Categories
мэдээ нийгэм

Машин нь эвдэрч, хөдөө таг гацсан гэр бүлийнхэнд тусалжээ

“Pajero challenger Mongolia off-road” хэмээх фейсбүүк группын хэсэг залуус Булган аймгийн Бүрэгхангай суманд цасанд боогдон, машин нь эвдэрсэн малчин залууд туслахаар өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Өнгөрсөн мягмар гаригт малчин залуу жирэмсэн эхнэр, есөн настай хүүтэйгээ Булганы аймгийн Дашинчилэн сумаас Эрдэнэт орохоор явах замдаа машин нь саатсан хэдий ч аз болоход машин эвдэрсэн газраас холгүйхэн өвөлжиж байсан Ядмаа хэмээх малчныд очиж, осгож үхэх аюулаас аврагджээ. “Pajero, Prado service”-ийнхэн, “Pajero challenger Mongolia off-road” хэмээх фейсбүүк группын залуустай хамтарч малчин залуугийн машиныг үнэгүй засч өгөхөөр болцгоож, хотоос хөдөлцгөөсөн нь энэ аж. Тэд өнгөрсөн бямба гаригийн үүрээр зорьсон газраа хүрч, эвдэрсэн машиныг засчихаад уржигдар шөнө хотод иржээ. Фейсбүүк группынхээ залуусыг төлөөлж малчин залууд тус хүргэсэн “Pajero challenger Mongolia off-road” хэмээх фейсбүүк группын санаачлагч Н.Болор “Урд хойд дугуй нь зуураад хөдөө таг гацчихсан залууд туслах санал гаргасныг группын залуус бүгд дэмжсэн. Зарим нь түлшиндээ нэмэрлэ гэж мөнгө хүртэл өгсөн. Ингээд өнгөрсөн баасан гаригийн 17 цагт Улаанбаатараас мицибуши челенжер, мицибуши пажеро маркийн хоёр машинтай, Б.Баянмөнх, Х.Эрдэнэбаатар нартайгаа гурвуулаа гарсан. Машин нь яагаад эвдэрсэн гэхээр мөстсөн нарийн гол дээгүүр явтал мөс нь цөмөрсөн байгаа юм. Гол таг хөлдчихөлгүй ёроолоороо урсаж байсан гэсэн үг. Голоо гатлангуутаа зогсож, ачааны татлагаа чангалчихаад хөдлөх гэтэл урд хоёр дугуй нь зуурчихаж. Зуурсан хэдий ч дугуй эргээд байсан учраас мэдэлгүй хэсэг газар явтал бүр таг гацчихаж. Уг нь бол өвлийн цагт гол гаталсан бол дор хаяж 200 метр орчим газар явж байгаад зогсвол дээрх эрсдэл гарахгүй. Бид зуурсан мостыг нь янзалж, моторын севчээ, зарим утаснуудыг сольсон. Бид машиныг нь засчихаад өчигдөр үүрээр хотод ирцгээсэн” гэсэн юм.

Тус “Pajero challenger Mongolia off-road” групп 1890 гаруй гишүүнтэй бөгөөд группээрээ дамжуулаад бид гишүүдийнхээ дунд аялал, уралдаан тэмцээн зохиохоос гадна машин тэргээ засч янзалах тал дээр нэгэндээ зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *