Categories
мэдээ улс-төр

СЕХ АН-ын захиалгаар ажиллаж байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийв.

Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хорооноос Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн саналдаа сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хязгаар, мандатын тоог хуучнаар нь буюу 2008, 2012 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баримтлахаар болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн хуульд заасан хүн амын тоо, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан тойргоос сонгогдох 48 мандатын 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогдох санал ирүүлсэн. Гэтэл өнөөдөр АН-аас СЕХ-нд үүрэг даалгавар өгч сонгуулийн тойрог, мандатын тоог өөрчлөх асуудлыг ярьж байгааг дэмжихгүй гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Ингэснээр нийслэлд 22, орон нутагт 26 мандат оногдох бөгөөд нийслэлийн дүүргүүд 2-5 мандаттай болж, алслагдсан, хил дагасан аймгууд нэг мандаттай болохоор байгаа аж. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг УИХ-д нэг мандаттай болох магадлалтай байна.

С.Бямбацогт хэлэхдээ “Эрх баригч АН-ынхны өөрчлөх гэж байгаагаар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *