премьер Лигийн доод хэсэгт ч гэлээ хэн хасагдаж Чемпоншип руу унах вэ гэдэг нь тодорхойгүй байна. 14 дүгээр байранд бичигдэж байгаа “Челси”-гээс эхлээд “Астон Вилла” хүртэлх зургаан багийн аль нь ч бүдрэх магадлал өндөр.

ИТАЛИЙН СЕРИ А

Италийн хөлбөмбөгийн дээд лиг Сери А-д яг одоо Неаполь хотын “Наполи” баг 41 оноотой тэргүүлж явна. Гэхдээ түүний араас “Ювэнтүүс”, “Интер”, “Феоринтино” гэсэн гурван баг “ганц алхам”-ын зайтай хөөж ч

байна. Сери А өнгөрөгч зууны ерээд оны хавьцаа хамгийн үзүүштэй УАШТ гэгддэг байсан ч гэлээ хээл хахууль, тохирооны тоглолтууд, шүүгчдийн бульхай зэргээс шалтгаалан доошоо уруудсан. Сайн хөлбөмбөгчид очихоо байж сонирхолгүй болсон үе харин хойно хоцорч байгаа бололтой. Лиг нь эрүүлжиж буйн гол шинж болох багуудын хооронд дахь онооны зөрүү багассан нь үзэгчдийг буцаан авчирч буй. Одоогийн байдлаар хорин багийн ихэнх нь 19 тоглолт хийгээд байгаагаас “Верона”-гаас бусад бүх баг ямар нэгэн хэмжээгээр Сери А-д үлдэх боломжоо хадгалсан хэвээр. Хамгийн сүүлийн үеийн сонин гэвэл одоо тавдугаар байрт бичигдэж байгаа “Рома” ахлах дасгалжуулагч Руди Гарсиагаа халж хуучин цагийн “өөрийн хүн” Спаллетигаа буцаан томилж байна.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *