Categories
мэдээ улс-төр

М.Сономпилыг байнгын хорооны даргаар сонгов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудалтай холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс М.Сономпил гишүүнийг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.

М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь УИХ-ын гишүүн М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 81.2 хувийн саналаар М.Сономпилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *