Categories
булангууд мэдээ өд-бэх

Муухай барам

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Лувсангийн Одончимэдийн шинэ бүтээлээс хүргэж байна. Тэрээр “Ээжтэй орчлонгийн наран”, “Хоржоонтой дурсамж” тэргүүт зургаан боть бүтээлээ уншигч олондоо хүргэсэн юм.

Тамганы найрнаас бүлэмцүүхэн мордсон Нэрэндоо гэртээ яаж очихыг өөрөөс нь илүү мэдэх ижилдэн дассан хээр мориныхоо эрхэнд жолоогоо даатгаад дуу ч юм уу, маань мэгзэм ч юм уу нэг юм амандаа гүвтнүүлэн гэлдрүүлж явлаа. Аравдын шаргал сар цайвар туяагаараа орчлонг гийгүүлээд баруун хярын дээхнэтэй асар том зул бадамлах мэт мэлтийнэ. Уул нь сартай байхад гэр лүүгээ дөхчихье гэж бодон өнгөлзөж суусан ч мордохын молор хундага, отголсон тамгын хувь, ирэх жилийн айргийн ерөөл гэж элбэг найрын дугараанд шахуулсаар жаахан оройтжээ. Нэрэндоо “Сар гэдэг ер нь янзын барам шүү. Гийж байхдаа хөдөлж шилжиж байгаа нь мэдэгдэхгүй мөртлөө шингэх дөхөөд ирэхээрээ унтарч байгаа чийдэн шиг улам улайсаар доошоо ойчиж байгаа юм шиг хурдан далд ордог” хэмээн бодоод гэдэс гүзээ нь эмээлийн бүүргэнд шахагдсанаас золтой л гулигуулчихалгүй, хааяа нэг хэхрүүлж явна. Бас ирэх зунтай золготол ийм сайхан араанд тос амтагдсан айраг хамар амаараа сэнгэнэтэл хэхрүүлэхгүй дээ хэмээн харуусч бодсоноо хүн мэдчихвэл заваан бүдүүлэг гэж хэлнэ дээ гэж бодоод ганцаараа яваа мөртлөө ичих шиг эргэн тойрноо ажиглах янзтай харна. Хээр мориноос нь өөр хэн байх билээ. Сар баруун хярын цаагуур ороход харанхуй нөмөрч сэрүү татаж эхэллээ. Жаахан шогшуулдаг юм билүү гэж бодон морио давирч үзвэл, чиний наад айраг бялхсан ходоод гэдэс чинь цал цүл зайлагдаад, задгайлж орхисон энгэр заамаараа хамаг юмаа гээчихнэ гэсэн шиг огт тоохгүй сажилна. Намайгаа элэг бариад явахгүй болжээ, муухай барам чинь.

Морины хөлд өндөр дэрс орооцолдон, шажигнаж нүүр нүд рүү хатсан өвс үсчиж өлөн тоос ханхлаад эхлэх нь “Цагаан хоолой” руу орж ирж байгаа юм байна. Мөн ч өнтэй сайхан нутагсан. Биднийг багад энэ дэрснээс тэмээний бөх, толгой л харагддагсан. Даанч өвөлжөө бууц байхгүй, айл огт буудаггүй нутаг. Нэгдэл нийгэм гэж анх байгуулагдахад адуучдыг ийш нь нутаглуулах гээд бараагүй л юм даа. Эртнээс хүн тавьдаг байсных биз. Сүрэг сүрэг зээр л дэрсэн дотроос хуйлраад гарна. Нутаглуулсан хүний гүрцэгний даавууг урж, хөсрий ясыг нь мэрж долоож байгаа нь тэр. Зээр их хужиршдаг амьтан гэж ээжийг хэлэхэд нь хүний хүүр иддэг зээрийн махыг бид иддэг юм байна гэж бодоод дотор эвгүй оргидогсон. Одоо ч ямар ил тавих биш. Гэхдээ “Цагаан хоолой”-н дэрсэн дотуур шөнө байтугай өдөр явахад заавал нэг шарил марил санаанд ордогсон. Нээрээ тийм. Гэнэн Думаа гэж ганц бие хөгшнийг нутаглуулсан чинь өндийгөөд суучихсан үс нь хийсч байсан. Дараа нь бүлтэн Ням гуайг үүгээр явж байтал сэгсийсэн үстэй шалдан чавганц туулгаад мориных нь сүүлнээс атгаж тавьж байсан гэж ярьдагсан. Сонсоход эвгүй барам шүү.

Нэрэндоо, бодолдоо гүнзгий автаж, дээр үед нээрээ чөтгөр шулам гэж байсан юм болов уу гэсэн шүү юм санаж явтал гэнэт чанх хажууд нь бүдэгхэн хөх гэрэл гарч морь нь буруу тийшээ бусгаад золтой л ойчсонгүй. Номхон хээр нь хоёр чихээ солбиж хамраа тачигнуулах ийм номхон амьтнаас гармааргүй догшин сүртэй гэж. Анивчсан хөх гэрлийн тэндээс бас нялх тугал мөөрөх шиг бүдэгхэн дуу сонсдоно. Эргэн очоод үзмээр санагдсан ч морь нь үргээд, бас өөрөө ч жаахан зэвүүцээд дөрөөн дээрээ өндийж, ташуур өгч ергүүллээ. Ташуурдуулсан морь ч тайвширсан мэт сэвэлзүүлнэ.

…Айхад аргал хөдөлнө гэдэг. Би хий юм үзлээ гэхэд энэ адгуус яагаад үргэв. Юун муу ёрын сүүдийсэн хөх гэрэл, бас юун дуу вэ. Хүн тавиагүй удсан болохоор одооны хүүхдүүд бол энэ тухай төсөөлөх ч үгүй биз. Гүйдэл мүйдэл гэж сонсогдохоо больж мартагдсан цагсан. Муу мотоцикльтойгоо явсан бол гэрэл тавиад харахгүй юу. Ядахдаа нүх шиг харанхуй болчихлоо, барам чинь.

Нэрэндоог харихад сургуулийн хүүхдүүд нь сум руу буцчихсан эл хуль ханхай гэрт гэргий нь хараахан хажуулдаагүй хүлээж байлаа.

-Найр сайхан болов уу, яасан их оройтов?

Бодлоос нь хөх гэрэл салаагүй Нэрэндоогийн амнаас олигтой хариу гарсангүй. Зуухны хажууд байсан данхтай зэлгээн цайнаас аягалж балгаад араас нь нэг юм орж ирэх юм шиг үүд рүү харна. Гэргий нь гарч эмээлийг нь авч мориных нь нуруунд өлөн шороо түрхээд орж ирэв.

-Морио усан хулгана болтол яасан их давхисан юм хэмээн асуух зэмлэхийн завсар өгүүлэв. Дээлээ ч тайлахгүй суусаар байгаа Нэрэндоог гайхаж харснаа:

-Чи чинь одоо бүлх залгичихсан юм шиг яагаад чимээгүй суугаад байгаа хүн бэ, бие чинь зүгээр үү, согтчихсон юм уу. Хүүхдүүдийг Дэрэмийн пургоноор явуулчихсан. Дэрэмд бензинд нь нэмэр гэж хэдэн төгрөг өглөө. Бага нь их л дурамжхан явсан гэж ганцаараа баахан ярьснаа би морийг чинь тавьчих уу гээд гарлаа. Нэрэндоо халуун савтай цай, аягалж тавьсан хоолноос ч амссангүй. Орондоо орсон ч дуугарсангүй буруу хараад хэвтлээ. Цагаан хоолойн дэрсний хөх гэрэл түүний нүдэнд харагдана, бас тугал мөөрөх шиг дуу сонсдоно. Мөн хачин барам юм даа. Одоо болтол чөтгөртэй л байгаа хэрэг үү. Цогзолд хэлэх үү, байх уу. Нэг л хүн сонсвол нутаг усаар бөөн шуугиан болно. Нэрэндоо чөтгөр үзсэн гэнэ. Дээр үед хөх гэрэл гардаг байсан. Одоо бүр анивчаад дохиод байдаг болсон гэнэ. Тэгээд үхэр шиг мөөрдөг. Нэрэндоогийн хойноос хөөгөөд усан хулгана болтол зугтааж хээр мориныхоо хөлийн хурдаар холдож салсан гэнэ. Цагаан хоолойн дэрсээр бүү яваарай, та минь гээд л цуурч гарна даа. Аягүй бол цагдаа сэргийлэх болж, чухам хаана байсныг зааж өг гээд дагуулж явах хэрэг мандана. Багаасаа хөндлөн гулд давхисан болохоор багцаа ч байна аа. Тэгээд юу ч олдохгүй. Эцэстээ “чөтгөр” Нэрэндоо нэртэй өвгөн болж, манайх гэдэг хүн ордоггүй айл болно. Хүүхдүүд ч амар заяа үзэхгүй. Ерөөсөө больё, тас нууя муухай бармыг. Нуулаа гэхэд юу нь хорогдох билээ. Би л түүгээр явахаа боливол барж.

Үүнээс юу ч асуугаад нэмэргүй, өглөө л ярья гэж бодож хэвтсэн Цогзол ч намуухан хурхирч эхлэв. Нэрэндоо ч айраг, архиныхаа ааганд цохиулаад тэгсгээд дугхийжээ. Шөнөжин гартаа хөх гэрэл барьсан шалдан хүүхнүүд гадаа нь ирээд “чөтгөр Нэрэндоо” гараад ир! гэж орилолдож байна гэж зүүдлээд олигтой унтаж чадаагүй Нэрэндоо үүрээр сэрж ойртож яваа машины дуунаар гэрээс гарлаа.

Морь ачдаг өндөрлөгтэй машинтай нутгийн хэдэн залуус тамганы найрнаас сая л салсан бололтой дуу шуугиан болсоор гадаа нь буулаа. Тэдний дундаас “задгай шар” хочтой Лхамаа гэгч уяач:

-Нэрэндоо гуай та нэг чухал юмаа хаясан байна даа. Шагнавал эргүүлж өгнө хэмээн хашгичиж байв. Нэрэндоо ч нэг их юм ч бодсонгүй. Ганц шил юм горьдож байгаа хэрэг, муухай барам гэж бодлоо.

-Орцгоо хүүхдүүдээ гээд гэр рүүгээ явлаа. Энэ яриаг сонссон Цогзол тэднийг оронгуут:

-Нээрээ чи чинь хөөргөө яасан хүн бэ гэлээ. Нэрэндоо хөөрөгтэй явснаа сая л санаж, малгай бүс, хөнжил гудас, авдрын ар өврөөр жаахан хайлаа. Үүнийг харсан Лхамаа:

-Хөөрөг чинь энэ байна аа гэсээр түүний хоргой даалинтай их гарын манан хөөргийг гаргаж ирлээ. Нэрэндоо мэл гайхаж,

-Энэ чинь одоо миний л хөөрөг байна даа, алив гэхэд задгай шар:

-Цагаан хоолойн дэрснээс олсон юмаа, уртаашаа ганцхан борлонгоор шагнуулна гэж марзаганалаа.

-За за, өвөө нь төлөг өгнө өө гэсээр хөөргөө тосч аваад:

-Та нар чинь тэгээд харанхуй шөнөөр Цагаан хоолойн дэрсээр явдаг, тэгээд миний хөөрөг тэнд хэвтэж байдаг мөн хачин барам аа гэвэл, задгай шар хамт яваа нэг бандийгаа зааж,

-Манай энэ мануухай өчигдөр Тамганы найр руу явж байхдаа гар утсаа гээчихээд, бид шөнө найрнаас гараад ноймор луу нь залгаад л Цагаан хоолойн дэрсийг нэгжээд л байлаа. Гэтэл нэг хөх гэрэл сүүмэлзэнэ биз дээ. Очоод утсаа автал хажууханд нь энэ хөөрөг хэвтэж байхгүй юу, аваад үзвэл таных… ха ха. За, Доо ах ганц юм гаргачих, бид хэд явлаа. Гээсэн утсаа олж, Доо ахыгаа баярлуулж бас ганц шил юмаар шагнуулсан залуус бас л ха ха хэ хэ гэсээр хөдөллөө.

Нэрэндоо сая л тайвширч, чөтгөр шуламтай дайралдаж, айсан ичсэнээ Цогзолдоо ярьж санаагий нь зовоогоод бас хавийн амьтны элэг доог болоогүй өнгөрсөндөө ханцуй дотроо залбирч, тэр муу борлон зэрэг ч яамай. Үгүй, тэр муухай барам утсаа гээгээгүй бол яалаа гэж ингэж хөглөх вэ хэмээн бодож өчигдрийн цатгалдаад байсан сэнгэнэсэн айрагнаас одоо л хулаар нь залгилмаар санагдлаа. Цогзол авгай, айраг архины халуунд хөөргөө гээчихээд л хэлэх үггүй болоод дуугарч өгөхгүй байсан юм байж хэмээн бодоод гэмгүй сайхан ханиа өрөвдөж суулаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *