Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотоос 21 гишүүн Их хуралд сонгогдох ч цөөднө

Хотын иргэдийн хурлын дарга Д.Баттулга нийслэл дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог олон болгох хүсэлт гаргажээ. Энэ бол туйлын зөв санал санаачилга юм. Өмнө нь ийм санал яригддаг байсан ч тэгсгээд замхардаг байсан бололтой. 2012 оны УИХ-ын сонгуулиар нийслэлээс 14 гишүүн сонгогдож байсан. Үүнийг 21 болгон өсгөж өгөөч хэмээн хүсэлтээ УИХ болон Сонгуулийн ерөнхий хорооны даргад илгээсэн нь олон хүний талархал дэмжлэгийг хүлээгээд байна. Учир нь Улаанбаатар хот бол Монгол Улс. Нийт хүн амын 44 хувь буюу нэг сая 314 мянган хүн байнга оршин сууж байна. Хөдөө гадаанаас ирж очигсодтойгоо нийлэх юм бол хүн амын тал хувь нь энд бужигнаж байгаа. Монгол Улсын засаг төр, үйлдвэр үйлчилгээ, их дээд сургууль гээд бүгд Улаанбаатарт төвтэй. Нийт эдийн засгийн 60 хувь нь төвлөрсөн гээд бодохоор нийслэл хот маань Монгол Улсын амь амьдрал, гол цөм нь юм. Иймээс их хотын хөгжил цэцэглэлт, эрх ашгийн төлөө дуугардаг том бүлэг УИХ-д байх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, 200 мянга гаруй иргэнтэй Сонгинохайрхан дүүрэг УИХ-д гурван төлөөлөлтэй. Хуваавал нэг гишүүнд нь 70 мянган иргэн ноогдож байна. Тэгвэл долоон мянган иргэн ч төлөөлөөгүй гишүүн энэ Их хуралд бий. 70 мянга, долоон мянга хоёрын хооронд хол зөрүү бий биз. Одоогийн нийслэлээс сонгогдсон хэд нь хүн амтайгаа харьцуулахад хэтэрхий багадаад, бодлого шийдвэр гаргахад цөөдөөд буйг хэн хүнгүй анзаарч байгаа байх. Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг явуулахдаа хүн амын тоог харгалзаж тойрог, мандатын тоог тогтооно гэж заажээ. Сонгуулийн хуулиар УИХ-ын 76 гишүүний 48 нь тойрогт, 28 нь намын жагсаалтаар сонгогдоно. 48 мандатыг хүн амын тоонд харьцуулбал нийслэл 14 биш 21 мандаттай болох юм. Монгол Улсын иргэн бүрийн сонгох эрхийг хангаж, эрх ашгаа төвлөрүүлэх бодит боломж бол энэ. Ингэж байж хотын хөгжил, өргөн утгаар нь харвал улсын хөгжилд түлхэц болохуйц бодлого шийдвэрүүд цогцоороо гарч хөгжлийн суурь үндэс бүрэлдэнэ.

Хэрэв өмнөх сонгууль шиг хотод 14 мандат өгсөн болоод үлдсэн нь орон нутгаас сонгогдвол байдал одоогийнх шиг хэвээрээ л үргэлжилнэ. Жалга довны депутатууд сумын улаан булан барих, угтах хаалга хийх, худаг гаргах, өвс зөөхөд ахиухан мөнгө гаргуулчих гэж хичээхээс улс орны хөгжлийг хангасан, холын стратеги төлөвлөгөө, уялдаа холбоо бүхий цогц бодлого гаргаж чадахгүй. Тийм нөхцөл ч бүрэлдэхгүй. Хөрөнгө мөнгөө ч төвлөрүүлж чадахгүй. Хөгжил бол хөрөнгө дагаж ирдэг зүйл. Хөгжлийн нэгдсэн бодлогоо яаж ийж байгаад гаргалаа гэхэд түүнийг хэрэгжүүлдэг хөрөнгө, хамгаалах хүч бололцоо одоо алга байна. Нийтлэлч Баабарын бичсэнээр “Жижиг дов өмчилсөн гишүүдээс болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төвөг болдог, сахилга бат хариуцлага хөсөр хаягдан улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдан бие даасан популистууд улс орныг тал тал тийш нь чирдэг хортой”.

Бид ийм нөхцөлд хангалттай удаан амьдарлаа. Аймаг сумандаа ардын баатар болсон нөхдүүд дахин дахин сонгогдох гэж төсвийн хэдэн төгрөгийг угтах хаалга мэтийн зүйлд зарцуулж талаар нэг хийсгэсээр байтал улсын цөм болсон нийслэл хотын маань хөгжил нь зогсонги болж, утаандаа дарагдсан уруу доройхон төрх л харагдах юм. Улс маань ч яг л ийм төрхөөр дэлхийд харагдаж байгаа.

Хүн амынхаа тоонд харьцуулан тойрог, мандат хуваарилах нь олон улсад жишиг болон тогтсон болохоор манайх үүнийг мөрдөхөөс өөр аргагүй. Бүхэл бүтэн тив улс Австралид л гэхэд дээрх зарчим үйлчилдэг байна. Тус бүртээ таван сая гаруй хүнтэй, нийгэм, эдийн засгийн төв болсон Сидней, Мельбурн хотдоо сонгуулийн мандат нь илүү байх жишээтэй. Энэ хэргээрээ хөрөнгө оруулалт төвлөрч, хөгжил дэвшил цэцэглэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол ч ийм байх ёстой. Аль ч улс төвлөрсөн том хотуудаасаа хөгжил нь гадагшилж, бусдыгаа татаж хөгждөг. Хятадыг Бээжин, Шанхай, Оросыг Москва, Санкт-Петербургээс эхэлж хардагтай адил Монголыг Улаанбаатараар төсөөлдөг.

Хөдөө орон нутагт хүн амын 60 хувь амьдардаг гээд маргах хүн бишгүй гарна. Мэдээж, тоо бүртгэл дээр ч тийм байгаа. Үнэндээ амьдардаг хүн нь цаасан бүртгэл дээрхтэй харьцуулахад хавьгүй бага байдаг. Залуус нь Солонгос, Япон гараад олон жил болчихсон, зарим нь Америк, барууны орнуудад амьдардаг. Хамгийн ойрын Төв аймгаар л жишээлье. Бүгд шахам хотод ирээд суучихсан, хотын иргэн болчихсон яваа. Бид аман дээрээ өсч төрсөн нутаг минь, хөдөө хөдөө л гэдэг. Яг амьдрал дээр аймаг сумын ная, ерэн жилийн ойгоороо л нэг зүглэдэг шүү дээ. Бусад үед очдог ч үгүй, боддог ч үгүй.

Энд би хөдөөний амьдралыг муулах гэсэнгүй, хөдөө амьдардаг хүмүүсийг зөнд нь орхих санаа агуулсангүй. Харин хүн амын тоонд харьцуулан сонгуулийн мандатаа тогтоох нь олон улсын жишиг бөгөөд улс орны хөгжилд нэн тустай гэсэн санааг тодотголоо. Нийслэл хот маань олон улсын жишигт хүртэл хөгжиж чадаж гэмээнэ Монгол Улсын хөгжил тэгж урагшилна. Монгол Улс хөгжиж гэмээнэ бид хот хөдөөгүй л сайхан амьдрах боломж бүрдэх билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *